700 ГАРУЙ ДУУТАЙ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ
Монголын хөгжмийн зохиолчдын холбооны нэрэмжит шагналт, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Хөгжмийн зохиолч Дамдингийн Чулууныг монголын ард түмэн нэрээр нь бол бараг андахгүй дээ. “Өө, нөгөө гавьяат жүжигчин Т.Баясгалангийн дуулдаг “Чам руу л гэнэ дээ”, Х.Болормаагийн дуулдаг “Ачлаж чадлуудаа ээжийгээ”, мөн гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан, залуу дуучин Б.Болд, Э. Чулуунчимэг нарын хослон дуулдаг “Хос орчлон” дууны хөгжмийн зохиогч шүү дээ” гээд л танимхайрхаад ирнэ. Тийм ээ, түүнийг зарим хүн зүс царайгаар нь төдийлэн сайн мэдэхгүй байж болох ч, харин уран бүтээлээрээ бол аль хэдийнээ олны танил болно гэдэг уран бүтээлч хүмүүн болж төрсний нь нэг давуу тал билээ. Ойртсон хэнтэй ч болов нөхөрлөж чаддаг, зэрвэс харсан нэгэнд бол даруухан юм шиг атлаа сэтгэлийн багагүй хөдөлгөөнтэй нэгэн. Хаан хуур хөгжмийнхөө ард суухдаа, ёстой нэг хаахалзаж өгнө дөө. Заримдаа бас Гангар шаазанг хагартал тас тас хийтэл инээд алдах авай. Энэ бүхнийг нь түүний сэтгэлийн их хөдөлгөөний нь илрэл гэж хэлж болох. Тэрээр одоо Мон- Ген цогцолбор сургуулийн Гоо зүйн боловсролын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. Хөгжмийн зохиолч маань энэ сарын 13-ны өдрийн 19.00 цагт “UB palas”-ын концертын их танхимд монголынхоо бүх ээж нарт зориулж, “Амьдрал үүрсэн ээжий” хит дууны уран бүтээлийн тоглолтоо толилуулахаар завгүй их ажилтай байхад нь уулзаж, цөөн хоромд цагаас нь хумсалснаа уншигч олонтойгоо хуваалцму.
Аливаа хүн өөрийн төрж өссөн нутаг, усаа ярих дуртай байдаг. Өөрийн тань хувьд... ?
-Зарим хүмүүстэй адил тийм бууцанд, ийм бууцанд төрсөн гэж ярих юм байхгүй ээ, ердөө хажууханд байгаа, хуучнаар бол Налайх хот, одоогийн Налайх дүүрэгт Нохой жилийн хавар мэндэлсэн дээ. Харин аав маань Завхан аймгийн Дөрвөлжин, ээж маань Увс аймгийн Өмнөговь сумын хүмүүс байсан болохоор Завхан талдаа жаахан сүжрүүдүү гэж хэлж болно.
Мэдээж, Налайхдаа бага, дунд боловсрол эзэмшсэн байлгүй. Харин хөгжмийн боловсролыг хаана, хэрхэн эзэмшсэн бэ?
-Би ер нь багаасаа дуу хөгжимд жаахан дуртай нэгэн байсан юмуу даа, тухайн үеийн Багшийн сургуулийн хөгжмийн ангид орж суралцах завшаан тохиож, олон сайхан багш нараар хичээл заалгасан азтай нэгэн гэж өөрийгөө боддог. Баян хуур хөгжмийг анхлан заасан багш бол нөгөө алдартай “Амрагийн дуу”-ны эзэн Лха. Дорж байсан гээд л боддоо. За тэгээд Морин хуур хөгжмийг Цэдэн, Төгөлдөр хуур хөгжмийг Наранцэцэг, Баян хуур хөгжмийг С.Батаа, Ш.Бадарч багш нар маань үргэлжлүүлэн заасан даа. 1978 онд сургуулиа чамлахааргүй дүнтэй дүүргэлээ. Багш нарынхаа заасныг овоо боломжийн сурсан юм байлгүй, шууд багшаар авч үлдэх захирлын тушаал гарчээ. Гэтэл аав маань намайг эр хүн болгоно гээд цэргийн албанд явахыг бараг л тушаасан. Би ч бас дургүй биш байлаа. Яагаад гэвэл, хожмоо “Амьдралаа би чамд хайртай”, “Оюуннанаа бүсгүй” зэрэг олон сайхан дууны хөгжмийг зохиосон хөгжмийн зохиолч Ё.Сүхбаатар манай ангийнх. Тэр цэргийн алба хаагаад 3 дугаар курсээсээ орж суралцсан юм. Тэгээд цэргийн алба хаахын ач холбогдол хийгээд цэргийн албаны сайхны талаар биднийг амаа ангайтал ярьдаг байв. Энэ бүхэн ч нөлөөлсөн байх. Аавынхаа мотоциклийн ард суугаад одоогийн Баянзүрх дүүрэг дээр очсон юм. Тэгээд л шууд Тавантолгойн цэргийн дамжин өнгөрүүлэх бааз руу гараад өгөх нь тэр.
Тийм амархан цэрэг болчихов уу, аль ангид цэргийн албаа хаав даа?
-Аав нь өөрийн биеэр дагуулаад ирсэн, тэгээд дээр нь шинэхэн сургууль дүүргэсэн, тусгай мэргэжлийн хүнийг цэргийн албанд авахгүй гээд яахав. Барилгын цэргийн 030 дугаар ангид цэргийн албаа хаасан. Тухайн үед анги маань Дорнод аймгийн Чойбалсан хотын төвд байрлаж байсан юм. Ангийн захирагчаар “Хар” Банзрагч хэмээх хочтой хошууч ажиллаж байлаа. Тэр үеийн ангийн захирагч нар хошууч цолтой байвал дээдийн заяа байжээ. Хурандаа цолтой хүнийг дэрийсэн гурван жил болохдоо бараг хараагүй дээ. Гэтэл одоогийн ангийн захирагч нар бүгд генерал, хурандаа цолтой болсон гэж бодохоор сэтгэлд нэг л таагүй санагдаад байдаг юм. Хэнтэйгээ байлдана гэж ийм олон генерал, хурандааг бөөцийлдөг байна. Манайх шиг эдийн засгаар ядмаг улсад хар дараа л баймаар. Анги маань одоо бараг байхгүй болоо биз дээ. Мөн ч сайхан анги байсан даа.
Хөгжмийн мэргэжлийн хүн жирийн жагсаалын цэргээр албаа хаагаагүй л байх?
-Хөгжмийн салааны цэрэг боллоо. Манай салааны захирагчаар Санжаажамц гэдэг хүн ажиллаж байсан юм. Тухайлсан хөгжмийн сургууль төгсөөгүй хүн байсан болохоор хөгжмийн онолын талын мэдлэгээр дулимаг. Тэгээд надаар хөгжмийн онолын хичээл заалгах болов. “Муу шинэ цэрэг бид нарт хичээл заагаад байхдаа яадгийм” гээд овгор ах нар шанаа өгнө биз дээ. Тэглээ гээд муудсан юм лав алга. Харин ч энд тэнд хааяа нэг таарахаараа бүр тэврэлдэн уулзалддаг гээч. Цэргийн нөхөрлөлийн сайхан нь үүнд л байдаг байх. Ер нь тэгээд “Цэргийн алба бол эрдмийн алба” гэдэг үнэн үг шүү. Би тэнд алба хаасан гурван жилийн хугацаанд Альт, тенор, турба буюу нарийн бүрээ хөгжмийг үлээж сурсан юм. Манай ангид Ховдын театраас Ж.Баатарсүрэн, Увсын театраас Л.Мижидсүрэн гэж урлагийн авьяастай нөхөд ирсэн юм. Улмаар Ж.Баатарсүрэн Цэргийн чуулгад гоцлол дуучин болж олон жил дуулсан. “Цогтын цэргүүд цогин дэргэнэ, цогин дэргэнэ...” гээд л авч өгдөг нөхөр шүү дээ. Цэргийн алба хааж байхад хөгтэй, хөгжөөнтэй юм тохиохыг алийг тэр гэхэв. Мань Ж.Баатарсүрэн хэд хоног эмнэлэгт хэвтэх гэж баашлан, зүгээр байсан олгойгоо авахуулж байхав дээ. Миний хувьд ангийнхаа тайзнаа жүжгийн гол дүрд тоглож, Үндэсний хөгжмийн хамтлаг байгуулж, концерт найруулж, дарга, захирагч нараасаа чамгүй урамшуулал хүртдэг байлаа. “Энэ нь сүүлдээ шууд дэслэгч цол олгуулж, клубын дарга болгоно” гэсэн ярианд хүрч, янз бүрээр ятгадаг дарга нар ч олширлоо. Манай штабын дарга “Чи сайн цэрэг. Чамд шууд 3 өрөө байр өгнө. Энд чи хөөрхөн буриад басгантай танилцаж сайхан амьдрах болно” гээд л ятгах. Халагдах хугацаа дөхөөд байдаг. Тэгээд яаж муу цэрэг болох тухайд баахан бодлоо. Маргааш нь Бунхны дэлгүүрээс нэг шил архи аваад бараг талд нь хүртэл татсан нөхөр яаж олигтой байхав. Бас бага дарга ухаантай. Тэр аагаараа хөгжмийн салааны цэргүүдээ жагсааж байгаад ганц нэг цэрэгт гар хүрмэл аядаж байтал штабын дарга Лхамсүрэн хошууч таарч “Чамайг бид овоо дориун залуу гэж боддог байсан юм. Гэтэл ийм арчаагүй нөхөр байсан юм уу. Чи цэрэг зоддог хэн юм бэ, гэхэд нь та бага дарга хүнийг загнадаг хэн юм бэ” гэж хэг ёг хийж, хэгжүүрхэж байгаад анх удаа сахилга гээчид нь орж үздэгийм байна. Ер нь хүн муу нэрийг олоход маш амархан гэдгийг би тэгж л мэдсэн. Тэр цагаас хойш нөгөө клубын дарга болгох, байр сууц олгох, цол форм нэмэгдүүлнэ гэсэн асуудал нам жим болсон доо. (Ёстой нөгөө гангар шаазанг хагартал тас тас инээж байлаа, энэ үед тэрээр) Хэрвээ би дарга нарынхаа ятгалганд орсон бол үнэхээр нэг буриад басгантай танилцаж, өнөөдөр нэг бүдүүн буриад шар самганы хамт арван шар хүүхдийн аав, ээж болчихсон, юун дуу хөгжимдөө манатай, аягүй бол нанчилдаанд оролцож, нанчих нэгнээ нанчиж, нанчуулах нэгэндээ нанчуулсан нэг нөхөр л явж байх байсан боловуу гэж хааяа боддог юм даа.
Аав, ээжийнхээ ачлалыг хүн бүр цаг ямагт санаж явдаг даа?
-Тэгэлгүй яахав. Цэргийн карантинаас буугаад арав л хонож байсан байх. “Уулзалтын байранд хүн уулзахаар ирсэн байна гэсэн зар ирлээ. Энэ хол нутагт надад таних хүн байхгүйдээ, хэн байдаг билээ” хэмээн бодсоор очтол хэн байсан гээч. Муу ээж минь бөөвийгээд зогсож байхыг хараад өөрийн эрхгүй хоёр нүдний нулимс бөмбөрсөн дөө. Хүүгээ гэсэн эхийн сэтгэл 600 гаруй км хол замыг туулуулж, ачааны хүнд машины тэвшин дээр сууж, өдөр, шөнөгүй сэгсрэгдсээр ирсэн байгаа юм даа. Эх хүний сэтгэл ямар их агуу болохыг би тэгж л ойлгосон. Хэдийгээр өнөөдөр ээж минь тэнгэрийн оронд байгаа ч хүүгийнхээ тоглолтыг таашаан харна гэдэгт итгэлтэй байна. Тийм ч учраас би тоглолтынхоо нэрийг зориуд “Амьдрал үүрсэн ээжий” гэж онцолсон юм. Муу аавыгаа бас гомдоосон байх аа. Налайхын уул уурхайн техник мэргэжлийн сургуулийн захирал нь тэр үед Завханы хүн байжээ. Мэдээж, аав тэр хүнтэй танил байж таараа. Намайг 8 дугаар анги төгсдөг жил, нэг өдөр аав маань жигтэйхэн их баяртай ирдэгийм байна. Тэгээд “Аав нь чамайг арын хаалгадаад ТМС-д оруулж, мэргэжлээ өвлүүлэх боллоо” гэхэд нь “Би номын мөр хөөж, гадаадад сургуульд явна. Та л тэр нүүрсээ ухдагийм байгаа биз” гэж хэлсэн юм даа. Энэ үгэнд аав минь лав баярлаагүй л байх. Хэрвээ аавынхаа үгэнд орсон бол өнөөдөр Налайхад нэг ам авчихсан, нэг их үнэтэй нь үгүй юмаа гэхэд боломжийн “Жип” хөлөглөсөн нөхөр явж байхыг үгүйсгэх аргагүй.
Гурван жилийн цэргийн алба хаасан хүнийг бараг гуйж байж ажилд авдаг байсан сайхан цаг байж дээ?
-1981 оны 8 дугаар сарын 15-нд цэргийн албанаас халагдаад, маргааш нь шууд Багшийн сургуульдаа ажилд орсон. Гурав хоногийн дараа Ерөөгийн сангийн аж ахуй руу оюутнуудаа хариуцаад гарч өгсөн дөө. Сургуульдаа 1983 он хүртэл Хөгжмийн багшаар ажиллаад Эрхүүгийн их сургуулийн хэлний бэлтгэлд явж нэг жил нүдүүлэвээ, хөөрхий. Тэгээд Дорнод Сибирийн Соёлын дээд сургуулийг улаан дипломтой, Улс төрийн дээд сургуульд давхар суралцаж, мөн улаан дипломтой тус тус дүүргэж, хоёр ромбо зүүсэн мундаг амьтан 1988 онд ирж байлаа даа. Соёлын яамны сайдын тушаалаар “Алтай” чуулгын даргаар томилогдож, явах бэлтгэлээ базааж байтал гэнэт Соёлын яамнаас дуудлаа. “Чи чинь сургуулиа “Онц” дүнтэй дүүргэсэн учраас Төв хорооны мэдлийн хүн юм байна” гээд Дархан хотын АДХГЗ-ны Соёлын хэлтсийн даргаар томилсон. Ингэж хорин хэдхэн насандаа монголдоо хоёр дугаарт эрэмбэлэгддэг томоохон хотын соёл урлагийн бодлогыг зангидах нүсэр ажилд очсон нь надад үр өгөөжөө их өгсөөн. Бүтэн 7 жилийн хугацаанд хийсэн ажил гэвэл хэлж баршгүй, тэр бүрийг одоо тоочих нь илүүц биз ээ.
Ажлаасаа таагүй байдлаар халагдсан тухайд...?
-Наяад оны сүүлч үеэс улс оронд өөрчлөн байгуулалтын уур амьсгал давамгайлж эхэлснийг хүн бүр мэднэ дээ. Энэ уур амьсгал Дарханд ч сэвэлзэж эхэлсэн юм. Ингээд ардчилалтай золголоо. Нэг өдөр “Хонх” хамтлаг Дарханд ирж тоглов. “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана аа...” гээд л дуулж байгаа дууных нь өнгө, төрх хүртэл нэг л өөр. Маргааш нь захиргаан дээр дуудагдаж, “Нөхөр соёлын хэлтсийн дарга та яагаад ийм юманд хориг тавьсангүй вэ” гэдэг зэм хүртлээ. Нэг л болж өгөхгүй болохоор нь “Залуучууд” театрынхаа даргыг ажлаас нь халлаа. Бүжигчин, хөгжимчин зэрэг хэсэг хүмүүс орж ирээд “Даргыг ажилд нь эргүүлж авахгүй бол бид халагдана” гэсэн өргөдөл өгөхөд нь шууд цохоод өгчихлөө. Дархан хотын ардчилсан холбооны зохицуулагч, манай байрны найз залуу нэг өдөр Э.Бат-Үүлийг дагуулаад манайд ороод ирлээ. Хэд хоногийн дараа мөн С.Зоригийг дагуулаад ирлээ. Бид санал бодлоо солилцдог боллоо. Ингээд л асуудал хурцдаж, 1994 онд ажлаасаа халагдана биз дээ. Хамгийн инээдэмтэй нь ажлаас халсан тушаалд “Нөхөр Д.Чулууныг Дархан хотын ямар ч байгууллагад ажилд авахыг хориглоно” гэсэн байгаа юм даа. Гэхдээ ажил хийсээн. Хөгжмийн урлагийн сургууль болон цэцэрлэгт дуу хөгжмийн багш, Кино театрын захирал зэрэг албыг хэсэг хугацаанд залгуулсан. Дараа нь, ёстой нөгөө лааз өшиглөнө гэдгийг нь хийсэн дээ. Сүүлдээ өшиглөх лааз ч олдохоо байж, Улаанбаатар явахаас аргагүйд хүрсэн. Тэгээд амьдрахын тулд “Сэргэн мандалт” группын охин компани болох “Мюзик холл” компани байгуулж, яруу найрагч Ш.Гүрбазар, дуучин Ц.Түвшинтөгс бид нэг баг болж ажилласан. Гол зорилго нь соёл урлагийн ажил зохион байгуулах үүрэгтэй. Эхлээд би захирлаар нь, дараа нь Ц.Түвшинтөгс, тэгээд Ш.Гүрбазар болж, хожмоо энэ ажлыг дуучин С.Жавхлан хариуцдаг болсон доо.
За, тийм байдаг байж, бас л лааз өшиглөв үү?
-Харин ч гайгүй шүү. 2004 онд Нийслэлийн Боловсролын газарт Хөгжмийн боловсрол хариуцсан арга зүйч мэргэжилтнээр орж, 2009 оныг шувтартал ажилласан. Мөн оноос Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гүйцэтгэх захирлын албыг хашиж, 2015 онд дуусгавар болгосон. Тэгээд л одоогийн ажилдаа ирсэн дээ. Манай зарим найз нар “Чи талбай тойроод л ажиллаад байсан. Ер нь Төрийн ордондоо орж үзсэн үү” гэж жаахан явуулдаг юм.
Одоо хоёулаа уран бүтээл рүүгээ анхаарлаа хандуулья. Аливаа уран бүтээлч хүн заавал миний анхных гэж ярих дуртай байдаг. Өөрийн тань хувьд...?
-1983 онд юм даа. Миний дотны найз С.Ганболд гэж нэрт зохиолч Ш.Шажинбат агсны ойрхоны садан төрөл, эгэлгүй авьяастай нэгэн байсан юм. Тэр маань “Чамдаа дуулах дуу” гэсэн шүлэг бариад ирэхэд нь анхны аяаа бичиж, Эстрадын дуучин Х.Төмөрбаатар анх дуулсан юм. Энэ нь миний хамгийн анхны уран бүтээл байжээ. Хэдийгээр анд маань өнөөдөр биднийхээ дунд байхгүй ч, би найзыгаа “Намайг хөглөсөн хүн” гэж хүндэтгэн дурсаж явдаг юм. Түүнээс хойш хүмүүсийн дуулах дуртай дуунуудын нэг болсон яруу найрагч Я.Батзоригттой “Намрын уянга”, Л.Нацагдоржтой “Хүмүүн Та”, Д.Чойжиндоржтой “Ачлаж чадлуудаа ээжийгээ”, Н.Доржтой “Чам руу л гэнэ дээ”, Ц.Эрдэнэбаттай “Хос орчлон” зэрэг 700 гаруй дууны хөгжмийг бичээд байна. Дашрамд хэлэхэд, “Хос орчлон” дууг анх дуулсан хүн нь гавьяат жүжигчин С.Батсүх юм шүү дээ.
Уран бүтээлч бидэнд арын алба найдвартай байх нь хамгийн чухалд тавигддаг даа?
-Ёстой үнэн үг. Хань С.Хажидсүрэн маань Говь-Алтай аймгийн Халиун сумын нутаг, Бурхан Буудай уулын энгэрт төрсөн эмч хүн бий. Миний арыг даагаад, амьдралыг үүрээд явдагт нь баярлахаас аргагүй ээ. Үр хүүхдүүдэд маань миний мэргэжлийг өвлөсөн хүн байхгүй ч тус тусын ажил, албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэж, сайхан л амьдарцгааж байна.
Уран бүтээлч хүнтэй уулзсаных цаашид хийх бүтээлийнх нь тухайд асуухгүй өнгөрч болохгүй байх аа...?
-Энэ тоглолтынхоо дараа яруу найрагч Я.Батзоригтын цомнолоор хийгдэх Хүүхдийн дуулалт жүжгийнхээ хөгжим дээр хамаг анхаарлаа төвлөрүүлэх байх. Мөн нэг дуурь дээр ажиллаж байгаа. Үүнийхээ хөгжмийг ч гүйцээнэ. Энэ мэтчилэн төлөвлөсөн ажил их байгаа. Тэр бүрийг нуршаад яахав.
Уран бүтээлийн анддаа улам ихийг бүтээхийн ерөөл өргөе.
МЗЭ-ийн шагналт, зохиолч, сэтгүүлч Гомбын БААТАРНУМ
Сэтгэгдэл (1)