Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/-ийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг дараах үгийг хэллээ.
Тэрбээр "Одоо биш өмнө нь дэлгэрэнгүй ярьж ойлгуулах хэрэгтэй байсан. Хувийн хэвшилдээ бэлтгэл хангах хугацааг өгөх байсан. Одоо хувийн хэвшил эсэргүүцээд байна шүү дээ. Аливаа шийдвэрийг боловсруулж оруулж ирэхээсээ өмнө нуудаг, дарга нарын ярьсан зүйлийг болчихсон мэт ярихаа болих хэрэгтэй. Энэ бол хандлагын алдаа. Гишүүд ч олон нийттэйгээ адилхан мэдээлэлгүй байна. Бодит зах зээлийн давуу байдлыг олж авах хэчнээн ААН байгаа юм бэ. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал зах зээлийн багтаамжаасаа хамаараад монопол талдаа байж магад. Гэхдээ бизнес хийж байгаа ААН, байгууллагуудаа хуйвалдагч нар, капитал, залхуу гэж хэлж болохгүй. Тийм бол өөдөөс нь хараад хэлэх хэрэгтэй.
Төр үүнд бэлэн байна уу, дэд бүтэц, хүний нөөцийг нь бэлдэж өгч чадаж байна уу. Энэ бүхэнд тулгуурлаад гурван жилийн түр хэлэлцээр 30 жилийн гамшиг болох вий дээ гэсэн болгоомжлолыг л яриад байгаа юм" гэлээ.