Одоогоос жилийн өмнө Турк болон НҮБ-ын зуучлалын гэрээ нь Оросын түрэмгийллийн хажуугаар Украины боомтуудаас үр тариа тээвэрлэж буй хөлөг онгоцуудыг аюулгүйгээр нэвтрүүлэх боломжийг олгосон юм. НҮБ-ын мэдэгдэлд дурдсанаар уг хэлэлцээр нь Украины боомтоор бараг 33 сая тонн хүнсний бүтээгдэхүүн экспортлох боломжийг олгосон байдаг. Жилийн хугацаатай тус тохиролцооны хугацаа дуусахаас хэдэн цагийн өмнө Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков буудай экспортлох гэрээг сунгахгүй хэмээсэн нь олон улсын шүүмжлэлд өртөөд байна.
Энэ мэдэгдэл гарахаас өмнө Крымын хойгийг ОХУ-тай холбодог гүүр дээр Украины тал террорист халдлага хийсэн гэж Москва мэдээлсэн билээ. Хар тэнгисийн тохиролцоог сунгахгүй гэж Песков хэлсний дараа дэлхий даяар улаан буудай, эрдэнэ шиш, шар буурцгийн үнэ өсөөд буй.
Тухайлбал улаан буудай нэг бушель (27.21 кг) нь 689.25 цент хүрч өнгөрсөн жилийн зургаадугаар сарын 28-аас хойш үзэгдээгүй өндөр үнэ хүрчээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш улаан буудайны тохиролцоог сунгахгүй байх нь “Зуу зуун сая хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэж, амьжиргааны өртгийн хямрал үүсгэнэ. Энгийн хүмүүс хамгийн их хохирно” гэж хэлжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (6)