Монгол хэл, бичгийн шалгалт энэ сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан. Энэ шалгалтад өмнөх оны төгсөгчид болон 12 дугаар анги төгсөж буй 41433 шалгуулагч бүртгүүлснээс 39964 шалгуулагч буюу 96.5 хувь нь амжилттай хамрагджээ.
Харин 10, 11 дүгээр ангийн нийт 43786 шалгуулагч бүртгүүлснээс 43138 шалгуулагч буюу 98.5 хувь нь шалгалтад амжилттай хамрагдсан байна. Энэ жил монгол хэл бичгийн шалгалтад нийт 85119 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 83102 буюу 97,5 хувь нь амжилттай хамрагджээ.
Монгол хэл, бичгийн шалгалт нь шалгуулагчид задгай даалгавар дээр ажилладаг учир бусад шалгалтаас онцлог. Тодруулбал, эсээ бичиж, монгол бичгээс хөрвүүлдэг учраас засахад тодорхой хэмжээний хугацаа шаарддаг. Энэ жилийн хувьд 10, 11 дүгээр ангийн шалгуулагчид нэмэгдсэн нь илүү хугацаа шаардагдах нөхцөл болсон байна. Өмнө 12 дугаар ангийн шалгалтын материалыг ажлын 14 хоногийн хугацаанд засаж, үр дүнг мэдээлдэг байсан бөгөөд энэ хугацаандаа багтаахаар ажиллаж байгаа аж.