НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганаар 2000 оны арванхоёрдугаар сард тогтоол баталж, 2001 оноос эхлэн жил бүрийн зургадугаар сарын 20-ныг дэлхийн дүрвэгсдийн өдөр болгон тэмдэглэж, дэлхийн олон газрын дүрвэгсдийн бэрхшээлтэй асуудалд анхаарлаа хандуулж байхыг хүмүүст сануулахаар шийджээ. Анх энэ өдрийг Африкчууд тэмдэглэдэг байсан бөгөөд Дэлхийн дүрвэгсдийн өдрийг Африкийн дүрвэгсдийн өдрийн хамт зургадугаар сарын 20-нд тэмдэглэж байхыг Африкийн нэгдлийн байгууллага зөвшөөрсөн байдаг.
1950-аад оны сүүлээр дүрвэгсдийн гол асуудал зангилаа Европ тивээс бусад тивд, юуны түрүүнд Африкт шилжжээ. Сүүлийн 10 жилд энэ үзэгдлийн газар зүйн байрлал Өмнөд Ази, Ойрх Дорнод, Балканаар мэдэгдэхүйц өргөжжээ. НҮБ дүрвэгсдийн талаар хариуцлага хүлээх ёстойгоо хүлээн зөвшөөрснөөр 1950 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей НҮБ-ын дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн дээд комиссарын газрыг байгуулсан юм. Энэ байгууллага 1951 оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Дүрвэгсдийн энэ байгууллага дүрвэгсдийг олон улсын хамгаалалтад авах, тэдний асуудлыг найдвартайгаар шийдвэрлэх арга замыг хайхыг эрмэлзэх гэсэн хоёр үндсэн үүрэгтэй аж.
1951 онд НҮБ-ын дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн дээд комиссарын газар аргагүйн улмаас орон гэрээ орхисон хүмүүсийн эрх, ийм хүмүүсийн талаар улс орнуудын хүлээх үүргийг тодорхойлсон "Дүрвэгсдийн статусын тухай" конвенцийг батлахыг санал болгожээ. Тэр цагаас хойш конвенцийг 140 гаруй улс батлаад байна.
Энэ сарын 14-ний өдөр Дэлхий даяар зөрчил мөргөлдөөн, хавчлага, хүний эрхийн зөрчлийн улмаас орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрсэн хүмүүсийн тоо 110 саяд дөхөж байна гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас мэдээллэсэн билээ.
“Дүрвэгсдийн тоо ийм хэмжээнд хүрсэн нь манай дэлхийн хувьд жинхэнэ "ялын тогтоол" болж байна” гэж Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди Швейцарын Женев хотноо тайланг танилцуулах үеэрээ сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Өнгөрсөн онд л гэхэд дүрвэгсдийн тоо 19 саяар нэмэгдсэний дотор Украины 11 сая гаруй иргэн багтаж байна. Ингэснээр Украины дайн нь Дэлхийн II дайнаас хойш хамгийн богино хугацаанд, хамгийн олон хүнийг дүрвэхэд хүргэсэн мөргөлдөөн болж байна.
Дэлхий даяар орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрсэн хүмүүсийн дийлэнх нь дотооддоо дүрвэсэн хүмүүс бол гурваны нэг буюу 35 сая нь бусад улс орон руу дүрвэн гарчээ. Дүрвэгсдийн дийлэнхийг Европ, Хойд Америкийн чинээлэг орнууд бус харин Ази, Африкийн бага, дунд орлоготой орнууд хүлээн авч байна гэж Ф.Гранди хэлсэн байна.
Одоогийн байдлаар, Турк улс хамгийн олон буюу 3.8 сая гаруй дүрвэгчийг хүлээн аваад байгаагийн дийлэнх нь иргэний дайнаас дүрвэсэн сиричүүд байна. Тус улсын араас афганчууд голдуу 3.4 сая дүрвэгчийг хүлээн авсан Иран бичигдэж байна. Үүний зэрэгцээ Украины 5.7 сая иргэн Европ тивийн болон бусад орон руу дүрвэжээ. 2022 онд мөн харьяалалгүй хүмүүсийн тоо 4.4 саяд хүрч өссөнийг Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын тайлан мэдээлэл харуулсан ч бодит тоон үзүүлэлт үүнээс ч хавьгүй өндөр байж магадгүй байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос энэ өдөрт зориулан "Дүрвэгсэд энгийн хүмүүс - Яг чам шиг, Яг над шиг" хэмээн уриаллаа.