Латин америкийн Венесуэлд болсон ерөнхийлөгчийн сонгуулиар өнөөгийн ерөнхийлөгч Николас Мадуро нийт сонгогчдын 90 хувийн санал авч яллаа хэмээн тус улсын Сонгуулийн хороо мэдээллээ. Мадурог 5,8 сая хүн дэмжсэн бол түүний өрсөлдөгч Энри Фальконы төлөө 1,8 сая хүн саналаа өгчээ. Фалькон, АНУ-ын төрийн департамент, Чили, Аргентин улсын ерөнхийлөгч нар сонгуулийг ардчилсан бус болсон хэмээн шүүмжилж байна. Мадуро энэ өвөл тангараг өргөж Боливарын бүгд найрамдах Венесуэл улсыг дахин жил удирдана.
Уго Чавесыг нас барснаас хойшхи таван жилийн хугацаанд эдийн засаг нь унан, ард түмний нь амьдрал улам доройтож байгаа Венесуэл өнөөдөр ямаршуухан байна вэ.....
Венесуэлийн нөхцөл байдал, эдийн засгийг хямралтай байна гэж болно. Эдийн засгийн үзүүлэлтүүд нь улам унасаар байгаа. Гадаад өр нь нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүн хомсдон, дотооддоо тогтворгүй байгаа нь энэ бүхний илрэл. Ер нь төрийн эрхийг 1999-2013 онд 14 жил барьсан Уго Чавесыг 2013 онд нас барснаар энэ улсын улс төр, эдийн засгийн сэргэн мандал эцэс болсон гэж болно. 2002 онд тус улсад ядуурал 49 хувь байсан бол 2011 онд 29 хувь болж буурч байж.
2013 оны арваннэгдүгээр сард Мадуро электрон барааны сүлжээ дэлгүүрүүдийн эзэд, ажилтнуудыг баривчиллаа. Цэрэг, цагдаагийн тусламжтайгаар бараа бүтээгдхүүнийг ердийн үнээс нь 10 хувь хямдруулан заруулав. Иргэд хямд бараа руу хошуурч эмх замбараагүй байдал үүсэн цагдаагийнхан хүчрэхгүйгээс дэлгүүрүүдийг дээрэмдэж эхлэв.
Улмаар 2014 он гэхэд инфляц 62,2 хувьд хүрлээ. 2015 он гараад ч нөхцөл байдал сайжирсангүй. 2016 онд нефтийн үнэ унаснаар бүрч дордож, эдийн засаг-улс төрийн хямрал нүүрлэлээ. Дотоодын нийт бүтээгдхүүн нь долоон хувь унаж дэлгүүр худалдааны газар дараалалд дарагдлаа. Эрчим хүч, усан хангамж тасалдав. Эдийн засгийн хямрал улам гүнзгийрч ерөнхийлөгч Мадуро бүх нийтийн санал асуулга явуулахаас татгалзсанаар томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөлөө. Сөрөг хүчнийхэн Мадуро, түүний өмнөх Уго Чавес хоёрыг буруутгаж, харин Мадуро улсынхаа элитүүдийг буруутгаж байв.
Венесуэлийн орлогын ганц эх үүсвэр нефтийн үнэ унасаар тус улс эдийн засгийн гүн хямралд орох нь тэр.
Оросын Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн дэлхийн судалгааны салбарын профессор Збигнев Ивановский “Венесуэл их мөнгөтэй байх үедээ “хар өдөр” тохиоход хэрэглэх нөөц хадгалж байгаагүй, эдийн засагтаа хөрөнгө оруулж байгаагүй. Энэ мөнгийг зүгээр л нийгмийн асуудал шийдэхийн тулд цацаж байсан. Одоо дэлхийн зах зээл дээр нөхцөл байдал өөрчлөгдөөд ирэхэд Венесуэль мөнгөгүй, гадаад өрөнд идэгдсэн улс болж хувирлаа” гэж дүгнэж байна.
Ер нь өнөөдөр Латин Америкт хэрэгжүүлээд байгаа XXI зууны социализм гэдэг улс төр эдийн засгийн бодлого үр дүнгүй, явцгүй болох нь харагдаж байна.
Венесуэлийн эдийн засаг бүр нефтийн үнэ унахаас өмнө муудаж эхэлсэн гэж болно. 1996 онд нефтийн компаниудыг улсын мэдэлд авахад харьцангуй тогтвортой болж мөнгөжсөн ч дэд бүтэц, нийгмийн хөтөлбөрүүдэд зарснаас биш аж үйлдвэртээ зарцуулаагүй. 2014 оноос нефтийн үнэ унаж эхлэн тус улсын экспорт бараг гурав дахин буурч, мэдээж импорт нь багассан.
Валют орж ирэх урсгал хумигдсанаас улсын төсөв хоосорч үндэсний мөнгөн тэмдэгт боливарын ханш унаж эхлэх нь тэр. 2017 оны гуравдугаар сар гэхэд венесуэлчүүд хөрш Колумб улс руу зорчиж хүнс, эд бараагаа авдаг боллоо. Өмнө нь Венесуэлийн эдийн засагт бараг үгүй байсан, эд бараа бүтээгдхүүн хулгайгаар хил давуулах явдал хэд дахин өслөө. Мөнгө үнэгүйдэж эхлэв. Мадуро үүнийг шийдэх гэж 100 боливарыг 500, 2000, бүр 20000 боливар гаргав. 20000 боливар гэдэг нь ердөө таван доллартай тэнцэнэ шүү дээ....
Иргэдийнхээ амьдралыг сайжруулна хэмээн Николас Мадуро жилд таван удаа цалин хөлс, нийгмийн халамжийг нэмэхээ зарлаж байна. Гэтэл иргэдийн худалдан авах чадвар улам муудаж, энэ хугацаанд бараа бүтээгдхүүний үнэ 500 хувь өсчихөөд байна.
Энэ улсад өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 60 ам.доллар байна. Харин инфляц 2012 оноос хойш 20 хувь байснаа 2017 оны дүнгээр 800 хувь болоод байна. Олон улсын валютын сан энэ улсын инфляци 1500 хувьд хүрэх нь гэж байна.
Улсынхаа гол салбар нефтийн салбарыг засгийн газар зөв удирдаж чадахгүйгээс нефть олборлох хэмжээ байнга буурсаар байна. Үндэсний үйлдвэрлэл нь өөрийгөө хангаж чадахгүй, импортын бараа хомсодсон зэргээс шалтгаалаад өргөн хэрэглээний барааны хомсдолд орлоо.
Энэ улсын хувьд инфляцийн өсөлт, тус улсын нефтийн үнэ өсөх эсэх нь хөрш АНУ-аас ихээхэн хамааралтай. 200 жилийн туршид Венесуэль АНУ-тай харилцаагаа хэвийн болгох гэж оролдсон. Энэ нь өнөөдөр ч үргэлжилсээр байна.
Уг нь АНУ венесуэлийн худалдааны түншүүдийн эхэнд бичигддэг. АНУ венесуэлээс өдөрт 750 мянган баррель нефть авдаг бол Хятад өдөрт 600 мянган баррелийг авч байна. Ер нь Бээжин бол Венесуэлийн бас нэг гол түнш. Энэ хоёр улсын бараа эргэлт 20 тэрбум долларыг даваад байна. Гэхдээ Венесуэлийн Хятадад төлөх өр 26 тэрбум доллар болоод байгаа.
Ийм байдлаар л байгалийн асар их баялаг, нефтьтэй Венесуэл улс өнөөдөр эдийн засгийн хямралд орчихоод байна. Хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа Николас Мадуро хойд хөрш АНУ-ын тусламжид найдсаар сууна. Шинжээчид болохоор Вашингтон өнөөдөртөө Венесуэлтэй худалдааны харилцаагаа өргөтгөчихгүй байх гэж байна.
Оросын moluch.ru сайтад судлаач Ф.И. Салпагарова бичжээ.
Сэтгэгдэл (2)