Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн "Хөтөлбөр, арга хэмжээний 2024 оны төсвийн хуваарилалтыг батлах тухай" А/14 дүгээр тушаалын хавсралтын 2.2.2-т "Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цахим контент, дижитал сурах бичгийн цахим систем нэвтрүүлэх"-ээр баталсан.
Энэхүү ажлыг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад Унгар улсын "MOZAIK KIADO KFT" XXК шалгарч, гэрээ байгуулан хамтран ажиллаж эхлээд байна. Хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн нийт 100 сурах бичгийг дижитал хэлбэрт шилжүүлэн Mozaik education системд оруулсан бөгөөд интерактив 3D контент, видео контент, зураг, аудио, 170 гаруй хичээлийн хэрэглэгдэхүүнийг бэлтгэж байна.
Дижитал сурах бичгийн системийг танилцуулах, түгээн дэлгэрүүлэх 30 сургагч багш бэлтгэх сургалтыг Унгарын "MOZAIK KIADO KFT" XXК-ийн мэргэжилтнүүд 2024 оны 12 дугаар сарын 4, 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд сургалтад БЕГ, БСҮХ, БМТТ, Мэдлэ цахим сургууль, аймаг, нийслэл, дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд, ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын менежер, багш нар хамруулсан бөгөөд 2025 оны 2 дугаар сард 21 аймгийн төлөөлөл 30 багшийг сургагч багшаар бэлтгэнэ.
Тус ажлын хүрээнд өнөөдөр дижитал сурах бичгийг интерактив контентоор баяжуулах чиглэлээр Унгар улсын Сегед хотод сургалтад хамрагдах БЕГ, БСҮХ, МУБИС, БМТТ-ийн Мэдлэ сургуулийн төлөөлөл 10 мэргэжилтэнтэй Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Мозаун ХХК-ны ерөнхий захирал Ч.Энхбат нар уулзаж, сургалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Сурах бичгүүд дижитал хэлбэрт бүрэн шилжсэнээр дунд, ахлан ангийн сурагчид цахим системд суурилан интерактив хэлбэрээр ашиглах боломж бүрдэнэ.