Өвлийн улирал тун удахгүй хаяанд ирэх гэж байна. Харин таны машин өвөлд бэлэн үү? Жолооч та өвөлдөө бэлдээгүй бол 24tsag.mn сайт дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.
Өвлийн дугуй
Халтиргаа, гулгаа эхэлж буй үед хамгийн эхлээд анхаарах зүйл бол яах аргагүй дугуй юм. Ямар ч улиралд тохиромжтой дугуй байдаг ч халтиргаа гулгаанд тэсвэртэй өвлийн дугуй илүү найдвартай. Манай орон шиг байгалийн эрс тэс нөхцөлд энэ хамгийн анхаарууштай зүйл мөн билээ. Юуны өмнө дугуйны хээнд анхаарал хандуулна. Олон жил ашигласан дугуйны хээ халзарч, элэгдсэн байдаг. Хэрэв дугуйн хээ дүрэмд заагдсан хэмжээнээс нимгэрч элэгдсэн байвал зайлшгүй солих шаардлагатай.
Тоормозны систем ба диск
Дугуй бүрийн тоормозны харилцан адилгүй үйлчлэл өвлийн цагт автомашиныг шарвахад нөлөөлдөг гэмтэй. Тиймээс автомашиныхаа тоормоз, диск, накладыг шалгуулаарай. Хэрэв боломжтой бол зөөлөн цутгамал дискийг хатуу ган дискээр солих хэрэгтэй. Бартаа ихтэй манай замд тоормозны диск амархан элэгдэж, мууддаг. Цас ороогүй үед өвлийн дугуйтай явах нь дугуйнд муу ч засмал зам шөнөдөө зайрмагтаж хонож буй одоо үед зуны дугуйнаас хамаагүй дээр. Харин хадаастай дугуй хэрэглэхгүй байхыг зөвлөе. Ийм дугуй мөстсөн замд зориулагдсан байдаг.
Автомашиныхаа Өө сэвийг дараарай
Хэрэв таны автомашины будаг халцарч, зурагдсан бол түүнийг өвөлтэй уралдаж засч янзлуулаарай. Эс тэгвээс хавар, чийг борооноос болж зэв үүсэх магадлалтай. Хөнгөн сэвийг өөрсдөө арилгаж болно. Харин гүн зураас, будгийн халцархайг засварын газраар янзлуулна.
Цан арилгагч, шил арчигч
Шил арчигч шингэнийг сонгохдоо хасах градуст ажиллахыг бодолцох хэрэгтэй. Энгийн шингэн банкандаа хөлдчихдөг тул ямар ч хэрэгцээгүй. Шил арчигчийн жийрэг резинийг жилд нэг удаа солино.
Радиаторын шингэн
Тосоолыг хоёр жил тутамд сольж байх шаардлагатай. Харин машинаа байнга унадаг бол 40 мянган км яваад солих хэрэгтэй. Солих хугацаа нь болоогүй байлаа ч шингэний өнгийг нэг анзаараад үзээрэй. Хэрэв хүрэн өнгөтэй байвал солих цаг болсон байна. Хаалганы түгжээг тосолно Цахилгаан удирдлагатай түгжээтэй байсан ч хаалганы цоож, цуургануудыг зориулалтын тусгай тосоор тосолчиход гэмгүй. Цантаж, хөлдсөн цоожноос болж түлхүүрээ хугалах тохиолдол цөөнгүй гардаг шүү дээ. Ийм төрлийн шингэн зарим авто сэлбэгийн дэлгүүрт худалдаалагддаг. Моторын тос Моторын стандарт тос хасах 20 хүртэлх градуст ажиллах зориулалтай байдаг. Манай орны хувьд өвөлдөө дунджаар 30 градус хүртэл хүйтэрдэг тул өвлийн тос илүү тохиромжтой. Үүнээс гадна тосны шүүрийг заавал цэвэрлэж, шаардлагатай бол солих хэрэгтэй.
Аккумлятор
Стартер дарангуут машин тань асахгүй бол батарейн цэнэг дуусч байгаагийн шинж. Хэрэв аккумляторыг бүрэн цэнэглээд дээрх байдал давтагдвал шинийг авч тавиарай. Өвлийн цагт аккумляторын шингэний нягтрал 27-33 байх шаардлагатай.
1. Бага оврын, нөөц аккумлятор, эсвэл холбогч утас
Өвлийн цагт аккумлятор суух шиг хэцүү зүйл байдаггүй. Бага оврын аккумляторын тусламжтай автомашинаа хэзээ ч, хаана ч асааж чадна. Бас нэг арга нь холбогч утас авч явах явдал юм. Ингэснээр бусдын машины аккумулятораас автомашинаа асааж болно. Энэ нь өртөг багатай.
2. Мөс, цан арилгагч
Төмөр хүлгээ гадаа хонуулаад, өглөө машиныг тань битүү цан хүүрэг цохичихсон байдаг бол цан арилгагч шингэн цацчихад л болно. Даавуу, хусуураар арилгах гэж ажил удахгүй амар байдаг. Тэгээд ч автомашинд сэв суулгахаас зайлсхийж чадна.
3. “Хурдан асаагуур”
Өвлийн цагт хөдөлгүүрийг хурдан асаах зориулалттай зүйл. Нөгөөтэйгүүр аккумуляторын эдэлгээний хугацааг уртасгах сайн талтай.
4. Хусууртай сойз
Тийм ээ, хүйтний улиралд энэ бол зайлшгүй хэрэгтэй зүйлийн нэг. Харин сойзоо сонгохдоо зөөлөн үстэй сонгоорой. Харин хусуур нь хуванцар биш, резин байвал сайн.
5. Дэвсгэр резин
Иржгэр хээтэй, резин дэвсгэрийг дугуйн дороо ивсэнээр ямар ч гөлгөр газар шарвахгүйгээр гараад явчихна.
Цоожны шингэн- Энэхүү тустай зүйлийг машин дотроо биш, харин цүнхэндээ авч явах нь зүйтэй. Хэрэв автомашины тань цоож зайрмагтаж гацсан үед хэрэглэнэ.
Гал унтраагч, эмийн сан- Манайхны бараг авч явдаггүй зүйлс болох гал унтраагч бас эмийн сан. Эдгээр зүйл гарын дор бэлэн, автомашины салонд байх ёстой. Бүх юм гарын дор бэлэн, машинаа байнга арчилж, оношилсон байхад гадаа хэдий хүйтэн байлаа ч та холын замд юу алзах вэ.
Сэтгэгдэл (1)