"Жаргалант уулчдын клуб"-ын дөрвөн тамирчин дэлхийн дээвэр Эверест, дөрөв нь Лхоце уулын оргилд мөрөө гаргаад ирсэн билээ. Бид "Эверест-Лхоце 2023" багийн уулчид болон дасгалжуулагчдын ярилцлагийг цувралаар хүргэж буй. Тус багийн уулчин, "Жаргалант уулчдын клуб"-ын гүйцэтгэх захирал, орчуулагч Б.Золзаяатай цөөн хором ярилцлаа.
-Эверестийн дэргэд байх Лхоце уулын оргилд гарлаа. Ер нь уулын авиралт, техникийн хувьд яаж бэлдэж байв. Ямар саад бэрхшээл, юу тохиолдов?
-Эверест, Лхоце уулс бол бараг л хос оргил. Бид аварилт хийх уулынхаа судалгааг сайн хийсэн. Хийх ч ёстой. Түүнийхээ хүрээнд бэлтгэл сургуулилалт, эзэмших ёстой чадваруудыг эзэмшиж, олон ууланд явсан. ДТД 7000 метр өндөр, зам гараагүй хайрханд явж байсан. Эверест, Лхоце ууланд авирахад Кумбу гэх аюултай мөсөн уулыг гатлах ёстой байдаг. Мөсөн голын хувьд аюултай ангал ихтэй.
Лхоце уулын ихэнх зургийг Эверест талаасаа авсан байдаг болохоор төдийлөн сүртэй харагддаггүй. Гэтэл эрээн булчин амраах ямар ч газар байхгүй. Бид хэчнээн судалгаа хийсэн ч "чанга" хайрхан байсан. Байнгын дөрвөн мөч татаастай, өгсөлттэй, нэг секунд ч бэхэлгээнээсээ гарах боломжгүй. Оргил дээр нь дөрвүүлээ арай л гэж багтаж байсан.
Эверестийг бодвол хүний түгжрэл багатай, харьцангуй өөрийнхөө темпээр санаа амар явж болно. Гэхдээ бидний хувьд илүү техник шаардсан.
-Лхоце хайрхан хэрхэн хүлээж авав?
-ДТД 8000 метрээс дээш ууланд салхины хүч их байдаг. Удаан зогсох боломжгүй. Биднийг авирахад цасан шуургатай гэдгийг зарлачихсан байсан. Хадны нуралт ихтэй. Дээрээс жижиг чулуу сум шиг орж ирнэ.
-Амь насаа алдаж ч магадгүй, тэр үед байгалийн араншин хэд солигдохыг ч таашгүй. Танай гэр бүлийнхэн Эверестэд авирна гэхэд яаж хүлээж авсан бэ?
-Эверестэд авирахаар явах гэж байхад хүү маань их санаа зовсон. Ээж бол эсэргүүцсэн. Наашаа харж ирж инээж, цаашаа харж уйлна гэдэг шиг л. “Ээжээс зөвшөөрөл авч чадахгүй байх” гэж бодоод бэлтгэлээ хийж байсан ч явна гэдэг шийдвэрээ нэлээн хойно гаргасан. Анх удаа үндэсний хэмжээний том баг гарч байна шүү дээ. Аминаасаа уйдсан хүмүүс байгаа биш, бид өөрсдөө ч гэсэн хэчнээн сайн бэлдсэн ч тодорхой хэмжээний айдастай явж байгаа шүү дээ. Явахыг зөвшөөрнө гэдэг гэр бүлийн хамгийн том дэмжлэг. Ташрамд хайртай гэр бүл, найз нөхөд, хамаатан садан, бүх хүмүүст баярлалаа гэж хэлье.
-Амь насаараа дэнчин тавин байж, хөрөнгө мөнгө гаргаад өндрийн авиралт хийх ямар хэрэгтэй юм бэ гэж бодох нэгэн байгаа шүү дээ?
-Өндөр ууланд явж байгаа уулчдыг харахад хөгжилтэй орны хүмүүс явж байгаа нь мэдэгддэг. Ер нь хүний бие, сэтгэлийн чадавх ямар гайхалтайг харуулж байгаа юм.
Спорт тоглоом бол өөрийн гэсэн дүрэмтэй, үзэгчтэй, амь наснаас холуур. Харин ууланд байгалийн дүрмээр л өрсөлдөнө. Мөн ганцаараа авирах, багаар авирах хоёр өөр асуудал.
Манай багийн амжилтын үндэс бол системтэй урт хугацааны бэлтгэл. Харин багаар авирсны гол шалтгаан бол нэгнийхээ дутууг нөхөх. Хишигээ бид хоёр тэнд орчуулгын ажлаа ч хийсэн. Багийн гишүүн бүр өөрийн гэсэн үүрэгтэй. Тэнд хүнээс гарч болох хамгийн их хатуужил, чадвараас гадна улс орны эдийн засаг хүртэл харагдаж байна шүү дээ. Хэчнээн олон хүн байна, тэр хэмжээгээр эх орныхоо нэрийг асар дээд хэмжээнд өргөж байна гэсэн үг. Багийн амжилт бол эв нэгдэл, бэлтгэл бас дахин бэлтгэл, төлөвлөгөө.
-Хувь хүний сонирхол байхад улс орон яагаад мөнгө гаргах билээ гээд л эргэлзэн гайхаж байвал?
-Хобби гэж харж болохгүй. Дэмжлэг авах гээд их явсан. Зүгээр л хувь хүний амбиц яваад байгаа юм шигээр хүлээж аваад байгаа байхгүй юу. Өөр спортуудыг яаж дэмждэг билээ дээ.
Уул бол Монгол хүний чадавх, улс орны хөгжлийг давхар харуулж байгаа хамгийн зардал өндөртэй спорт. Хүн бүр өөр өөрөөр харж байгаа юм. Хүмүүст асар их урам зориг, сэтгэлийн тэнхээг өгч чаддаг спорт. Бид ч гэсэн өөр түвшинд харах хэрэгтэй.
Багаараа амжилттай авираад ирснийг найман хүний биш Монгол хүний амжилт гэж харах хэрэгтэй.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (8)