Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэл хотод аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.
Аялал, жуулчлалын бизнес эрхлэгчдээс замын түгжрэлтэй холбоотой жуулчин тосох, зочин угтах үйлчилгээг нэгдсэн журмаар хийх боломжтой эсэх талаар санал гаргасан юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэлийн зүгээс та бүхний санал санаачилгыг дэмжиж ажиллахад бэлэн байна. Бид хот орчмын аялал, жуулчлал болон бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил зохион байгуулахаар ажиллаж байна. Мэдээллийн самбар байршуулах, өндөр хурдны утасгүй интернэтийн сүлжээ байршуулах ажлыг яаралтай зохион байгуулна” гэв.
Нийтийн тээврийн бодлогын газраас 45 хүний суудалтай тохилог автобусаар үйлчлэх, нэгдүгээр эгнээгээр зорчуулж жуулчдыг түргэн шуурхай буух газарт нь хүргэх боломжтой. Үүнийг хамтран нэгдсэн зохион байгуулалтад оруулснаар жуулчин тосохтой холбоотой түгжрэлд үзүүлэх нөлөөллийг бууруулах, зочдыг түргэн шуурхай хүргэх, нэгдсэн системтэй болох зэрэг давуу тал үүсэх юм. Мөн аялал, жуулчлалын бизнес эрхлэгчид Гандантэгчэнлин хийд, Сүхбаатарын талбай зэрэг жуулчид ихээр зорчдог газруудад өндөр хурдны утасгүй интернэтийн сүлжээ нэвтрүүлэх, нийтийн тээврийн чиглэл, такси үйлчилгээний мэдээлэл, тухайн газрын түүх, онцлог, зочид буудал, зоогийн газрын байршлын мэдээллүүдийг агуулсан самбар байрлуулах шаардлагатайг албаныхан тодотгов.
Уулзалтад Нийслэлийн ЗДТГ-ын дарга, УБЗАА-ны дарга, Нийслэлийн аялал, жуулчлалын газрын дарга, нийтийн тээврийн бодлогын газрын дарга нар оролцсон юм.