Баримт 1.
Д.Дамба-Очир Сэлэнгэ аймгийн Бумцэндийн нэрэмжит 10 жилийн дунд сургуулийг 1981 онд, хойно Одесс хотын Политехникийн дээд сургуулийг автоматжуулалтын инженерээр 1986 онд тус тус төгсчээ. Одессоос ирснийхээ дараа “Очир төв” компанийг үүсгэн байгуулж, 2000 оныг хүртэл хувийн хэвшилд ажилласан байна. Улмаар 2000 онд УИХ-ын гишүүн асан Х.Наранхүү уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилоход Худалдаа эрхэлсэн захирлаар очиж 2005 оныг хүртэл ажиллажээ.
Баримт 2.
Энэ үедээ Орхон аймгийн МАН-ын хорооны дарга болж, 2008 оны сонгуульд УИХ-д нэр дэвшин сонгогджээ. Д.Дамба-Очирыг үргэлж дагадаг нэг асуудал нь Төв аймаг дахь Лүнгийн зам. Тэрбээр анх 2006 онд Улаанбаатар-Лүн чиглэлийн 106.2 километр замын тендерийг нууцлаг байдлаар авч, Лүнгийн замын түйрэн болтлоо нэр холбогдсон байдаг. Үүсгэн байгуулсан “Очир төв” компани нь Лүнгийн замын 21 тэрбум төгрөгийн тендерийг авснаасаа хойш 10-аад жил барьсан урт удаан хугацааны түүхтэй.
Баримт 3.
Анх уг замын ажлыг 2008 оны арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулахаар гэрээлсэн байдаг. Тухайн үед улсаас эргэн төлөгдөх нөхцөлтэй буюу гаргасан мөнгөө 3-4 дахин нугалж олдог концессийн гэрээ байгуулан орсон гэдэг. Тендер нь олон улсад нээлттэй байсан ч олон жил хэл ам дагуулсан чанаргүй зам барьдаг “Очир төв” компани хэрхэн өрсөлдөж, ялсан нь одоо ч маргаан дагуулдаг. Энэ тухайгаа тэрбээр “Энэ хямралтай цагт, зээл олгохгүй байгаа ийм хүнд үед бүхэл бүтэн 123 километр зам барьж дуусгана гэдэг амар ажил биш. Гэсэн ч манайхан дийлэнхийг нь хийчихсэн.
Баримт 4.
Одоо 20 километр замын асуудал л байна. Замын ажил улирлын чанартай болохоор одоо түр зогссон. Намайг зам барих мөнгийг аваад идчихсэн, сонгуульдаа ашиглачихсан мэтээр ярьдаг. Өнөөдрийг хүртэл бид ганц л зүйлийг хариуцлагатай мэдэгдэж байгаа. “Очир төв” компани замын ажил гүйцэтгэсэн мөнгөө улсаас аваагүй байгаа. Өөрийн хөрөнгөөр барьж байгаа, бүх ажил дууссаны дараа санхүүжилтээ нөхөж авах хууль дүрэмдээ захирагдаж байгаа шүү. Бид нийт тавьсан замын ажилдаа 16 тэрбум төгрөг зарцуулчихсан байгаа” хэмээн ярьж байжээ.
Баримт 5.
Түүний хувьд хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа мэдээлэлд ойр байдлаа ашиглан ЖДҮ-ээс бага хувийн хүүтэй зээл авч, иргэдэд очих боломжийг хулгайлсан гишүүдийн нэгээр тодорсон юм. Өдөр тутмын сонинуудын Эрэн сурвалжлах нэгдлээс дэлгэсэн баримтаар тэрбээр “Сапфир стоун” ХХК-ийн төслийг дэмжүүлж, санхүүжилтэд багтаахаар ХХААХҮ-ийн сайдад ханджээ. Ингэхдээ нь зээлийн гэрээ байгуулах үед барьцаа хөрөнгө тавихгүйгээр санхүүжилт авах зорилгоор ЖДҮХС-гийн зарим албан тушаалтанд хууль бусаар нөлөөлж байсан тухай бид хэдийнээс мэддэг болсон.
Баримт 6.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын гэх хоёр компанийн нэрийг сайд нь ЖДҮХС-гийн захиралд өгчээ. Ингэхдээ “Дамба-Очир гишүүнтэй яриад уулзаарай” гэсэн байна. Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа эхлээгүй, төслийн материалуудыг хүлээж авч дуусах үеэр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын Ажлын албанаас ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү утсаар ярьж “Дамба-Очир гишүүн ирж уулзаач гэж байна” хэмээжээ. Үүний дагуу ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг Төрийн ордонд очиж эрхэм гишүүний өрөөнд орж уулзсан байна.
Баримт 7.
Ингэхэд Д.Дамба-Очир “Хоёр материал хүргүүлсэн. Сайдад чинь хэлсэн. Сайд чинь мэдэж байгаа. Буруу дутуу зүйл байвал чи өөрөө үзэж хараад надад мэдэгдээрэй. Би чиний даргын дарга шүү” гэжээ. Д.Дамба-Очир гишүүний хэлсэн хоёр компанийн нэг нь “Сапфир стоун” ХХК байсан байна. Мөн тэрхүү хоёр компанийн нэг нь уул уурхайн олборлолт хийж, нөгөөх нь олборлосон чулуугаар нь бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах төсөл байжээ. Дараа нь төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа ид явагдаж байх үед Д.Дамба-Очир гишүүний Ажлын албанаас ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгтэй дахин холбогдож “Ирж уулз” хэмээн дуудсан байна.
Баримт 8.
Тухайн үед Д.Дамба-Очир гишүүний “захисан” хоёр компанийн нэг нь сонгон шалгаруулалтаар хасагдсан тул ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг эмээгээд очоогүй аж. Гэтэл гишүүн Д.Дамба-Очир ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү “танихгүй” дугаараас залгаж, утсаа авахад нь “Дамба-Очир байна” гээд араас нь “Сайдтай чинь ярьчихсан. Сайд чинь болно гээд байхад та нар дээр очоод яагаад болохоо больчихоод байгаа юм бэ” гэж хашхирч загнаад сүйд болсон байна.
Баримт 9.
Тэрбээр хариу ч сонсолгүй “Болгоорой, бүтээгээрэй” гэчихээд утсаа салгажээ. Гэсэн ч Д.Дамба-Очирын хоёр компанийн нэгийг Төсөл сонгон шалгаруулах комисс нь санхүүжилтэд багтаах боломжгүй гээд хасаж шийдвэрлэжээ. Харин “Сапфир стоун” ХХК нь “дээрээс” чиглэлтэй байсан тул дэмжлэг авч, санхүүжилтэд багтсан байгаа юм. Төслийн сонгон шалгаруулалт явагдсаны дараа “Сапфир стоун” ХХК-ийн захиралтай хамт н.Батжаргал, мөн өөрийгөө Д.Дамба-Очир гишүүний зөвлөх гэж танилцуулсан залуу ЖДҮХС дээр очсон байна.
Баримт 10.
н.Батжаргал гэдэг хүн нь “Манайхаас хоёр төсөл өгсөн ч нэг нь шалгараагүй. Ийм учраас шалгарсан нэг компанийнхаа төслийн санхүүжилтийг хамгийн түрүүнд авна” гэжээ. Хууль журмын дагуу сайдын тушаалд нэр нь орж, санхүүжилт авах компаниуд барьцаа хөрөнгийн шаардлага хангаж байж санхүүжилтээ авах ёстой байв.
Баримт 11.
ХХААХҮ-ийн сайдын 2018 оны тавдугаар сарын 14-ний А/88 тоот тушаалд багтсан “Сапфир стоун” ХХК ч энэ журмын дагуу барьцаа хөрөнгөө тавих учиртайг ЖДҮХС-гийнхан хэлээд бүрдүүлэх материалын жагсаалтыг тэдэнд өгчээ. “Сапфир стоун” ХХК-ийнхан “Очир төв” ХХК-ийн Орхон аймаг дахь үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих санал ирүүлсэн байна. Гэтэл тухайн үл хөдлөх хөрөнгүүд нь “Голомт” банкны барьцаанд тавигдчихсан байж. Түүнчлэн тухайн үл хөдлөх хөрөнгүүдийнхээ гэрчилгээний хуулбар хувь, нотариатаар гэрчлүүлсэн баримт зэргийг авч ирэхгүй байсан гэх. Тиймээс ЖДҮХС-гийнхан “Сапфир стоун” ХХК-тай гэрээ байгуулахаас татгалзжээ.
Баримт 12.
Тэгэхэд нь Б.Батзориг сайд ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт “Дамба-Очир гишүүн яриад байна. Хурдан шийдээд өгөх арга бий юү. Наад хүн чинь Эдийн засгийн байнгын хорооны дарга. Манай яамтай холбоотой олон асуудлыг шийддэг” гэж хэлжээ. Бас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Ажлын албаараа дамжуулан ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийг дахиад “Ир” хэмээн дуудсан аж. Очоод уулзахад нь “Сайдтай чинь тохирсон.
Баримт 13.
Би өөрөө арыг нь даана” гэжээ. Тэгэхэд нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг ажил дээрээ очоод уг зээлийн гэрээг хариуцсан хэлтсийнхээ даргатай зөвлөлдөөд Д.Дамба-Очирын УИХ-ын гишүүний албан бланк дээр “Хариуцлагыг хүлээнэ” гэж бичүүлж авъя гэж шийдэж. Энэ талаар “Сапфир стоун” ХХК-ийн асуудлаар тус сан дээр очсон н.Батжаргалд хэлэхэд удалгүй Д.Дамба-Очир гишүүний гарын үсэг, тамга тэмдэг бүхий албан бичиг аваад иржээ. Гэхдээ тэр нь скайнердсан бололтой, илт хуурамч харагдсан тул тэр бичгийг нь хүлээж аваагүй аж. Дахиж яваад албан ёсны бичиг авчирч өгөхөд нь гэрээг байгуулж, санхүүжилт олгожээ.
Баримт 14.
Ингэж дахин бичиг авчрахдаа н.Батжаргал нь “Энэ албан бичиг хэзээ ч ил гарах ёсгүй шүү гэж Дамба-Очир гишүүн өөрт чинь хэлүүлсэн” гэж хэд хэдэн удаа сануулсан гэнэ. Барьцааны тухайд сүүлд нөхөж тавьжээ. Ингэж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийг ЖДҮХ-гаас авсан байдаг юм. Сүүлд нь юу болсныг олон нийт мартаагүй нь лавтай. Хууль хяналтын байгууллагаас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг ЖДҮ-гийн хэрэгт яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулсан. Харин УИХ түүнийг авч үлдсэн билээ.
Баримт 15.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шалтгаанаа тайлбарлахдаа “Дамба-Очир гуай, та өөрийнхөө компанийг дүүдээ шилжүүлсэн юм байна лээ. Тэр хүн чинь М гэдэг хүнтэй хамтран уул уурхайн үйлдвэр барина гээд ЖДҮХС-гаас зээл авсан. Зээлийнхээ талыг уул уурхай руугаа хийсэн. Талыг нь нөгөө хүмүүстэйгээ нийлээд олон зүйлд ашигласан. Дамба-Очир гуай та зээл аваагүй гэж тайлбарлаж болно. Гэхдээ яаж ч харсан ийм л асуудал байгаа” гэж байв.
Баримт 16.
Мөн “Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой юм. Хаана байна тэр шударга ёс. Хууль ёсыг дээдлэнэ гэсэн үндсэн зарчимтай энэ УИХ чинь хүмүүсийг яагаад журмынх нь дагуу шалгуулж болдоггүй юм бэ. Өнөөдөр "УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэхгүй шалга л даа" гэж байна.
Баримт 17.
Гишүүнийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах, жирийн иргэнийг шалгах хоёр тэс өөр. Жирийн иргэн болох дээрх сангийн эрхлэгч нь өнөөдөр цагдан хоригдчихсон байна. Шийдвэр гаргасан хүн болох УИХ-ын гишүүн нь одоо чуулган дээрээ сууж л байна ш дээ. Энэ чинь шударга ёс мөн юм уу. Шударга ёсны төлөө би саналууд оруулж ирж байна" хэмээн бухимдаж байв.
Баримт 18.
Харин гишүүн Д.Дамба-Очир “Би ямар ч зээл аваагүй. Би тэр тусмаа манай гэр бүлийнхэнтэй хамааралтай ямар ч компани ЖДҮ-гээс зээл аваагүй. УИХ-ын гишүүний хувьд тойргийн компани, аж ахуйн нэгжийг дэмжиж, туслах үүрэгтэй. Тэр үүргийнхээ дагуу Эрдэнэт хотынхоо компанийг дэмжих бичиг гаргаж байсан. Тэр бол миний болон манай гэр бүлтэй ямар ч хамааралгүй. Ер нь бол 40 гаруй гишүүн тодорхой компаниудыг дэмжих бичиг гаргаж байсан. Үүнийг надтай нялзааж байна” гэсэн тайлбар өгч байлаа.
Баримт 19.
УИХ-аас томилсон Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг парламентаар хэлэлцэхээс өмнө Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Д.Дамба-Очир гишүүн Оюутолгой компанид өгсөн тухай мэдээлэл хэсэгтээ шуугиан тарьж байлаа. Хэдийгээр нууцаас гадуурх мэдээлэл гэж тайлбарласан ч УИХ-аар хэлэлцсэний дараа, Оюутолгой компанийнхнаас хариу тайлбар авах ёстой атал төрийн түшээ тэр дундаа Эдийн засгийн байнгын хорооны даргын дүгнэлт хүргүүлсэн нь зохимжгүй үйлдэл байсан юм.
Баримт 20.
Оюутолгой компанийнхнаас хариу тайлбар авах нь зөв байж болох ч түүний энэ үйлдэл өөрийг нь болоод УИХ-ыг нийгэмд муухай харагдуулсан нь энэ. Тэгээд бүр албан бичиг явуулсан эсэхээ “мэдэхгүй” хэмээн мэдэн будилсан нь түүнийг бүр ч зохисгүй харагдуулж байлаа.
Баримт 21.
Уг асуудалтай холбогдуулж, МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, Д.Дамба-Очир гишүүнд хариуцлага тооцож, улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан байдаг. Энэ талаар Д.Дамба-Очир “Оюу Толгой компани Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар албан ёсоор тайлбар өгөх хүсэлт ирүүлсний дагуу явуулсан. Энэ бол Байнгын хорооны өдөр тутам явагддаг л үйл ажиллагаа.
Баримт 22.
Энэ МАН чинь коммунист нам болчихсон юм уу. Хяналтын ерөнхий хорооны дарга дуудаж авчраад намаасаа хөөдөг болчихсон юм уу. Нэртэйгээр нь УИХ-ын гишүүнээс болон намаасаа хөөчих. Оюу Толгой компаний холбоотой асуудлаар Тагнуулын ерөнхий газраас ямар ч хууль зөрчсөн үйлдэл алга гэж мэдэгдсэн. Би МАН-д 1986 онд элссэн. Хяналтын хороо шийдвэрээ эргэж харах байх гэж бодож байна” хэмээн эгдүүцэж байв.
Баримт 23.
2016 оны сонгуулиар Орхон аймгаас сонгогдсон гишүүн Д.Дамба-Очир өнгөрсөн хугацаанд Дундговь аймгийг тойглож, услаад байв. Үүгээрээ тэрбээр энэ сонгуулиар Дундговьд нэр дэвшинэ гэдгээ бараг л зарлачихсан юм. Дундговь бол түүний аав, ээжийн нутаг юм гэдэг. Гэвч Дундговь аймаг Сү.Батболд нэр дэвшсэнээр Д.Дамба-Очир гишүүн тойроггүй хоцорсон байдаг.
Баримт 24.
УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир 420 саяар үнэлэгдэх 3 орон сууцтай. Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээр түүний орлогын хэмжээ 2015 онд 688 сая байсан бол 2017 онд 24 сая болж 28 дахин буурсан байдаг.
Сэтгэгдэл (42)