“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драм жүжгүүд тун удахгүй Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Тус жүжгүүдийн зохиолч Балжирын Сүнжидмаа нь Швейцарь улсын Базель хотод амьдардаг бөгөөд “Монгол гэр” нийгэмлэгийн гүйцэтгэх захирлаар ажилладаг юм. Тэрбээр 2024 онд “Фрея” монодрамын жүжиг бичиж, өөрөө найруулан Швейцарийн Базель хотноо толилуулсан билээ. Харин энэ удаад түүний дараагийн уран бүтээл “Хүүхэлдэй” монодрамын жүжгийг найруулагч Я.Билгүүнсар, “Болзоо” монодрамын жүжгийг найруулагч И.Оюун-Эрдэнэ найруулж, зураач Б.Одсүрэн, Б.Мөнхцэцэг нар ажиллажээ.
“Хүүхэлдэй” жүжигт Ч.Сэлэнгэ, “Болзоо” жүжигт Н.Бямбасүрэн нар тоглох юм. Ийнхүү нэгэн тайзнаа зэрэг амилах “Хүүхэлдэй”, “Болзоо” монодрамын жүжиг 2025 оны 4 дүгээр сарын 26, 27-нд Монгол Улсын Хүүхэлдэйн театрт 19:00 цагаас үзэгчдийн хүртээл болно.
Б.Сүнжидмаа нь жүжгийн зохиолчоос гадна өөрийн үүсгэн байгуулсан “Монгол гэр” нийгэмлэгээр дамжуулан 2019 оноос эхлэн Монгол уран бүтээлчдээ европын улс орнуудын соёл урлагтай танилцуулж, тэдний уран бүтээлийг түгээн дэлгэрүүлсээр иржээ. Өнгөрсөн хугацаанд байгалийн гэрэл зурагчин Х.Сэргэлэнбаатар, зохиолч орчуулагч Мө.Батбаяр, жүжигчин, найруулагч Г.Мишээл, жүжгийн зохиолч О.Элбэгтөгс, яруу найрагч, зохиолч Б.Алтанхуяг нарын уран бүтээлчдийн Швейцарь, Герман, Итали, Франц орон дахь аялалыг санаачлан гэрэл зургийн үзэсгэлэн, монодрам жүжгийн тоглолт, яруу найргийн уншлага, уулзалтуудыг зохион байгуулжээ.
Театрын урлагийг дэмжигч үзэгч та бүхэн дараах дугаарт холбогдон тасалбар захиалах боломжтой. 99291830, 96860305.