БАРИМТ 1
Америкийн “Сэтгэцийн эмгэгийн үндэсний холбоо”-ноос хийсэн судалгаагаар тус улсын насанд хүрсэн таван хүн тутмын нэг нь амьдралдаа ямар нэг сэтгэлзүйн хүнд асуудалтай тулгарч байсан гэдэг нь тогтоогджээ.
БАРИМТ 2
Тиймээс ийм асуудалд орсон хэн нэгнийг, цаашлаад өөрийгөө болон хайртай хүмүүсээ ойлгож, зөв аргаар туслах нь аз жаргалтай, аюулгүй, эрүүл нийгмийг бүтээхэд маш чухал.
БАРИМТ 3
Neurodiversity гэдэг нь өөр арга замаар, өөр өнцгөөс сэтгэн бодох сэтгэхүйн ялгаатай олон талт байдлыг хэлдэг.
БАРИМТ 4
Дэлхий дээр оршин буй хүн бүрийн алганы хээ, DNA, царай төрх ижилгүй байдаг шиг бидний уураг тархи ч бас бусдаас ялгаатай, дахин давтагдашгүй, онцгой бүтэцтэй байдаг.
БАРИМТ 5
Улмаар ийм тархи нь ондоо арга хэлбэрүүдээр дамжин хөгжсөөр, хүн бүр аливаа зүйлийг өөр өөр өнцгөөс хардаг, мэдэрдэг, ойлгодог, шийддэг болж, сэтгэхүйн ялгаатай байдлыг үүсгэдэг байх нь.
БАРИМТ 6
Сэтгэхүйн энэ ялгаа нь зан араншны ялгаатай байдлыг ч үүсгэх нь бий. Тиймээс "Хүн бүр адилгүй, хүлэг бүр жороогүй" гэдгийг ухамсарлан ойлгож, аливаа үл ойлголцол, буруушаалт болон ялгаварлан гадуурхалтын эсрэг байх нь хамгийн чухал юм.
БАРИМТ 7
Бидний хэн нь ч хэзээ, ямар гэр бүлд, ямар царай төрх, бие хаа, оюун ухаантай төрөхөө сонгодоггүй тул нэг нэгнийхээ сэтгэн бодох, харах өнцгийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, ойлгож, хүндлэх нь сэтгэл гутрал, айдас түгшүүрт хором хормоор автсаар байгаа бидний нийгмийг илүү энэрэнгүй, хайраар дүүрэн байлгах түлхүүр билээ.
БАРИМТ 8
Neurodiversity хэмээх ойлголт сүүлийн жилүүдэд ихээхэн түгж, боловсролын байгууллагууд сурагч, оюутан бүрийнхээ онцлогт тохирсон сургалтын хөтөлбөр боловсруулж, орчин нөхцөлийг шинэчилж байгаа бол аж ахуй нэгж, компаниуд ялгаатай сэтгэхүйтэй хүмүүсийг нэг хивэнд цутгачихсан мэт ижил түвшинд байхыг шаардахаа больж, өнгө өнгийн мэт өөр хүмүүсээр багаа бүрдүүлж, илүү бүтээлч ажиллахыг эрхэмлэдэг болсон.
БАРИМТ 9
Тиймдээ ч дэлхийн хэмжээний томоохон компаниуд хүн бүрийн онцлог, өөр байдлыг хүндэлсэн орчин, дотоод соёл, үйл ажиллагааны горим нэвтрүүлж, ялгаатай байдлыг ажилчдадаа танин мэдүүлж, тэдгээрийн дахин давтагдашгүй, онцгой ур чадварыг дэмжин хөгжүүлэхэд анхаарсаар байна.
БАРИМТ 10
Үүний нэгэн тод жишээ бол Стэнфордын анагаах ухааны их сургуулиас зохион байгуулдаг “Стэнфордын сэтгэхүйн олон янз байдлыг дэмжих төсөл” юм. Уг төслийн хүрээнд маш олон төрлийн хурал чуулган, хичээл семинар, төсөл хөтөлбөрүүд, хүүхдийн зуны зуслан хүртэл хэрэгждэг ажээ.