Жалбасүрэнгийн Батзандан. Гудамжнаас эхлүүлсэн түүний улс төрийн замнал сонирхолтой хийгээд адармаатай. Хоолойгоо шахаж гаргасан түүний үг бүрт монголчууд нийтээрээ шахуу итгэж явсан үе уг нь бий. Гэвч одоо бол эрх мэдэлтэй нэгэнд хачиг шиг наалдчихдаг, эргээд унахад нь жишим ч үгүй дэвсэлдгийг нь мэддэг болжээ. Гэвч хаяя хаяж болдоггүй, авъя гээд авч болдоггүй эд байдаг шиг Ж.Батзанданг ч бас ашиглах шаардлага Монголын төрд байдаг бололтой. Нам дамжиж, алба сэлгэж явсаар Ж.Батзандан Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үед Монгол Улсын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) боллоо. Стратегийн ач холбогдол бүхий орд газарт төрийн эзэмшлийн хувь хэмжээг тохирох хэлэлцээ хийх үндсэн үүрэгтэй хүн гэсэн үг. Энэ албанд түүнийг томилсон Засгийн газрын шийдвэрийг анх сонсоод олон нийт цочирдож хүлээж авсан юмдаг. Энэ дагуу л эрхэм БЭТ Ж.Батзандан цочирдом үйлдэл хийсээр л байна.
Гурав хоногийн өмнө БЭТ Ж.Батзандан хэвлэлийн бага хурал хийлээ. Стратегийн ач холбогдол бүхий орд газруудын талаар, Үндэсний баялгийн сангийн өнөөгийн нөхцөл байдлын тухай мэдээлэл өгөв. Баялгийн сангаа баян болгох ёстой гэсэн түүний санаа уг нь зөв юм. Гэхдээ баялаг бүтээгчдээ дээрэмдэх замаар баялгийн санг арвижуулна гэж байж таарах уу!
“Одоо Батзанданг зогсоож чадахгүй шүү!” гэх түүний ганц өгүүлбэр хэлэлцээний ширээний нөгөө талд суух хөрөнгө оруулагчид ямархуу хүнд нөхцөл байдалд байгааг илтгэнэ. Уг нь хууль ёсны дагуу татвар хураамжаа төлж, дүрэм журмынх нь дагуу лиценз эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүд. Гэтэл төлсөн татвараар нь цалинжиж байгаа төрийн нэр барьсан БЭТ-ийн гаргаж байгаа авир ийм л ажээ.
Уг нь Ж.Батзанданг БЭТ-ээр томилохдоо Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий орд газруудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг хувийн хэвшлийнхэнтэй тохирох чиглэл өгсөн. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэдэгт өнөөдөр 16 орд хамаарч буй. Энэ бол УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолтой шийдвэр. Товчхондоо Ж.Батзандангийн ажиллах хүрээ, хуулийн хязгаар гэсэн үг. Энэ хязгаарыг хэн ч давж гишгэх эрхгүй. Давбал хуулийн хариуцлага хүлээх ёстой.
Гэтэл БЭТ Ж.Батзандан УИХ-ын тогтоолоос хальж, Засгийн газрын хэмжээнд яригдаж байгаа төслөөс ч давж “сэтгэх” боллоо. Дээр өгүүлсэн 27 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад буй 39 ордыг нэмж стратегийн ач холбогдолтой ордоор бүртгэх саналыг Засгийн газар гаргаад буйг Н.Учрал сайд мэдэгдсэн. Гэтэл үүн дээр нэмээд 8 ордыг мөн стратегийн ач холбогдолтойд тооцох ёстой гэж БЭТ хувьдаа үзжээ. Хувийн энэ байр сууриа Засгийн газрын шийдвэр мэтээр ч бас ярилаа.
Заримынх нь нөөц нь ч тодорхой бус байгаа энэ ордуудын талаар “Нөөц нь тодорхойгүй гэдэг нь нөөцийг нь дарсан хулгай л нуугдаж байгаа” гэж Ж.Батзандан тайлбарлав. Гэтэл улс орны эдийн засагт үлэмж хэмжээний нөлөө үзүүлэх, ДНБ-ий тодорхой хувьтай дүйх ордыг стратегийн ач холбогдолтойд тооцдог. Хууль дүрэм ийм байсаар байтал зүгээр л “Хулгай л нуугдаж байгаа” гэсэн хардлагаар төрийн нэр барин сүрдүүлж байх юм.
Ж.Батзандан одоо гудамжны улс төр хийх эрхгүй хүн. Дураараа попрох ямар ч боломжгүй албан тушаалтан. Гудамжны жагсагч шиг попорч байх эрх энэ хүнд байх ёсгүй юм. Тэр өнөөдөр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж байгаа албан ёсны Бүрэн эрхт төлөөлөгч. Түүний үг, үйлдэл бүрийг гадна, дотнын хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байгаа. Буруу мессеж, буруу эрх зүйн орчин улс орныг хэрхэн уруудуулдаг жишээ Монголд ч бий шүү дээ. Ганцхан жилд 17.5 хувийн өсөлттэй байсан эдийн засгаа бид хэрхэн нурааж болдогийг харуулсан. Уг нь тэр үед Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэлхий шагшиж явсан цаг юм шүү. Одоо хүчингүй болгочихсон Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах нэртэй хуулийг 2012 оны тавдугаар сард УИХ баталснаар хөрөнгө оруулагчид Монголоос дайжсан. Хотын төвийн оффисууд хоосорч, долларын ханшийн жолоогүй өсөлт тэгж л эхэлсэн байдаг. Зөвхөн энэ хуулиар дайжсан хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх гэж бид элдэв нэртэй эдийн засгийн форум, чуулга уулзалт жил бүр хийгээд ч тусыг олохгүй л явна.
Монгол Улсад өнөөдөр төгрөгийн ханш өдрөөр бус цагаар суларч, ам.доллар ганцхан сарын дотор 100 төгрөгөөр чангарчихаад байна. Нүүрсний экспорт зогсож, эрсдэлгүйгээр валют оруулж ирэх ганц гарц нь гадаадын шууд хөрөнгө оруулалт болчихсон. Тиймдээ ч Засгийн газар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар ярьж, гаднынхынг урьсан хурал зөвлөлгөөн тасралтгүй хийсээр байна. Хууль тогтоогчид ч энэ чиглэлд үгээ хэлж, Тэргүүн Шадар сайд Лу.Гантөмөр гадаадын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдтэй энэ сэдвээр олон уулзалт, ярилцлага хийгээд явж байна. Нөгөө талд нь Бүрэн эрхт төлөөлөгч нь гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудыг дээрэмдэх тухай санаачилга гаргаад явж байхад ямар л тэнэг нь Монголд хөрөнгө оруулалт хийж тэнэгээ батлах вэ дээ.
Ж.Батзандангийн нэрлэсэн найман ордын цөөнгүйг нь гадаадын шууд хөрөнгө оруулалттай компаниуд эзэмшдэг. Тодорхой хэмжээнд эрсдэлээ үүрээд Монголд хөрөнгө оруулсан энэ компаниудын асуудал өндрөө авбал юу болох вэ? Гадна тал дахь нэр хүндээ сэргээх гэж байдгаа барж байгаа Засгийн газрын бодлого, төлөвлөгөө яах болж байна. Ийм байхад эрхэм БЭТ “Манайхан гадаадын хөрөнгө оруулалт гэдгийг буруу ойлгоод байна аа. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг хууль дүрмийг дээдэлдэг компани байна. Гадаадын хөрөнгөө оруулсан компани дураараа дургина гэж бодохгүй байгаа” гэхчлэн ярьж байх юм.
Хувийн хэвшлийнхэн хуулийн дагуу лицензийг нь эзэмшээд, хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөд, хамгийн гол нь үр ашигтай байхыг нь үл мэдэж байгаа ч өч төчнөөн хөрөнгөө эрсдэл гаргаад оруулсан байхад төрийн нэрээр булааж авах тухай ярихдаа тэр жишим ч гэсэнгүй. Угтаа бол Ж.Батзандангийн нэрлэсэн найман орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ганц л боломж бий. Юу гэхээр, эдгээр ордыг эхлээд стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтад УИХ оруулах ёстой. Тэгж байж эрхэм БЭТ-ийн Засгийн газраас олгосон эрх хэмжээний хүрээнд хөрөнгө оруулагч, хувийн хэвшилтэй ярилцах хуулийн боломж нээгдэнэ. Тэр болтол энэ сэдэв түүнд хаалттай юм, уг нь. Гэтэл энэ бүхэн огтоос хөндөгдөөгүй байхад л БЭТ Ж.Батзандан “Одоо Ж.Батзанданг зогсоож чадахгүй шүү!” гэж шазуур зуух.
Гаднынхан Монгол Улсыг одоо анхааралтай ажиглаж байгаа. Төрийн нэрээр өгч буй ярилцлага бүрийг судалж буй. Харамсалтай нь бид хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх бус, сэвтээхээс хэтрэхгүй явна. Улс 96 хувийг нь эзэмшиж байгаа Тавантолгой орд дээр дахин хэлэлцээр хийж, Ухаа худагийн хувь хэмжээг ярилцана гэх мэдээлэлтэй зэрэгцээд л “Энержи Ресурс”-ын Хонгконгийн бирж дэх үнэлгээ 150 гаруй сая ам.доллароор унасан. Энэ бол хууль дүрмийнх нь дагуу орд эзэмшиж байгаа нээлттэй хувьцаат компани руу хууль бусаар халдвал хөрөнгөө татна шүү гэсэн л хөрөнгө оруулагчдын сануулга. Харамсалтай нь, эдийн засгийн хийгээд уул уурхайн салбарын “Зий” ч үгүй Зандан БЭТ төрийн нэрээр популизм хийсээр байгаа нь Монголын эдийн засгийн хонгилын сүүмэлзэх жаахан гэрлийг үлээж орхилоо.
С.Ононтуул
Сэтгэгдэл (16)