Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина. Энэ хүрээнд 5 га талбайг чөлөөлнө. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнгөрсөн бямба гарагт тус байршилд ажиллалаа.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “1984 оноос хойш 41 жилийн хугацаанд Улаанбаатар хот нэг ширхэг ч эрчим хүчний эх үүсвэр нэмж бариагүй. Үүнээс шалтгаалан Улаанбаатар хотын барилгажих үйл явц маш удаашралтай байна. Иймээс нийслэлийн баруун бүсийн дулаан хангамжийг нэмэгдүүлэхээр ирэх тавдугаар сард багтаан ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангасан. Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг гаргаж, ТЭЗҮ-ийг дахин шинэчилсэн юм. Шинэ ТЭЗҮ-д уг төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан 10 га талбайд ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барьж багтахгүй гэдэг дүгнэлт гарсан. Иймээс газар чөлөөлж, нийт 15 га талбайд ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ. Тиймээс 5 га талбайн газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж буй 26 иргэн, хуулийн этгээдийг дулаан болон цахилгаан хангамжийн найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх их хотын бүтээн байгуулалтад эх орончоор хандаж, зөвшилцөхийг уриалж байна” гэв.
Газрыг чөлөөлөхдөө нөлөөлөлд өртөж буй аж ахуйн нэгж байгууллагуудад Газрын тухай хуульд заасны дагуу нөхөн олговрыг өгөх, эсхүл дүйцүүлж газар олгоно гэдгийг мөн онцолсон юм.
Төслийн ач холбогдол:
- ТЭЦ-5 станц нь Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Толгойт, Баянголын ам, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хорооллыг дулаанаар хангана.
- Нийт 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэж, Улаанбаатар хотын хэрэглээг хангаад зогсохгүй импортоор авах цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулна.
- Ойролцоогоор 51 мянган айлыг төвийн дулаан хангамжаар хангана. Өөрөөр хэлбэл иргэдийг найдвартай, тогтвортой цахилгаан, дулааны эрчим хүчээр хангаж, тав тухтай амьдрах нөхцөл дээшилнэ.
- Агаарын бохирдлыг бууруулна.
- Эрчим хүчний системийн чадлын тохируулга, тогтвортой ажиллагаа сайжирна.
- Утаанд агуулагдах хорт хийг 99 хувь шүүнэ.
- Дулаан болон уур үйлдвэрлэх хүчин чадалтай. Уур үйлдвэрлэснээр тухайн орчимд байрлах хүнс болон боловсруулах үйлдвэрүүдийн бүтээмж нэмэгдэнэ.
Мөн Улаанбаатар хотын инженер хангамжийн төлөвлөгөөнд Амгалан ДЦС-ийг дахин өргөтгөж, хотын зүүн бүсийн дулаан хангамжийг нэмэгдүүлнэ. Ингэснээр ТЭЦ 4-ийн хотын зүүн бүс рүү түгээх ачаалал буурах ач холбогдолтой.