Мягмар гарагт Гондурасын эмэгтэйчүүдийн хорих ангид бослого гарсны улмаас 41 хүн амиа алджээ. Шоронд талцсан бүлэглэлүүдийн хооронд ширүүн зодоон болж, улмаар нэг бүлэглэлийнхэн нь камер шатаасан гэж ойлгож болно. Албаныхны хэлж буйгаар гал түймрийн улмаас дийлэнх нь амиа алдсан ч хохирогчдын зарим нь буудуулж нас барсанг гэрчилжээ.
Тус улсын Аюулгүй байдлын дэд сайд Жулисса Виллануева онц байдал зарлаж, хүчирхийллийг таслан зогсоохоо амласан байна.Тэрбээр мөн гал сөнөөгчид, цагдаа, цэргийнхэнд хөндлөнгөөс бослогод оролцох эрхийг өгсөн гэнэ. Тэр мөн "Хүний амь нас эрсдэхийг тэвчихгүй" гэж хэвлэлд ярьжээ.
Амиа алдсан хүмүүс бүгд Гондурасын нийслэл Тегусигальпа хотоос 20 км-ийн зайд орших, 900 орчим хүн хоригдож буй тус шоронд хоригдож байсан хүмүүс ажээ. Түүнчлэн гэмтсэн, түлэгдсэн өөр хэд хэдэн хоригдлыг эмнэлэгт хүргэсэн байна. Олон нийтийн сүлжээнд тавигдсан видео бичлэгүүдэд эмэгтэйчүүдийн шоронгоос асар том саарал утаа дэгдэж байгааг харуулжээ.
Гондурас нь авлига, бүлэглэлийн гэмт хүчирхийллээрээ алдартай. Тэдний гэмт үйлдэл төрийн байгууллагуудад нөлөөлж, хүн амины хэрэг өсөх хандлагатай байгаа. Тиймээс ч тус улс бүлэглэлтэй хатуу тэмцэх аян өрнүүлсэн. Тус улс хөрш Эль Сальвадор, Гватемалтай хамт Өмнөд Америкаас АНУ руу орж ирдэг кокаины дамжин өнгөрөх гол зам болоод байгаа. 2019 онд хойд нутгийн Тела боомт хотын шоронд гэмт бүлэглэлийн хүчирхийллийн улмаас наад зах нь 18 хүн амиа алдаж байсан гашуун түүхийг ч сөхөж болно.
Л.Сайнаа