БАРИМТ 1
1907 онд төрж 1977 онд насан өөд болжээ.
БАРИМТ 2
Завхан аймгийн Идэр сумын уугуул.
БАРИМТ 3
Лхагва арслан нь олноо “хамбын бор”, “урт гарт” хэмээн алдаршсан үнэнхүү алдарт, аваргын энтэй арслан байжээ.
БАРИМТ 4
Тэрээр их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд хилс хэрэгт холбогдож, 1939-1946 онд шоронд хоригдож байв.
БАРИМТ 5
Лхагва арслан бөхийн их удамтай бөгөөд төрсөн ах Дэндэв нь аймгийн заан, Намбар нь улсын заан цолтой.
БАРИМТ 6
Маамын Лхагва нь анх 1931 оны улсын наадамд зодоглож их шөвөгт Архангайн “хуягтын” Банзрагчийг орхин 10-ын даваанд цэргийн бэлтгэлийн хурандаа Мангалын Бэх-Очиртой үлдэн үзүүрлэж улсын заан цолд хүрчээ.
БАРИМТ 7
Түүнийхээ хойтон жил их шөвөгт шалгарч олон түмэнд “цагдаа” Содном хэмээн алдаршсан Долгорын Содном заанд унажээ. 1933 оны улсын баяр наадамд улсын начин С.Осор, улсын заан Ж.Лувсанбалдан, улсын арслан Ш.Гилэг, улсын арслан Д.Данзан нарыг орхин 10 даван түрүүлж “Улсын арслан” болсон.
БАРИМТ 8
М.Лхагва улсын наадамд хоёр удаа найм, нэг зургаа давсан. Улсын баяр наадамд зургаан удаа тав давсан шилдэг хүчтэн байлаа. Нийт 11 шөвгөрсөн.
БАРИМТ 9
Москвад цэргийн академи төгссөн хамгийн өндөр боловсролтой бөх байсан.
БАРИМТ 10
1939 оны улсын баяр наадамд улсын заан Д.Гонгор, улсын арслан Л.Балсан, улсын арслан У.Дамчаа нарыг дараалан шороодуулж, залуу бөх Б.Түвдэндоржид өвдөглөн үзүүрлэсэн байна. Энэ наадамд тэрээр Архангай аймгийн харьяат, улсын арслан Д.Төрбаттай ярилцаж “Би зүүн тийш, чи баруун тийш харж барилд” хэмээснээр Дорнод аймгийн харьяат бөхчүүдийг дараалан шороодуулж, үзүүрт цэргийн залуу бөх Түвдэндоржийг өвдөглүүлсэн боловч маршалыг доромжилсон хэргээр үзүүрлэсэн гэгдэж, наадмын дараахан баривчлагдан 7 жил шоронд суусан байдаг.
БАРИМТ 11
Шоронгоос гарсныхаа дараа 1946, 1947, 1948, 1950, 1951 оны наадмуудад 5 даван шөвгөрсөн байдаг. Мөн 1934, 1935, 1936 онуудад шөвгөрч түрүү үзүүрийн бөхчүүдэд унажээ.
БАРИМТ 12
түргэн шуурхай барилдаантай, суйлах, эгэмдэж тахимдах, сугадаж аль ч талаараа тонгорох мэхтэй дайчин бөх байжээ.
Сэтгэгдэл (2)