Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монгол улсын Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын дунд “Бүтээмж ба шийдэл” мэтгэлцээний тэмцээнийг зохион байгууллаа.
Албан хаагчдын идэвх санаачилга, хандлага, оролцоог нэмэгдүүлэх, нийслэлд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, нийгэмд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, сорилтыг даван туулах, зөрчлийг шийдвэрлэх, ялгаатай байдлыг хүндэтгэх, өөрсдийн бодлоо зөв цэгцтэй илэрхийлэх, багаар ажиллах үндсэн ур чадварт сургах зорилгоор уг тэмцээнийн 4 дэх жилдээ зохион байгуулсан юм.
Тэмцээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудаас 13 баг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраас 5 баг оролцов. Тэмцээн нээлттэй зарласан 16 шийдлийн хүрээнд хэсгийн тоглолт, хасагдах шат, хагас шигшээ, аваргын төлөө тоглолтуудаар үргэлжилсэн ба багууд оюун ухаан, ур чадвараа уралдуулан мэтгэлцэж, сонирхолтой тоглолтуудыг гаргаж байв.
“Бүтээмж ба шийдэл” мэтгэлцээний дөрөвдүгээр тэмцээнд тэргүүн байранд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, дэд байрыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, гутгаар байранд нийслэлийн Өмчийн харилцааны газрын баг тус тус шалгарав.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС