"Жаргалант уулчдын клуб"-ын дөрвөн тамирчин дэлхийн дээвэр Эверест, дөрөв нь Лхоце уулын оргилд мөрөө гаргаад ирсэн билээ. Бид "Эверест-Лхоце 2023" багийн уулчид болон дасгалжуулагчдын ярилцлагийг цувралаар хүргэж буй. Тус багийн уулчин Л.Баярсайхан цөөн хором ярилцлаа.
-Та бүхэн далайн түвшнээс дээш 8,516 метрийн өндөрт буюу Лхоце уулын оргилд мөрөө гаргасан анхны эмэгтэй уулчид боллоо. Ер нь шерпа хэр туршлагатай байв?
-Бидний аврилтын аюулгүй байдлыг хангаж, түшиг болж байсан хүн бол яах аргагүй хөтөч. Дээр үед гороо, даяан хийж яваад тэндээ үлдчихсэн монгол цустай хүн, нүүр царайны хувьд ч бидэнтэй төстэй. Үнэхээр сайхан хүлээж авсан шүү. Шашин нэгтэй, үнэнч сайхан санагдаж, найз шиг байсан. Буцах болоход шерпадаа их хоргодсон доо.
-Лхоцег хараад буцъя гэсэн бодол төрж байв уу?
-Бид очоод доороос нь харахад өндөр, өндөр тэнгэр зүсмээр уулс харагдсан. Сүрдмээр байсан. Эверестийг онгоцны цонхоор харахад үүлэн дундаас гозойсон “цагаан юм” л харагдсан. Сүрдэм. Лхоце бол огцом, эгц өндөр уул. Чулуу дээрээс “зүгээр л сэнсрээд” ороод ирнэ. Золоогийн өндрийн гутлыг зүсчихсэн гэхээр ямар эрсдэлтэй гэдгийг гадарлах байх. Хашхираад, бултаад л яваад байсан, өөр сонголтгүй. Тийм ууланд маш болгоомжтой явах ёстой.
-Сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэж байв?
-Сэтгэл зүй аажмаар бэлтгэгддэг гэж л боддог. Ер нь бид гадаадын уул гэлтгүй монголынхоо хайрхнуудад авиралт хийсэн ч бэлтгэлээ сайн хангадаг. Зарим үед 70 км хүртэлх газар алхана. Булчингаа тэсвэржүүлнэ гэх үү дээ. Шууд явах юм бол амь нас эрүүл мэндэд эрсдэлтэй. Зураг авалт кино, энэ тэр бол өөр шүү дээ. Дээшээ авирах, огцом дээш өгсөх, мөсөн гол гатлах гээд л. Шат тавиад ангал дээгүүр явахдаа доош харахгүй, шат руугаа л хардаг байсан. Ууланд тэсвэр хатуужилтай байж, өөрийгөө дайчилж хурцалж байж л оргилд нь хүрнэ.
М.Дэвээжаргал