Иргэд, аж ахуйн нэгжүүд есдүгээр сарын 10-наас дараа оны гуравдугаар сарын 10-ны хооронд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хуш модны самрыг бэлтгэх боломжтой. Гэвч иргэд самар түүхийн тулд хуш модыг ихээр гэмтээх болжээ.
Үүнтэй уялдуулан Экологийн цагдаагийн алба, Дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын захиргаатай хамтран "Ой модоо хайрлая" аяны хүрээнд нийслэлийн ногоон бүсэд хийсэн хяналт шалгалтын ажлыг өнөөдөр зохион байгуулжээ.
Энэ үед иргэд ойн дагалдах баялаг болох самрыг түүхдээ модны бөөрөнд хүчтэй цохиж, "мунадах" зэргээр модны холтсыг гэмтээсэн зөрчил их илэрсэн байна. Холтос гэмтвэл мод хамгаалалтгүй болж гаднын биет, хорхой шавьж, мөөгөнцөр үржиж, модны насжилтыг багасгадаг байна. Мөн “Ойгоос хуш модны самар бэлтгэж, ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” тушаалд заасан бүсээс бэлтгэх учиртай байдаг. Үүнд, үйлдвэрлэлийн зориулалтаар ой бүхий найман аймгийн 25 орчим сумаас, ахуйн зориулалтаар 10 аймгийн 38 сум, нийслэлийн ногоон бүсээс түүж бэлтгэх тушаал гарсан. Зөрчлийн тухай хуульд зааснаар зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг ашигласан бол иргэнд 300 нэгжийн, харин аж ахуйн нэгжид 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ авдаг.
Мөн хууль бусаар түүсэн самар жимс, ашигласан техник тоног төхөөрөмжийг улсын орлого болгохоор заасан байдаг билээ.
Сэтгэгдэл (1)