Украины арми Москвагийн талаас зарласан 30 цагийн "Улаан өндөгний баярын эвлэрэл" дууссанаас хэдхэн цагийн дараа Оросын нисгэгчгүй онгоцнууд хэд хэдэн бүс нутагт довтолсон тухай мэдээлэв. Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр Киев муж, түүнчлэн Херсон, Днепропетровск, Черкассы, Николайев, Запорожжид хотод дайралт болжээ.
ОХУ-ын цэргийнхэн уг халдлагын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Владимир Путины зарласан эвлэрэл Москвагийн цагаар ням гарагийн шөнө дунд (GMT 21:00) дуусч, хоёр тал бие биенээ гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэж буруутгаж байна. Даваа гаргийн үүрээр Украины хэд хэдэн хот, тэр дундаа нийслэл Киев хотын оршин суугчдыг нисгэгчгүй онгоцоор дайрах аюулын улмаас ойролцоох хоргодох байр руу нэн даруй очихыг орон нутгийн эрх баригчид уриалав.
Дайныг зогсоохыг хичээж буй АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гаргийн орой "Орос, Украин хоёр энэ долоо хоногт хэлэлцээр хийнэ гэж найдаж байна" гэж мэдэгдэв. Тэрбээр өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй.
Орос улс 2022 оны хоёрдугаар сарын 24-нд Украинд бүрэн хэмжээний довтолгоо хийж эхэлсэн бөгөөд одоогоор Украины газар нутгийн 20 орчим хувь, тэр дундаа 2014 оноос маргаантай байсан Крымын өмнөд хойгийг хянаж байна.
2022 оноос хойш олон зуун мянган хүн, тэдний дийлэнх нь цэргүүд амь үрэгдэж, шархадсан гэсэн тооцоо бий. Өнгөрсөн сард Москва АНУ болон Украины тохиролцсон гал зогсоохын хэлэлцээрийн хариуд болзлын жагсаалтыг гаргаж ирсэн.
Л.Баяр