АН түүхэндээ хоёр удаа Засгийн эрхийг барьсан. Ингэхдээ хоёуланд нь өмч хувьчлалын их аяныг явуулсан байдаг. Эхнийх нь 1996-2000 оны хувьчлал. Харин дараагийнх нь удахгүй эхлэх гэж байна. Тодруулбал, энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах тухай үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. УИХ дахь нам, эвслийн бүлгүүд уг асуудлыг өнгөрсөн даваа гаригт хэлэлцээд эмнэлэг, сургууль гэх мэт нийгмийн салбараас бусдыг нь хувьчлахыг дэмжчихсэн. Засгийн газраас өргөн барьсан уг тогтоолын төсөлд тусгаснаар бол 2015-2016 оны хувьчлалаар 170 тэрбум төгрөгийг олох боломжтой гэнэ. Өмч хувьчлалаар олсон мөнгөөр хүндэрсэн эдийн засгийг сэргээхэд нэмэрлэнэ гэх. Улаанбаатар хотын өмч, хөрөнгийг хувьчлаад ч болов эдийн засгийг сэргээх нь энэ Засгийн газрын нэг бодлого аж. Ингээд яг ямар байгууллагууд их хувьчлалын аянд өртөхийг хүргэе.
Дулааны цахилгаан станцуудын 30 хувийг хувьд өгнө
Дулааны 1, 2, 3 дугаар цахилгаан станц болон Эрдэнэт, Дарханы дулааны станцуудад төрийн эзэмшил 70 хувь байхаар тогтож, үлдсэн хувьд нь нэсмлт хувьцаа гарган хөрөнгийн биржээр арилжих аж. Үүнээс орох орлогыг дээрх компаниудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэхэд ашиглах юм байна. Мөн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн цахилгаан эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийг түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс салгаж, бие даасан хуулийн этгээд болгон хувьчлах юм байна. Цаашлаад “Диспетчерийн үндэсний төв” ХК-ийг хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн захиалгыг үндэслэн диспетчерийн зохицуулалт хийх арилжааны оператор компани болгон өөрчлөн зохион байгуулахаар хуульчилжээ.
“Шивээ-Овоо” компанийн 49 хувийг хувьчилна
Сүүлийн жилүүдэд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсан “Шивээ-Овоо” ХК-ийн 90 хувийг төр эзэмшдэг. Тэгвэл одоо төр өөрийн эзэмшлийн хувийг 51 болгож бууруулахаар болжээ. Харин үлдсэн 39 хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжиж, олсон орлогоороо тус компанийн нүүрс олборлох хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх юм байна.
“Багануур” ХК-ийн 51 хувийг төр эзэмшинэ
“Багануур” ХК-ийн 75 хувийг төр эзэмшдэг. Үүнээс 24 хувийг нь Монголын хөрөнгийн биржээр арилжихаар болсон байна. Үлдсэн 51 хувийг төр эзэмшихээр болжээ. Хувьчлалаас олсон хөрөнгөөр тус компанийн нүүрс гаргах хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх юм.
“Эрдэнэс ТТ” хувьцаат компани
“Эрдэнэс ТТ” ХК-ийн иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн хувьцааны тоо хэмжээ, бүртгэлийг холбогдох хууль болон УИХ, Засгийн газрын шийдвэрүүдэд нийцүүлэн цэгцэлж, хувьцааг нийтэд санал болгон арилжаалах бэлтгэлийг хангана.
“Оргил рашаан сувилал”-ыг дуудлагаар худалдана
“Оргил рашаан сувилал” ХК-д компанид сувиллын лавлагаа, судалгааны үйл ажиллагааг нэмж хариуцуулан, үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар болжээ. Тус сувилал нь 100 хувь төрийн өмчид байдаг билээ.
“Кино урлагийн дээд сургууль”-ийн 51 хувийг хувьчилна
Олон жил хэл, амны бай болсон “Кино урлагийн дээд сургууль”-ийг энэ удаа хувьчлалд оруулахаар болсон байна. Тус сургуулийн 51 хувийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгож, татгалзсан тохиолдолд нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлахаар төлөвлөжээ.
“Тариалан эрхлэлтийг дэмжих сан”
“Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-г элеватораас бусад тариалан болон гурилын үйлдвэрлэл эрхлэгч нарын дундын өмчлөлтэй компанийн хэлбэрт оруулан өөрчлөн зохион байгуулж, хувьцааг нь тэдгээрт тэнцүү хэмжээгээр хувь эзэмшүүлэн, өөрсдийн эзэмшлийн хувьцааг бусдад худалдахгүй байх нөхцөлтэйгээр хөрөнгийг дахин үнэлж хувьчлахаар төлөвлөжээ.
“Хөдөө аж ахуйн бирж”-ийн 34 хувийг төр эзэмшинэ
“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-г түүний технологийн шинэчлэл хийхэд шаардлагатай хөрөнгийн санхүүжилтэд хамтарч ажиллах сонирхолтой хөрөнгө оруулагч этгээдэд оруулсан хөрөнгөд нь тохируулан нэмэлт хувьцаа гарган эзэмшүүлэхээс гадна ажиллагсдад нь төрийн эзэмшлийн хувьцаанаас 5 хувийг эзэмшүүлнэ. Харин үлдсэн 34 хувийг төр өөрөө эзэмшинэ.
”Авто импекс”
”Авто импекс” хувьцаат компанийн төрийн мэдлийн хувьцааны доод үнэ дээр Сангийн яаманд төлөх төлбөрийг нэмж нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах аж.
"Монгол шуудан" ХК
“Монгол шуудан” төрийн өмчит ХК-ийн нийт хувьцааны 34 хувьтай тэнцэх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, орлогыг компанийн үйл ажиллагааг сайжруулах эх үүсвэр болгон ашиглах юм байна. Тус компани нь 100 хувь төрийн өмчид байдаг бөгөөд одоо 34 хувийг зарж, борлуулна гэсэн үг.
“Монголын цахилгаан холбоо”-г Солонгосын талд худалдана
“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг Солонгосын талд худалдан авахыг санал болгож, татгалзсан тохиолдолд хөрөнгийн зах зээлд нийтэд худалдахаар төлөвлөжээ.
“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК
“Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит ХХК-д дахин үнэлгээ хийж төрийн эзэмшлийн хувийг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилна.
“Хөтөлийн цемент шохой”-н 10 хувийг ажилчдад үнэгүй өгөх бол үлдсэнийг нь зээлнэ
Төрийн мэдэлд 100 хувь байдаг “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит ХК-ийн төрийн мэдлийн хувьцааны 10 хувийг ажиллагсдад нь “Ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд үнэгүйгээр эзэмшүүлж, үлдсэн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчлахаар болжээ.
“Монголын хөрөнгийн бирж”-ийн тодорхой хэсгийг өрөнд өгнө
“Монголын хөрөнгийн бирж” ХХК-ийн зах зээлийн үнэлгээг тогтоон, хувьцааны тодорхой хэсгийг Лондонгийн хөрөнгийн биржид төлөх өрд тооцон хувьцаагаар солих саналыг тавьж, үлдсэн хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжина.
Мөн гурав дахь шатлалын төрийн өмчит эмнэлэг болон төрийн өмчийн их, дээд сургууль, зарим соёл, урлагийн байгууллагыг ашгийн бус компанийн хэлбэрт шилжүүлэн удирдлагыг хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэсэн тогтолцоотой болгон ажиллуулах саналыг Засгийн газраас гаргасан. Харин энэ санал нь УИХ дахь нам, эвслийн бүлгийн дэмжлэгийг авч чадаагүй юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)