Орон нутгийн цагаар өнгөрсөн бямба гарагийн үдээс хойш Эквадор улсын өмнөд хэсэгт 6.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас хамгийн багадаа 13 хүн амь үрэгдсэн гэж тус улсын засгийн газрын албаны хүмүүс мэдэгдээд байна. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр газар хөдлөлт нь өмнөд хэсэгт орших Балао хотын ойролцоо болсон бөгөөд 65 км-ийн илүү гүнд голомт нь мэдрэгджээ.
Эквадорын ерөнхийлөгчийн тамгын газраас газар хөдлөлтийн улмаас 461 хүн бэртэж гэмтсэн бөгөөд өмнө нь 16 хүн амиа алдсан гэж мэдээлж байсан юм. Эль Оро мужид хамгийн олон буюу 11 хүн нас баржээ. Эквадорын ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээлснээр Азуай мужид өөр нэг хүн нас барсан байна.
Тус бүс нутагт газар хөдлөлтийн чичиргээ ихээр мэдрэгддэг бөгөөд улбар шар өнгийн дохио өгч, болзошгүй аюулаас өөрсдйигөө хамгаалахыг иргэддээ анхааруулаад байгаа ажээ. Шархадсан иргэд одоогоор эмнэлэгт эмчлүүлж байна. Түүнчлэн Дэлхийн цаг уурын станцын мэдээлснээр одоогоор тухайн бүс нутагт цунамигийн сэрэмжлүүлэг хүргэх хэмжээнд ноцтой байдал үүсээгүй гэжээ.
Л.Сайнаа