Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүрээнд "Утааны асуудал:Стандарт, хяналт" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Уг хэлэлцүүлгээс онцлох мэдээллийг тоймлон хүргэе.
1. Хатуу түлш хэрэглэх хэмжээг жил бүр бууруулж, 2031 оноос хийн түлшрүү шилжинэ
Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр түлшний асуудал санхүүгийн чадавхтай холбоотой. 2030 он хүртэл хатуу түлш хэрэглэх хэмжээг жил бүр бууруулж, 2031 оноос хийн түлшрүү шилжихээр төлөвлөн ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд нүүрсэн янданг өмнөд хөршрүү экспортлох үзэгдэл ихэссэн тул гаалийн хилээр гарах хориглосон барааны жагсаалтад оруулсан. Авто тээврийн үндэсний төвтэй хамтран Улаанбаатар хотод автомашины нүүрсэн яндангуудад төмөр тэмдэглэгээ тавьж, бусдад дамжуулахгүй байхаар үзлэг оношилгоог зохион байгуулна" гэв.
2. Зөрчил илрүүлж, 94 тонн түүхий нүүрс хураан авчээ
Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “Агаарын бохирдол үүсгэгч эх үүсвэрүүдэд тавих хяналт” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ Агаарын чанарыг сайжруулах бүсийн долоон дүүргийн 137 хороо, 123151 өрх, 1685 аж ахуйн нэгжийг хамруулж, 6700 зөвлөмж, 146 зөрчил илрүүлсэн. 2024 онд нийт 21 зөрчил илрүүлснээс түүхий нүүрс хадгалж, түлсэн 7, масло шатаасан 1, агаарын чанарын бүсээс гадагш шахмал түлш тээвэрлэсэн 13 зөрчлийг тус тус илрүүлэн шалгаж шийдвэрлэсэн.
2025 онд нийт 6 зөрчил илрүүлснээс түүхий нүүрс түлж байсан 2, масло шатаасан 1, агаарын чанарын бүсээс гадагш шахмал түлш тээвэрлэсэн 3 зөрчлийг тус тус илрүүлэн шалгаж байна. Энэ хүрээнд 35225 кг сайжруулсан шахмал түлш, 94 тонн түүхий нүүрс хураан авч, Зөрчлийн тухай хуулийн 6.24 дугаар зүйлд зааснаар арга хэмжээ тооцон ажилласан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш буюу 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нүүрсэн яндангүй 297 тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлсэн гэсэн юм.
3. Энэ жилээс эхлэн аймгуудад агаарын чанарын автомат хэмжигчийг суурилуулна
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа "Салбарын яамнаас агаарын чанар нь дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн хүний биед хоргүй байх стандартыг тогтоох бодлогыг барьж, улмаар агаарын чанарыг улс даяараа хэмждэг, хяналт тавьж мөрдүүлдэг болохоор зорин ажиллаж байна. Одоогоор зөвхөн Орхон аймагт агаарын чанарыг хэмжих автомат станц суурилуулсан. 2025 оноос эхлэн бусад аймгуудад агаарын чанарын автомат хэмжигчийг суурилуулна" гэв.
4.Түлшний чанараас хамаарч утааны хэмжээ нэмэгдээгүй гэв
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх "сайжруулсан шахмал түлш нь стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа тул түлшний чанараас хамаарч утааны хэмжээ нэмэгдээгүйг хариуцлагатайгаар мэдэгдээд утаа ихсэхэд нөлөөлсөн олон хүчин зүйлсийн нэг нь түлшний хэрэглээ ойролцоогоор 20-30 хувиар нэмэгдсэнтэй холбоотой" хэмээв.
5. Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр агаарт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулсан
Түлшний горим алдагдаж дутуу шаталтын явцад угаарын хий, дэгдэмхий органик нэгдлүүд үүсэх эрсдэл гардаг аж. Мөн сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр түүхий нүүрсний хэрэглээг 60 хувиар бууруулж, илчлэгийг нэмэгдүүлж, хэрэглээг 54 хувиар бууруулснаар энэ хэмжээгээр агаарт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулсан гэж үзэх боломжтой. Чийг болон дэгдэмхий хийн үзүүлэлтийг бууруулсан сайн талтай ч үнслэг болон хүхрийн хэмжээ нэмэгдсэн сөрөг үр дүн гарчээ. Гэвч үүнийг нийт хэрэглэж байгаа түлшний хэмжээнд авч үзвэл түлшнээс ялгарч болох хүхрийн хэмжээ гурван хувиар, үнслэгийн хэмжээ 19 хувиар тус тус бууруулсан гэж дүгнэсэн байна.