Украины ерөнхийлөгч Даваа гарагт ОХУ-ын Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрээс гарах шийдвэрийг буруушааж, "Аливаа үндэстний хүнсний аюулгүй байдлыг хэн ч устгах эрхгүй шүү" гэж мэдэгдэв.
Орос улс Украины үр тариаг экспортлохыг зөвшөөрсөн чухал хэлэлцээрт оролцохоо зогсоож байна гэж мэдэгдсэн нь дэлхийн хүнсний хангамжийн талаарх болгоомжлолыг дахин нэмэгдүүлж байгаа том асуудал болоод байна.
"Хэрэв Кремлийн хаа нэгтээ байгаа хэсэг хүмүүс Египет эсвэл Судан, Йемен эсвэл Бангладеш, Хятад эсвэл Энэтхэг, Турк эсвэл Индонез зэрэг өөр өөр оронд хоолны ширээн дээр байх эсэхээ шийдэх эрхтэй гэж бодож байвал ... Дэлхий дахинд шантааж хийхийг хэнд ч зөвшөөрөхгүй гэдгийг харуулах боломж бий" гэж Ерөнхийлөгч Владимир Зеленский яриандаа дурдав.
Жилийн өмнө Турк болон НҮБ-ын зуучлалын гэрээ нь Оросын түрэмгийллийн хажуугаар Украины боомтуудаас үр тариа тээвэрлэж буй хөлөг онгоцуудыг аюулгүйгээр нэвтрүүлэх боломжийг олгосон юм. НҮБ-ын мэдээлснээр уг хэлэлцээр нь Украины боомтоор бараг 33 сая тонн хүнсний бүтээгдэхүүн экспортлох боломжийг олгосон байдаг.
"ОХУ бидний хүнсний аюулгүй байдалд заналхийлсэн. Үүний цорын ганц байж болох үр дагавар нь хүнсний зах зээлийн тогтворгүй байдал, хүнсний импортоос ихээхэн хамааралтай орнуудын нийгмийн эмх замбараагүй байдал юм. Украины хүнс бол дөрвөн зуун сая хүний амьдралын баталгаа юм" гэж Зеленский хэлэв.
Зеленкий "хэлэлцээр Оросгүйгээр үргэлжлэх ёстой" гэж мэдэгдэв. Тэрбээр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нарт уг санаачилгыг үргэлжлүүлэх саналтай албан бичиг илгээсэн гэдгээ мэдэгдэв.
Л.Сайнаа