Ард түмэн баялагаа хүртсээр ирсэн бол цагийн төрх ямар байх байсан бол... Үнэндээ хэзээ ч хүртээгүй баялагтаа нэг л өдөр "эзэн" нь гэж цоллуулна. Гэтэл энэ сайхан үгний ард нуугдсан хэдхэн гэр бүл бүхний оройд заларч байгаа нь тохуутай ч юм шиг үзэгдэл л дээ. Өнөөдөр төр зарим ордуудыг хувийн халааснаас авахаар хөдөлгөөнд орж, эх адгийн булингарыг илчилж байгааг цөмөөр үзэж байна. Гэлээ гээд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний хэмжээний томоохон компаниуд буюу баялагийг ашиглагч нар чих нь дүлий, нүд нь балай байна. Ард түмний хувийг төрд өгөхөд манлайлахын оронд яаж авч үлдэхээ л бодож байгаа гэвэл үнэнд ойртож магад. Уг нь Үндсэн хуульд зааснаар "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн". Гэтэл ус нь эрэгтээ хашигдахгүй, эзэн нь эдээ мэдэхгүй болоод удсан нь энэ.
Ганцхан жишээ дурдъя. "Ачит Ихт" гэж ам хэл дагуулсан компани байна. Энэ компанийг сайд асан П.Цагаан гэр бүлийн хамт эзэмшдэг.
Өдийг хүртэл ямар ч ногдол ашиг төлөлгүй явж ирсэн нь хачирхалтай. Монголын байгалийн баялагаас үр удмаараа эзэмшигчид. Ичсэн нүүрэндээ өнөөдөр хамгийн түрүүнд өгөх хувиа бариад гүйж баймаар сан. Гэхдээ төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, Баялагийн сангийн хуулийг хэрэгжүүлэхэд бэлэн л гэсэн юм билээ. Тэгэхгүй гээд ч яах юм, асуудал нь мундсан биш. Хувьцаа эзэмшигч болох "Цаглабар" компанийх нь учрыг БЭТ Ж.Батзандан ч олохгүй байгаа нь сонин л доо. Цаашаа хөвөрдвөл "Ачит Ихт" компани зардлаа өсгөж "Степпе Арена" руу их хэмжээний хөрөнгө шилжүүлсэн байна. Хамгийн инээдтэй нь "нийгмийн сайн сайхны төлөө" хэмээх халхавчин дор П.Цагааны үүсгэн байгуулсан компаниас П.Цагааны эзэмшил рүү хөрөнгө цутгажээ. Үүнийг "групп болоод мөнгө угааж байгаа хэлбэр" гэж Ж.Батзандан л хэлж байгаа болохоос дэгсгүй л харагдана. Тэгээд зогсоогүй, "Талын метал нутаг" компани руу хаягдал зэс нэрээр их хэмжээний зэс шилжүүлж байгаа гэх. Үнэндээ 34 хувьд ногдох ногдол ашгаа төлөлгүй өнөөдөрт хүрчихээд, 144 тэрбумаа барагдуулахгүй явсаар байж нийгмийн нэр барьж дотроо эргэлдүүлдэг "ямар их мөнгөтэй юм бэ" гэмээр л байгаа биз. "Ачит Ихт"-ийн дотор орооцолдсон утас шиг эмх цэгцгүй асуудал байгаа нь дээрх баримтаас уншигдаж байх юм.
Үндсэн хуульд "Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно" гэсэн заалт бий. Өдгөө эзэмшигчид нь төрийн өмнө хөл гаргүй, нүд чихгүй болсон байна.
Шударга ёс, ард түмний өмч, баялаг бүтээгч гээд л сүржин, даржин үгсийг залхтал сонссон ч үнэндээ "сайхан амьдрах, баялаг бүтээх" орон зай даанч давчуу. Энэ мэт томоохон компаниуд улсаасаа их төсөвтэй болж, ямар нэгэн баялагийн эзэн гэгддэг ард хүний амьдрал нэг л янзаараа.
Баялагийг бүтээгчид олон саад бэрхшээлийг давж байхад баялагийг ашиглагчид буюу "залгигчид" тусгаар болон цатгалдаж байна. Өнөөх шударга ёс гэж энэ үү?
Одоо хэдэн компани ард түмний хувийг өгөхөөр болоод байгааг эрэмбэлж, ажилдаа эртхэн гарахгүй юм уу. Монголд юмс сунжрахдаа юутай гарамгай билээ. Шалгаж байна, ярилцааж байна гэсээр мартагнуулдаг арга техник танил шүү дээ.
М.Жаргал