1966 оноос эхлэн жил бүрийн долдугаар сарын 20-ны өдрийг Олон улсын шатрын өдөр болгон тэмдэглэх болжээ.
Шатрын үүсэл гарлыг яв цав тогтоогоогүй ч Энэтхэг улсад МЭ 6-р зуунд үүссэн гэдэгт бараг бүх эрдэмтэд санал нэгддэг. Гэвч зарим түүхч, судлаач нарын таамаглалаас харахад шатар Хүннү гүрнээс эхлэлтэй аж.
Тухайлбал, МЭ 455-550 оны үед Хүннүчүүд шатар тоглодог байсныг Английн эрдэмэн Г.Мэрэй "Шатрын товч түүх" номдоо тэмдэглэсэн байдаг. Мөн VI-VII зуунд Жагарын оронд дэлгэрсэн дөрвөн талт чатурангаас үүсэлтэй гэсэн таамаглал ч бий.
Ухаан санааг хөгжүүлж, анхаарлыг хамгийн сайн төвлөрүүлж чаддаг энэхүү оюуны тоглоом дэлхий дахинаа тархаж, өндөр түвшинд хөгжсөн билээ. Шатрын спортыг хөгжүүлэх хамгийн том байгууллага болох Дэлхийн шатрын холбоо 1924 онд байгуулагдсан. Өдгөө 195 улсын гишүүнчлэлтэй олон улсын томоохон спортын холбоодын нэг юм.
АНУ-ын судлаач эрдэмтдийн гаргасан тооцоогоор шатрыг 1,500,000,000 хүн тоглодог гэжээ. Тэдгээрийн 28% нь эхлэн суралцагч буюу сурч байгаа, 71% нь мэргэжлийн, үлдсэн 1% нь оюуны өндөр чадвартай буюу маш ухаантай хүн ордог юм байна.