Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн даатгуулагчдыг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг хуулийн дагуу нээлттэй зохион байгууллаа. Тус зөвлөлийн гишүүн С.Эрдэнэбат Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон тул Монголын үйлдвэрчний эвлэл (МҮЭ)-ийн холбооноос тус холбооны Дэд ерөнхийлөгч Баяраагийн Рагчаагийн нэрийг дэвшүүлээд байгаа юм.
Сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа даргалж, оролцогчид болон сонсголын дэгийг танилцуулан, нэр дэвшигчийн тухай товч мэдээлэл өглөө. Нэр дэвшигч Б.Рагчаа 2005 оноос Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны зохион байгуулагчаас дарга хүртэл дэвшин ажилласан, эдийн засгийн ухааны магистр, эрх зүйч хүн юм. Тэрбээр ЭМДҮЗ-ийн нэр дэвших болсон үндэслэл, томилогдсон тохиолдолд хийж хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, даатгуулагчдын дийлэнх, олонх болсон ажилчид, хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр нийгмийн даатгалын тогтолцоо, түүний төрөл, хэлбэр, хамрах хүрээг нарийвчлан тогтоож, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, засаглах үйл ажиллагаанд дотоод хяналт тавьж, ил тод болгох, шударга байдлыг төлөвшүүлэх талаар идэвх санаачилга гаргаж ажиллахаа илэрхийлэв. Мөн Мөн тэтгэвэр, тэтгэмжийн болон хувийн нэмэлт тэтгэвэр, олон тулгуурт тэтгэврийн тогтолцооны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад нөөц, боломжоо дайчлан ажиллана гэлээ.
Нийгмийн бодлогын байнгын хорооны энэ сарын 08-ны хуралдаанаас томилогдсон, нэр дэвшигчийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээч, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Л.Хоролсүрэн дараа нь дүгнэлтээ танилцууллаа. Хараат бус шинжээч нэр дэвшигчийн талаар түүний бүрдүүлсэн материал болон ярилцлагын үеэр асуултад хариулсан байдлыг үндэслэн дүгнэлт гаргасан байна. Нэр дэвшигч эдийн засагч, эрхзүйч хос мэргэжилтэй тул эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг хууль эрхзүйн хүрээнд үр дүнтэй, ашигтай зарцуулах, цаашилбал Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж чадах мэдлэгтэй гэж дүгнэсэн байна. Гэхдээ эрүүл мэндийн эдийн засаг, бодлого удирдлага, эрүүл мэндийн даатгалын чиглэлээр мэргэшээгүйг тодорхойлжээ. Харин үйлдвэрчний эвлэлийн холбоодод тасралтгүй ажиллаж, гишүүдийнхээ эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулсан туршлага нь ЭМДҮЗ-ийн гишүүн болсон тохиолдолд даатгуулагчдын эрх ашгийн төлөө үр дүнтэй ажиллах суурь болно гэж шинжээч дүгнэсэн байна. Мөн ашиг сонирхлын зөрчилгүй, ял шийтгэл авч байгаагүй, ёс зүйн хувьд төлөвшсөн, ЭМДҮЗ-ийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлууд, гишүүний үүрэг хариуцлагын талаар сайтар судалж бэлтгэл хангасан, асуудлын оновчтой шийдлийг олон талаас харж эрэлхийлэх, идэвхитэй үйл ажиллагаа явуулах хандлагатай үзжээ.
Нэр дэвшигчийн танилцуулга болон хараат бус шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний урсгал зардал, цалин хөлсийг төсвөөс даах ёстой атал даатгалын сангаас санхүүжүүлж байгааг хэрхэн засаж залруулах, хамгийн их шимтгэл төлдөг хүмүүс хамгийн бага тусламж, үйлчилгээ авч байгаа эв хамтын зармын учир дутагдлыг арилгах үүднээс хувийн тэтгэврийн тогтолцоог бий болгох талаар хэрхэн ажиллахыг нь асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат эмч, эмнэлгийн ажилчдын ажил хөдөлмөрийн үнэлгээ гүйцэтгэлийн үнэлгээтэй хосолж чадаж байгаа эсэх, нарийн мэргэжлийн, чадварлаг боловсон хүчнийг мэдлэг, чадвар, ажлын нөхцлийг зөв, шударга үнэлэх, хүний нөөцийг тогтвортой ажиллуулах, нийгмийн баталгаагаар хангахад яаж анхаарах талаар Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын эмнэлгийн эмчээр жишээлэн асуув. Мөн тэрбээр ЭМДҮЗ-өөс маргаан дагуулсан, ойлгомжгүй байдал үүсгэдэг тогтоол, шийдвэр гаргадаг байдлыг таслан зогсоох, мэргэжлийн техникийн хороод болон бусад байгууллагатай нягт уялдаж ажиллахад анхаарах шаардлагатайг зөвлөсөн юм.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан хараат бус шинжээчийн дүгнэлтийг сайшаагаад, ЭМДҮЗ-ийн гишүүнээс томилогдоод үндсэн үүрэг зорилго, төлөөлж байгаа даатгуулагчдаа умартахгүй байх, эмч, боловсон хүчний тогтвор суурьшлыг хадгалах, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, анхан шатны буюу сумын эмнэлгүүдэд бий болсон ажил хариуцах чадваргүй байдал, гажуудлыг засахад анхаарах шаардлагатайг дурдсан юм. Эмнэлгүүдийн ачааллын тэнцвэргүй байдал хаана, юунаас болж бий болсон, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо үүнд хэрхэн нөлөөлж байгаа зэрэгт үнэлгээ дүгнэлт өгч ажиллах нь зүйтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан нэр дэвшигчийн ажлын туршлага, ур чадварын талаар болон эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог хэрхэн сайжруулах, үүнд эмчилгээ, үйлчилгээний үр дүн, хэрэглэгчдийн сэтгэл ханамж, ёс зүйн асуудлыг яаж харгалзан үзэх талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бүсчилсэн хөгжлийн бодлоготой эрүүл мэндийн даатгалын тогтолцооны хэрэгжилтийг хэрхэн уялдуулах талаар асууж, хариулт авлаа. Тэрбээр даатгалын тогтолцоонд тулгамдаж байгаа асуудлуудыг барьж авч, зоригтой шийдвэрлэх, тусламж, үйлчилгээ хамгийн их дутагдаж байгаа малчид, урьдчилсан сэргийлэх үзлэг оношилгооноос орхигдсоор байгаа залуучууд, оюутнуудад анхаарч, хүн төвтэй ажиллаарай гэв.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар гүйцэтгэлийн санхүүжилт, түүнд тулгарч байгаа сорилт, эрсдэл болон тэдгээрийг даван туулах арга замын талаар нэр дэвшигчийн байр суурийг сонирхож, ЭМДҮЗ-ийг эрүүл мэндийн сайд даргалдаг, шийдвэр, тогтоол гаргалцаад эргэж ирж, тайлагнадаг байдлыг хэрхэн зөв зохистой болгох нь зүйтэйг асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний болон нийгмийн эрүүл мэндийн асуудлууд өөр гэдгийг онцлон сануулж, санхүүжилт нь ч тусдаа байх ёстой гэдгийг анхааруулсан юм. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх зардлын нэгжийг тодорхой болгох, шаардлагагүй үйлчилгээг даатгалын сангаас санхүүжүүлэхгүй байх, эмийн чанар, стандартыг хангах, эрсдлийн санг зөв зарцуулах, гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор авилга, хээл хахуулийн асуудал бий болохоос болгоомжлох, үйлчилгээг цахимжуулах зэрэгт онцгой анхаарч ажиллахыг зөвлөсөн юм. Түүнчлэн даатгуулагчдын санал хүсэлтийг харгалзан үзэхийн зэрэгцээ тэдний үүрэг, хариуцлагыг сайжруулах, хувийн хэвшлийн болон улсын эмнэлгүүдийн ачааллыг тэнцүүлэх шаардлагатайг дурдсан юм. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа ЭМДҮЗ-д ажил олгогчдыг төлөөлөн дандаа үйлчилгээ үзүүлэгч байгууллага буюу эмнэлгийн удирдлагууд сууж буй нь эрх ашгийн зөрчил үүсгэж байгааг анхааруулж, эрүүл мэндийн даатгалын сан, түүний үйл ажиллагаатай холбоотой иргэдийн бухимдал огтхон ч багасахгүй байгаад анхаарч ажиллахыг сануулсан юм. Тэрбээр хүн амын амьдарч буй орчны сөрөг нөлөө, түүний үр дагаварыг тандан судалж, 5-15 жилийн дараахь өвчлөлийн нөхцөл байдлыг урьдчилан харах судалгаа шинжилгээний ажилд огтхон ч анхаарахгүй, өвчлөл, хүндрэлийг тулгамдсан хойно нь шийдвэрлэхээр ажиллаж байгаа нь тус салбарын хамгийн том дутагдалтай тал болж буйг хэлсэн юм. Мөн гүйцэтгэлийн санхүүжилтийн үнэлгээ, тарифыг эмнэлгийн мэргэжлийн чиглэл, тэдгээрийн онцлогийг харгалзан бодитой болгох, цаашид эрүүл мэндийн менежер, салбарын санхүүчдын бэлтгэх шаардлага тулгамдаж байгааг дурдан, ЭМДҮЗ-өөс салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, түүнд Улсын Их Хурлын гишүүд, даатгуулагчид, мэргэжилтнүүдийг оролцуулж, өргөжүүлсэн бүрэлдэхүүнээр ажиллах боломж бийг тэмдэглэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен сум, багийн эмнэлэгт шаардлагатай техник, тоног төхөөрөмж, эм хангамж, урвалж бодис байхгүй, иргэд хотод ирж 2-3 сар дарааллаа хүлээж, үйлчилгээ авч чадахгүй байх, аймгийн эмнэлэгт 14 хоногоос сар хүлээдэг явдал байгааг ярьсан юм. Тэрбээр, эрүүл мэндийн даатгалын сангийн удирдлагыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт нэгтгэх талаар мэргэжлийн байгууллагуудаас санал хүсэлт ирж байгааг дурдаад, улс төрийн тогтворгүй байдал, цар тахал зэргээс шалтгаалан ЭМДҮЗ багагүй алдаатай бодлого явуулсан, сангийн хөрөнгийг хяналтгүй зарцуулсан зэргээс болж ихээхэн хэмжээгээр төсвийг нэмсэн боловч түүгээр өнгөрсөн онуудад бий болгосон өрийг дарж, эмнэлгүүдийн санхүүжилтийг 10-20 хувиар танаснаас нөхцөл байдал сайжрахгүй, хувийн хэвшлийн эмнэлгүүд хаалгаа барьж байгааг анхааруулж, цаашид эрүүл мэндийн сайд болон салбарын удирдах ажилтнууд, эмнэлгийн дарга нарыг маш нарийн шалгаруулж томилдог байх нь чухал гэдгийг онцоллоо.
Сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа эрүүл мэндийн даатгалын санг халамжийн бус даатгалын зарчмаараа ажиллах зарчимд шилжихэд ямар асуудал тулгамдаж байгааг, мөн тус сангаас санхүүжилт авч байгаа байгууллага, удирдаж байгаа хүмүүс, даатгуулагчдын хариуцлагыг дээшлүүлэх талаар юу хийхийг нь асууж хариулт авсан юм. Мөн сонсголд оролцогч, иргэн Г.Хонгор эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд гүйцэтгэлийн санхүүжилтэд учирч буй тулгамдсан асуудлууд, нэхэмжлэлийн хяналтыг дэлгэрэнгүй шалгаруулах ЭМДҮЗ-ийн шалгуураар хийж буй хасагдуулга буюу таналт, тус зөвлөл болон эрүүл мэндийн даатгалын сангийн хараат бус бие даасан байдлыг хангах, сангийн зарлагыг их олонлогийн арга ашиглан танах зэрэг асуудлуудыг хөндөж, нэр дэвшигчийн байр суурийг тодруулсан юм.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн даатгуулагчдыг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигч Б.Рагчаа Улсын Их Хурлын гишүүд болон сонсголд оролцогчийн асуултад хариулахдаа эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг бие даасан корпорацийн зохион байгуулалтад оруулах, төрөөс болон улс төрийн нөлөөллөөс ангид байлгах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулж, даатгалд хамрагдалтыг тэлэх, ур чадвар өндөртэй нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн ажилтнуудын тогтвор суурьшлыг хангах, нийгмийн баталгааг хангах, ажиллах нөхцөл бололцоог сайжруулах шаардлага байгааг онцгойлон дурдаж, энэ талаар төрөөс тусгайлсан бодлого боловсруулж хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Мөн тэрбээр даатгалын сангийн хөрөнгийн ихэнх хэсгийг бүрдүүлж байгаа шимтгэл төлөгчдөд зориулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний шинэ багцыг бий болгох, эмч, эмнэлгийн ажилчдыг мэргэшүүлэх, тэдний цалин, урамшууллыг сайжруулж, ажил мэргэжлийн үнэлэмжийг оновчтой тогтоох, эмчилгээ, үйлчилгээний тоонд тавьсан хязгаарлалтыг эргэж харах, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог сайжруулж, боловсронгуй болгох, ЭМДҮЗ-ийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, салбарын хариуцлагын тогтолцоог дээшлүүлэх, хяналт тавихад анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүд болон сонсголд оролцогч асуулт асууж хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, сонсголд оролцогч иргэн Г.Хонгор нар үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар эрүүл мэндийн салбарт шинээр нэвтрүүлж буй гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой тулгамдаж байгаа сорилт, эрсдлийг шийдвэрлэх, сангийн төлөвлөлт, орлого, зарлагын гүйцэтгэлийг сайжруулах, ЭМДҮЗ-ийн үйл ажиллагаанд даатгуулагчдын төлөөлж буйн хувьд МҮЭ-ийн институцийг ашиглаж, судалгаа тооцоотой, үр дүнгаргаж ажиллахыг зөвлөсөн бол сонсголын оролцогч Г.Хонгор тус зөвлөлийн дарга нь эрүүл мэндийн сайд байгааг засаж залруулах, Засгийн газраас хараат бусаар ажиллах, санхүүжилтийг хасаж, танадаг явдлыг багасгаж, эмнэлгүүддээ ээлтэй ажиллахыг захиж, өвчний онош тус бүрээр өртгийг тодорхойлчихвол эрүүл мэндийн даатгалын сан ашигтай ажиллах боломжтойг дурдсан юм.
Үүгээр ЭМДҮЗ-ийн даатгуулагчдыг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол өндөрлөлөө. Сонсголын тайланг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ гэдгийг сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл (1)