Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт өнгөрсөн хавар Японоос хэсэг хүн ирж 30 гаруй сакура тарьсан юм. Зундаа хур бороо элбэг байсан болохоор нэг очиж үзэхэд аятайхан ургаж байсан. Харин саяхан үзэхэд хажуугаар нь ургасан өвсийг хадаж авахдаа ганцаас бусдыг нь хадуураад хядчихсан, доод хэсэг нь бүр хатаад ирэх жил ургана гэхэд итгэмээргүй болчихжээ.

Цэцэрлэгийн харуулаас энэ модыг харж ханддаг хүн байна уу гэхэд "Биднийг усалж байгаарай гэсэн юм. Зун бороо их орсон болохоор нэг их услаагүй ээ. Тэгээд ч усан оргилуурын тэндээс ус зөөх амаргүй юм байна лээ. Энэ хавийг Сүхбаатар дүүргийн ТҮК хариуцдаг. Цэцэрлэгч нь намар болж байгаа болохоор ирэхээ байсан" гэв. Энэ цэцэрлэгт тарьсан сакура нь 5 настай, 50-70 см өндөр, сайн арчилбал цаашид ургах чадвартай шүү гэж холоос сэтгэл, мөнгө заран байж тээвэрлэн авчирч суулгасан хүмүүс нь хэлж байсан болохоор харамсалтай санагдаж байна. Энэ сакураг тарих үед долоон буудалд, нэг айлын хашаанд бас тарисан гэж сонсон юм. Сурагласаар олж очвол айлд ч биш, Агро сургалт хоршооныхонд үрээр тарихыг зааж өгсөн юм байна. Хоршооны зөвлөх С.Чулуунцэцэг гуайн тарисан сакура 10-15- см өндөр, 4-5 навчтай болжээ. Тэрээр бас 2000 гаруй “монгол сакура” буюу буйлс, гүйлс хүлэмжиндээ үрээр үрүүлэн ургуулаад байгаа юм байна. Сакура хавар навчлахаасаа өмнө цэцэглэдэг, цэцэг цагаанаас ягаан болж нэг сарын турш цэцэгтэй байдаг гайхамшигтай үзэсгэлэнтэй ургамал юм. Монголын гүйлс, буйлснээс бас хавар эрт ягаан, цагаан цэцэг гарч 20 гаруй хоног сайхан өнгө, үнэрээрээ орчноо чимдэг байна.



Сакура ингэж цэцэглэхэд 10 жил шаарддаг.
Японы Ибараки суурингийн иргэн Канчи Намай, сакурагийн мэргэжилтэн Ишигава болон бусад хүмүүс хамтран Монголд сакура ургуулчих санаатай сүүлийн 3-4 жилийн дотор хэд хэдэн газар тарьсан. Сайншандад хоёр жилийн өмнө 130 гаруйг тарьснаас нэлээд нь говийн хатуу ширүүн байгальд зохицон нутагшиж чадаагүй. Тэсч үлдсэн ганц нэгийг нь хүн хулгайлаад авчихсан гэсэн. Өнгөрсөн хавар, Монгол дахь Японы ЭСЯ-ны хашаа, “Говь” компанийн хашаа, Увс аймийн Малчин суманд тарьсан. Малчин суманд нисдэг тэрэг хөлслөн аваачиж тарьсан сакура нь тус аймагт арав гаруй жилийн өмнө зудын гамшгийг сурвалжлах гэж яваад амь үрэгдсэн Японы сэтгүүлч, түүнээс хойш тэнд нэг хэсэг ажиллаж амьдарч байсан япон багш залуугийн дурсгалд зориулагдсан гэсэн. Харин ургаж байгаа эсэхийг мэдэж чадсангүй. “Говь” компаний захирал Ч.Баатарсайхан Японд боловсрол эзэмшсэн, сакуранд дуртай, түүнийг Монголд тарих хүсэлтэй хүн. Түүнтэй Улаанбаатарын Сакура ресторанд Монголд сакура ургуулах талаар мөрөөдөн ярилцаж байсан гэж Ишигава гуай ярьж байсан юм. Бас сумогийн их аварга Хакухо Даваажаргалын ээж сакура тарих гэж оролдоод чадаагүй гэсэн. Монгол дахь сакурагийн түүх товчхондоо иймэрхүү.

Эцэст нь энэ бүхнийг санаачлан, удаа дараа Монголд ирж байгаа Канчигийн талаар хэлэхэд түүнтэй би өнгөрсөн жил Японд танилцсан юм. Тэр арав гаруй жилийн өмнөөс эхлэн Монголд жил бүр, зарим жил хоёр ч удаа ирж байсан. Ингэхдээ мотоциклээ ачиж ирээд Хэнтий, Дорнот, Архангай, Дорноговиор хөлөглөн давхидаг гээд зөндөө зураг үзүүлж байсан. Тэр өөрийгөө олон монгол найзтай гэдэг. Түүний нэрийн хуудасны цомогт 500 гаруй монгол хүний нэрийн хуудас байдаг юм. Тэрбээр "Миний тарьсан сакура хэрхэн ургаж байгааг үзэж, зургийг нь явуулж байгаарай" гэсэн. Харамсалтай нь Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгээс л түүний сэтгэлийг баясгах гоё зураг явуулж чадахгүй болчих шиг болов.
Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэг ийм байв.
Харин одоо...




Сакура ингэж цэцэглэхэд 10 жил шаарддаг.


Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэг ийм байв.

Харин одоо...
Ж.Сэлэнгэ