Эдийн засаг, Хөгжлийн сайд Л.Гантөмөрийн саналаар Ж.Батзанданг Засгийн газрын Бүрэн эрхт томилоод хоёр сар гаруйн нүүрийг үзэж байна. Тэрбээр стратегийн ордуудын 34 хувийг төр авах хэлэлцээр, хайгуулын лицензээ аваагүй ордуудын хэдэн хувийг төрд авах вэ гэдгийг шийдэх хэлэлцээрт тус яамыг төлөөлөн оролцох үүрэгтэй болсон гэсэн үг.
БЭТ Ж.Батзандан "Алдагдсан баялгийг ард түмэнд эргүүлэн авчрах, баялгийн санг баян болгох" үүрэг хүлээсэн гэдгээ ойлгочихсон л яваа юм билээ. Гэхдээ томоохон компаниудын төрд төлөөгүй мөнгөний танилцуулгаас илүү энэ бүхний эцсийн үр дүн чухал. "Ачит Ихт"-ийн төлөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн 144 тэрбумыг төлүүлж чадах уу, үгүй юу. Будилаантуулсаар ирсэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох зөвшилцөлд эцсийн цэгийг хатгаж чадах уу, үгүй юу гэдэг өөр асуулдал л даа. БЭТ хүртэл "Ачит Ихт"-ийн хувьцаа эзэмшигч "Цаглабар"-ын учрыг олохгүй самбар ширтээд зогсож байхад цаана нь юу ч байж мэднэ.
Өдийг хүртэл төрд өгөхөө өгөөгүй "Ачит Ихт" компани зардлаа өсгөж, "Степпе Арена" руу их хэмжээний хөрөнгө шилжүүлсэн нь ямартай ч Ж.Батзандангийн анхаарлыг татаж л байгаа юм билээ. "Нийгмийн сайн сайхны төлөө" хэмээх халхавчин дор П.Цагааны үүсгэн байгуулсан компаниас П.Цагааны эзэмшил рүү хөрөнгө цутгасныг бас мэдээд л байгаа юм. Гэхдээ эцсийн дүндээ энэ бүхнийг мэдлээ гэж БЭТ юу хийж чадах нь сонин.
Алдагдсан баялагийг авчрах үүрэг хүлээсэн БЭТ-өөс мэдээлэл сонслоо, одоо даруй үр дүн хармаар. Томоохон компаниуд манлайлахгүй байгаа үйл хэрэгт толгойг нь илсээр өөгшүүлсэн төр буруутай бус уу. Одоо том дуугарсан БЭТ-ийн хийх ажлыг "Ачит Ихт"-ээс эхлээс харж л байя.
М.Жаргал
Сэтгэгдэл (9)