Японд өнгөрүүлсэн дурсамжаа хуваалцах, танилын хүрээгээ тэлэх боломжийг олгож буй "Рэива Наит-2024" эвентийн талаар болон Япон улсад суралцсан тухай "Жугамо" нийгэмлэгийн гишүүн А.Гарьд, П.Энхээ нартай ярилцлаа.
-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө манай уншигчдад өөрсдийгөө танилцуулахгүй юу?
А.Гарьд: 24tsag.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Гарьд гэдэг. Би Япон Улсад эдийн засгийн чиглэлээр суралцаад 2020 онд сургуулиа төгссөн. Монголдоо ирээд хоёр жил болж байна.
П.Энхээ: Намайг П.Энхээ гэдэг. Миний хувьд Япон улсад Нагояагийн Их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Японд долоон жил амьдарсан. Энэ хугацааг эргээд бодоход тав гаруй жилд нь докторын ажлаа хийж гүйцэтгэжээ. Японд өнгөрүүлсэн хэдэн жилийн хугацаа маань миний амьдралын хамгийн гоё цаг мөчүүд байсан.
-Яагаад Япон улсад суралцах болсон бэ? Японд суралцахад юу нөлөөлсөн бэ?
А.Гарьд: Би Шинэ Монгол сургуулийг төгссөн. Манай сургуулийн төгсөгчид Япон руу тэтгэлгээр суралцах бүрэн боломжтой байдаг. Тийм ч учраас миний хувьд 12 дугаар ангиа төгсөөд тэтгэлэг авсан. Ингээд л Япон Улсад суралцахаар болсон доо. Ер нь багаасаа Японы дуу, хөгжмийг их сонирхох болсон. Энэ сонирхол маань тус улсад суралцахад түлхэц болсон болов уу гэж боддог.
П.Энхээ: Миний хувьд 2005 онд арван жилээ төгсөж байлаа. Сургуулиа төгсөөд МУИС-д суралцсан. Мөн АНУ-д суралцаад явж байх хугацаандаа Ази соёлыг судлаад, амьдраад үздэг юм уу гэх бодол төрсөн. Тэгээд л Япон Улсад докторын зэрэг хамгаалахаар очсон доо. Сургуулиа төгссөнөөс хойш Японд очоогүй, ирэх намар очих бодолтой л байна.
-Япон Улсад анх очиход хүндрэлтэй, өөрт хэцүү санагдаж байсан зүйлээсээ хуваалцахгүй юу?
А.Гарьд: Мэдээж хамгийн эхэнд хэлний асуудал тулгарсан. Японы их дээд сургуульд Япон оюутнуудтай зэрэгцээд хичээл хийгээд явна гэдэг нь толгойд бууж ирэхгүй байсан л даа. Мөн Монголдоо сурсан Япон хэлээрээ очоод чөлөөтэй ярьж, ашиглаж чадах болов уу гэсэн айдас байсан. Сургуулиа төгсөж чадах болов уу ч гэж бодож байлаа.
Харин Японд очоод найзуудтай болоод, хүмүүстэй харилцаад эхлэхээр тайвшраад, бүх зүйл боломжтой юм шиг санагдсан.
-Жугамо нийгэмлэг 1995 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа шүү дээ. Та бүхний хувьд тус нийгэмлэгт хэзээ элссэн бэ? Мөн яагаад элсэх болов?
А.Гарьд: 2020 оны аравдугаар сард Монголдоо ирсэн. Ирснээс хоёр сарын дараа буюу арванхоёрдугаар сард Жугамо нийгэмлэгийн шинэ жил болсон юм. Шинэ жилд ороод энэ нийгэмлэгийн талаар илүү их мэдээлэлтэй болсон. Өмнө нь бол маш нимгэн мэдээлэлтэй байсан гэх үү дээ. Монголд их сургуулиа төгсөөгүй учир миний хүрээллийн хүмүүс гэвэл ихэвчлэн арван жилийнхэн маань байсан.
Гадаадад сурсан хүмүүсийн нэг сул тал бол Монгол дахь танилын хүрээлэл орхигдчихдог явдал. Түүнийгээ нөхөх хамгийн том боломж нь Жугамо нийгэмлэг байсан.
Ялангуяа, Японд төгссөн хүмүүсээр хүрээллээ тэлээд явна гэдэг сайхан санагдсан. Тэгээд л гишүүнээр элссэн дээ. Энэ жилээс нийгэмлэгийнхээ удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
П.Энхээ: А.Гарьдтай харьцуулахад миний танилын хүрээлэл өргөн гэж боддог байсан юм. Гэтэл би ч ялаагүй байсан л даа. Учир нь арав гаруй жил гадаадад амьдарсан шүү дээ. Жугамо нийгэмлэгийн талаар интернэтээс хараад, үйл ажиллагаанд нь оролцох юмсан гэж их боддог байсан. Тийм ч учраас Монголдоо ирээд буюу хоёрдугаар сараас элссэн. Одоогоор үйл ажиллагаанууддаа идэвхтэй оролцоод явж байна.
-"Жугамо" нийгэмлэгийн хамгийн том үйл ажиллагаануудын нэг бол яах аргагүй “Рэива Наит” эвент байдаг. Тун удахгүй уламжлал болсон тус эвент зохион байгуулагдах гэж байна шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
А.Гарьд: “Рэива Наит-2024” эвент зургаадугаар сарын 8-ны өдөр зохион байгуулагдана.
Японтой холбоотой бизнес эрхэлдэг, Японд болон хилийн чанадад сургууль төгссөн хүмүүс цуглаад хоорондоо танилцах, туршлага солилцох хүндэтгэлийн арга хэмжээ болох юм.
Мөн тус үйл ажиллагаанд Олон улсын байгууллага ЖАЙКА, Япон улсын элчин сайд болон менторууд хүрэлцэн ирнэ.
-Энэ жилийн "Рэива Наит-2024" эвентийн урьд жилүүдийнхээс ялгарах онцлог нь юу байгаа вэ?
А.Гарьд: 2024 оны тухайд бид менторшип хөтөлбөрийг зохион байгуулж байгаа. Тиймээс "Рэива Наит-2024" эвентэд шинэ төгсөгчид маань хүрэлцэн ирээд Монголд амжилттай бизнес эрхэлж байгаа, амжилттай өөрсдийн карьераа хөгжүүлж буй хүмүүсээс туршлага судлах бүрэн боломжтой байгаа юм. Мөн Монголдоо гоё зүйл хийж бүтээцгээе гэсэн зорилго, тэмүүлэлтэйгээр зохион байгуулж байна.
Иймд гадаадад төгсөгчид маань хүрэлцэн ирж, бидэнтэй нэг үдшийг гоё өнгөрүүлээсэй хэмээн хүсэж байна.
П.Энхээ: "Рэива Наит" эвентийн бас нэг онцлог бол бидний хамтран ажиллагч байгууллагууд юм. Монголын амжилттай явж буй, татвар төлөлтөөрөө дээгүүрт ордог 11 байгууллагын удирдлага, төлөөллүүд ирж оролцох гэж байгаа нь маш том боломж хэмээн харж байгаа. Мөн "Рэива Наит" эвентэд бүртгүүлсэн хүмүүс Жугамо нийгэмлэгээс зохион байгуулж буй менторшип хөтөлбөрт хамрагдах боломжтой.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Батчулуун