Парламент 126 гишүүнтэй болж, залуучуудаар эгнээгээ тэлсэн нь нэг талаар зарим хүнд хүлээлт үүсгэж байжээ. Тэдэнд Хотын дарга Х.Нямбаатар ихээхэн найдлага тавьж байсан бололтой. Гэтэл одоо УИХ дахь шинэ үеийнхэнд их л "гонсойсон" янзтай. Хотын мээр "хамтдаа хөгжих, хотоо хөгжүүлэх" хүсэлтэй байгаагаа байнга илэрхийлж, Засгийн газраар хүртэл дэмнүүлж байгаа ч хотын төсвийг ойлгох залуу хүн олдохгүй байгаад бухимджээ. Газар чөлөөлөх гэж ганьж яваа Х.Нямбаатарыг Улаанбаатарт байтугай УИХ-д ойлгох хүн ховордсон юм уу, цухалдуу.
Манай хотод машины дугаар, татвар татаас, бүтээн байгуулалт, засвар шинэчлэл гээд бараг л "өөрчлөн байгуулалт" өрнөх шинжтэй. Бид түүхийн зааг дээр зогсоод байгаа ч юм шиг, дампуурлын ирмэг дээгүүр алхаад байгаа ч юм шиг. Хотынхон даргаа ойлгохгүй, яадаг ч байсан эвлэрсэн дүртэй сууж байтал "итгэж байсан" шинэ үе нь нулимаад эхлэхээр даргын толгойтой үс сэгсийсэн дээрээ бүр ч сэгсийв.
Тийнхүү явахад нь УИХ-ын гишүүн Б.Жаргалан нийслэлийн галзуурлыг цаагуураа Х.Нямбаатарын галзуурсныг гайхаж байгаад "галзуу популист" боллоо. Тэрбээр 32 км замыг 2.3 их наяд төгрөг буюу нэг километрын зардал нь 74.5 тэрбум төгрөг байна гэж бичээд "Шинэ үеийнхэн арай өөр байх болов уу гэж хүлээж байсан. Өмнөх үеийнхнээсээ илүү популист байна гэж бодсонгүй" хэмээх халаглалыг хүртсэн байна.
Ийнхүү хотын дарга ажлаа тайлбарлаж "2013 онд зарлагдаж 2014 онд ажил нь эхэлж 2023 онд ашиглалтад орсон 750 метр урт Олимпын гүүр 42 сая ам.доллар буюу 147 тэрбумын өртөгтэй. Наадамчдын авто зам дээгүүр баригдах 800 метр 4 эгнээ гүүрэн байгууламжийн магадлалаар батлагдсан төсөвт өртөг 120 тэрбум төгрөг. Саяхан шинээр баригдсан 400 метр 6 эгнээ наадамчдын гүүрний төсөвт өртөг 77 тэрбум төгрөг. Яг энэ ханшаар бодоход 10км гүүрэн байгууламж дангаараа 2 их наяд төгрөг болно. Туулын хурдны замын төсөвт өртгийг олон улсын стандартын дагуу тооцоолсон. Туулын хурдны зам нь 6 эгнээ 32км бөгөөд үүнээс 13км гүүрэн байгууламжтай юм. Дэлхийн ямар ч улсын гүүрэн байгууламж бүхий хурдны замын төсөвт өртөг ойролцоогоор 70-80 тэрбум төгрөг байдаг. Энэ жишгийн дагуу мэргэжлийн байгууллагууд, төсөвчид энэ тооцооллыг гаргасан" хэмээн дурайтал бичсэн байгаа юм.
Сэтгэгдэл (4)