-
2017 оны 1 сарын 02
Утаа хүчрэгдэхээ байсны үндсэн НЭГ шалтгаан бол нийслэлд маань хүн амын хэт бөөгнөрөл бий болж, ачаалал хэрээс хэтэрсэн үзэгдэл. Үүний гайгаар УТАА төдий биш, ЗАМЫН ТҮГЖРЭЛ, ХӨРСНИЙ БОХИРДОЛ, ЦАХИЛГААН, ЦЭВЭР УС болон ДУЛААНЫ хүрэлцээгүй байдал, АЖИЛГҮЙДЭЛ гэх мэт олон сөрөг дагавар бий. Угаас энэ Дөрвөн уулын дундах зай маань хязгаартай, хоёр саяас хол илүү хүн суурьших боломж багатай.
-
2016 оны 12 сарын 23
- ”Мянгуужингийн үлгэр” уншвал Мянгуужин л болдог юм байгаа биз дээ. Ийм дэмий худал зохиол нэртэй юмыг хэвлэчихээд хүүхдэд зарж мөнгө олдгоо боль!!! Мэдээлэлжсэн, баримтжсан, илүү их рационалжсан технократ цаг үед амьдарч байгаагаа сана. Хий хоосон уран сэтгэмжийн зохиолыг хүүхдэд уншуулах ямар хэрэгтэй юм, ирээдүйг нь хорлох болно.
Өчигдөр нэг иймэрхүү байдалтай загнуулав. Тулсан үед дэмий л ”Би ямар архи, тамхи зарж байгаа биш” гэснээс өөр үг хэлж чадсангүй. Жаахан амьсгаа аваад хариу хэлэе гэтэл сонсоогүй учир үүгээр уламжильяа.
Юуны өмнө энэхүү ад үзэгдсэн ”Мянгуужингийн үлгэр”-ийн тухай товч дурдая.
Нэг нөхөр морьтойгоо намагт зоогдчихов. Ямар ч аврал байхгүй улам бүр шигдэнэ. Эргэн тойронд түүнд туслах хэн ч байсангүй. Байгаа гэвээс зөвхөн түүнийг алах дайсан л бий. Гэхдээ тэр маш хялбархан намгаас гарч чадсан байна. Яаж гээч... Үснээсээ дээш нь татаад л морьтойгоо намгаас гарчихаж байгаа юм.
Мөн нэг удаа их бууны суман дээр мордоод дайсны дээгүүр нисэж, тагнуулын мэдээ цуглуулаад буцахдаа өөрсөд рүү нь буудсан дайсны их бууны суман дээр сэлгэж мордоод хүрээд ирнэ.
Яах аргагүй намайг загнадаг хүний зөв гэхээр байгаа биз. Үснээсээ татахаар хэрхэн яаж намгаас гарах вэ дээ. Одоо үүнийг уншиж буй Та өөрийнхөө үснээс дээш нь үгтээгээд үз. Та суудлаасаа хөндийрөөд, таазанд тулах нь уу, үгүй юу? Хэтрүүлэн хүчилж байж хэдэн хялгасаа сугалчихав. Ёстой дэмий явдал болно.
Ерөөс байж боломгүй, хэнд ч ойлгомжтой дэндүү хэтрүүлсэн, худал яриа байгаа биз. Энэ бол Барон Мянгуужингийн яриа. Яах аргагүй ”Мянгуужингийн хөгтэй явдал” зохиолд иймэрхүү л юм гарна. Гэтэл энэ дэндүү худал хуурмагаар дүүрсэн зохиолыг дэлхий дахинаа хүүхдийн хошин шог зохиолын шилдэг бүтээлүүдийн нэгэнд гарцаагүй тооцдог.
ЯАГААД ГЭЭЧ...
Уран сэтгэлгээ, цагаахан хошигнол хоёр гайхалтай сайхан сүлэлдэн хосолсон учир.
Тэгвэл уран сэтгэлгээ юунд хэрэгтэй вэ? гэсэн асуулт гарна. Хүн төрөлхтнийг Хүн төрөлхтөн болгосон гол хүчин зүйл чинь чухам энэ уран сэтгэлгээ юм шүү дээ. Энэ уран сэтгэлгээ үгүйгээр хүн төрөлхтний хөгжил энэ түвшинд ирэх ямар ч боломжгүй. Чулуун зэвсгийн үед ч, өнөөдөр ч яг адилхан үүрэгтэй. Гал олоод, түүнээ ашиглаж сурахад, чулуугаар зэр зэвсэг хийхэд, ертөнцийн үзэгдэл бүхнийг төсөөлөн сэтгэж, үлгэр домог, элдэвийн үзэл ухаан гаргасан нь чухам уран сэтгэмжид суурилсан байдаг. Өнөөдөр ч Шинжлэхүй ухааны алив нээлт, техник технологийн ололтууд чухам энэ уран сэтгэмжийн үр хөврөл нь шүү дээ. Толгойтой үснээсээ үгтээгээд намгаас гарч болно гэдэгт яг таг итгэхдээ биш, харин ингэж урнаар сэтгэж, төсөөлж чаддаг чадвар нь хүн төрөлхтөнд гайхамшгийг бүтээх боломжийг өгсөн хэрэг. Байгаа зүйлийг яг байгаагаар нь хардаг, хүлээж авдаг, ойлгодог, хариу үзүүлдэг бол хүн төрөлхтөн аль хэдийнэ неандартальчуудын араас мөхөх байсан гэдгийг би биш эрдэмтэд судлаачид нь хэлж, нотолж байгаа.
Үе үеийн их нээлт ололтууд чухам уран сэтгэмжийн үрээр бий болж, тэр бүү хэл хатуу чанд логик, гаргалгааг нэхдэг математик хүртэл чухам уран сэтгэмжин дээр суурилж байдаг юм.
Өчигдрийн Кеплерийн түгээмэл ертөнцийн таталцлын хууль ч, өнөөдрийн майкрософтийн ололт ч, нано технологи ч мөн адил. Худал гэвэл Билл Гейтсийн хэр уншигч байсныг сонирхоод үзчихээрэй. Энд нэг ялимгүй зүйлийг анзаараарай. Өмнөх өгүүлбэрт ”Өчигдрийн Кеплер” гэж бичсэнийг. Уг нь Кеплер бол юун өчигдрийн хүн бэ, аль дундад зууны хүн шүү дээ. Юмыг шууд ойлгодог хүнд бол Кеплер өчигдөр буюу нэг өдрийн өмнө тэр хуулиа нээсэн гэж ойлгох нь. Тийм л ядмаг, бас мухар, хязгаарлагдмал, хэт баригдмал. Харин ”Өчигдрийн Кеплер” гэдгийг өгүүлбэр дотор нь харвал өнгөрсөн аль нэг цаг дээр гэж шууд ойлгогдоно. Үүнийг ойлгоход чухам өнөөх уран сэтгэмж чинь хэрэг болдог. Уран сэтгэлгээ хөгжсөнөөр, тухайлбал намагт шигдчихээд үснээсээ үгтээгээд гарчихаж болох тухай төсөөлснөөр сэтгэлгээ маш уян хатан болж, төсөөлөн бодох чадвар хөгжинө гэсэн үг. Тэр хэмжээгээр сониуч байдал нэмэгддэг юм. Мэдээж хэрэг энэ Мянгуужингийн үгэнд шууд итгэж буй бол тэр жинхэнэ ямар ч авралгүй тэнэглэлийн шинж. Тэгэхээр таны хүүхэд ”Мянгуужингийн үлгэр” уншаад Мянгуужин болохгүй, харин уран сэтгэх чадвар хөгжиж, сэтгэлгээ уян хатан болж, сониуч зан төлөв бэхжинэ. Тэр хэмжээгээр олж, нээж, танин мэддэг. Юу ч сонирхдоггүй нь нэг бол бүхнийг нээчихсэн, амьдралыг туулж, гэтэлчихсэн нэвтэрхий ухаантаны шинж, эсвэл оюуны хомсдолтой тэнэгийн илрэл байдаг.
Энэ уран сэтгэмж дээр цагаахан хошигнолын нэмчихээр юу болох вэ? Хүний оюун ухааны чадамжийн хамгийн яруу тод илрэл нь хошигнол байдаг юм шүү дээ. Наад захын хошигнол ойлгодоггүй, наад захын уран сэтгэмжгүй хүн бол роботоос өөрцгүй. Тийм хүний хажууд амьдрах гээд үзээрэй, хичнээн уйтгартай, хичээн бачуу, хичнээн харанхуй...
Ингэхэд үхэр бууны суман дээр суугаад нисэж болно хэмээн төсөөлөх нь уран сэтгэмжийг өдөөж өгч буй хэрэг, бас хошигнол ч байна.
Харамсалтай нь уран зохиолоос мөнгө тоолоод авчихтай адилхан шууд ашиг хардаг сэтгэлгээ бол яах аргагүй оюуны хомсдол л юм даа. Өөрөөр илэрхийлэх боломж алга. Юун мэдээлэлжсэн, баримтжсан, илүү их рационалжсан технократ орчин үеийн хүн бэ? Балар эртний неандарталь хүн гуай л гэе.
Дашрамд далимдуулаад Мянгуужингийн тухай товч танилцуульяа.
Ингэж санаанд багтамгүйгээр худал түүх зохиож ярьдаг хүнийг Мянгуужин, тийм худал түүхийг ”Мянгуужингийн үлгэр” гэдэг. Манай бичгийн утга зохиолд төдийгүй аман ярианд ч ийнхүү зүйрлэх хэлц үг хүртэл бий болжээ. Уг нь энэхүү нэр германы Манхаузен (Munchausen) хэмээх үг бөгөөд манай ахмад орчуулагчид Мянгуужин хэмээн монголчилж, өөриймшүүлсний үр дүн... Мянгуужин бол сайхан залдгаараа Далан худалч Бэлэн Сэнгээ л гэсэн үг. Далан худалч маань илүү ч уран хошин байж магад.
Мянгуужин нь бодит хүн юм. Түүнийг Отто Фон Манхаузен гэдэг байжээ. Барон буюу өндөр язгуур угсаатай тэрбээр XVIII зууны дундуур Германд амьдарч, Орост цэргийн алба хааж, Түркүүдтэй байлдаж, адал явдал дүүрэн амьдрал туулсан бөгөөд нутагтаа эргэж ирснээс нь хойш түүний адал явдлын талаар хошин үлгэрүүд гарч эхэлжээ. Гэхдээ эдгээр үлгэрийг өөрөө бичдэг ч байсан байж магадгүй юм. (Энэ тохиолдолд уран сэтгэмжгүй нэгэн бол Отто Фон Манхаузеныг үнэхээр балай худалч хүн юм аа, ийм юм бичиж байдаг гэж харна. Харин уран сэтгэмжтэй нэгэнд бол тэрбээр нэн их хөгжилтэй, наргианч гайхалтай ховорхон оюун сэтгэлгээтэй хүн харагдана). Юутай ч тэр үед амьдарч байсан Германы зохиолч Р. Э. Распэ (1736-1794) эдгээр адал сонин түүхүүдийг эмхэтгэн, баяжуулж “Барон Мянгуужингийн бодол санаанаасаа ургуулсан түүх” нэртэйгээр хэвлүүлсэн нь тун хурдан амжилтад хүрчээ. Энэ ном XVIII зууны хоёрдугаар хагасын Германы утга зохиолыг хөгжүүлэхэд үлэмжхэн хувь нэмэр оруулсан төдийгүй дэлхийн хошин шог зохиолын шилдэг бүтээл болсон байна.
Энэ ном нь ЭРДЭНЭСИЙН САН цувралын 19-р боть болж, дэлхийн бусад хошин шог зохиолтой хамт хэвлэгдэв.
Энэ ботид орсон хошин шог зохиолууд
- МЯНГУУЖИНГИЙН АДАЛ ЯВДАЛ
- МОЛЛАГИЙН ХӨГТЭЙ ЯВДАЛ
- СЭЦЭН БИЙРБАЛ, ИХ АКБАР ХОЁР
- ТИЛЬ ОЙЛЕНШПИГЕЛИЙН ДОМОГ
- КИМ СОН ДАЛИЙН ЯВДАЛ
- ТҮШМЭЛ ЖАМБААГИЙН ХӨГТЭЙ ЯВДАЛ
- БЯЦХАН ШУЛАМ
-
2016 оны 12 сарын 23
01. Зарлал нэг: «Арлын орон японд сувилагчаар ажиллахад зуучлана. Тавигдах нөхцөл мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан байх. Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N-3 зэрэгт тэнцсэн байх шаардлагатай. Цалин өндөр: Жилдээ 300 мянган юаний цалин олгож, байр хоолны асуудлыг ажил олгогч тал хариуцна. Та дээрх шаардлагуудыг хангаад нааштай хариу сонссон тохиолдолд зуучлалын хөлсийг японы талаас хүүгүй зээл авч шийдэх боломжтой. Зарлал хоёр: Японд Ай Ти инженерээр ажиллахад зуучлана. Эхний нэг хоёр жилдээ сарын 2000 мянган долларын цалинтай ажиллаж байгаад яваандаа мэргэжлийн ур чадвар дээшлэхийг харгалзан цалингийн хэмжээ 5000 долларт хүрэх боломжтой. Тавигдах нөхцөл: Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N-3 зэрэгт тэнцсэн байх шаардлагатай.
02. Энэ бол сүүлийн үед хятадын ажил олголтын сайтууд дээр маш их гарах болсон зар юм. Дээрх заруудаас харахад Япон хэлний төвшин тогтоох шалгалтын N-3 зэрэг гэж чухал босго байгаа нь харагдаж байна. Уг нь учрыг нь олсон хүнд бол тийм ч давшгүй хүнд даваа биш л дээ. Хятад улс сүүлийн жилүүдэд жил болгон 12 000 мянган Ай Ти инженерүүдийг Япон улс руу гаргаж байгаа нь улам бүр өсөн нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь хэлний түргэвчилсэн курсуудэд маш том боломж олгож байгаа болохоор Шанхай, Бээжин, Далянь, Чэндү зэрэг томоохон хотуудад тийм чиглэлийн сургалтын төвүүд хэдэн арваараа байгуулагдаж бэлтгэсэн сайн хүмүүсээ японы талд зуучилж байгаа ажээ.
03. Ай Ти инженерүүдийг хөгжингүй улс орнуудад нарийн мэргэжлийн, ердийн, анхан шатны төвшний хэмээн гурав хуваадаг нь 1:4:7 гэсэн тооны харьцаа оногдохоор байвал оновчтой төвшинд байна хэмээн үздэг ажээ.
04. Энэ мэт улс орны хөгжил, ард түмний ахуй амьдралд дэмтэй байж мэдэх мэдээлэл хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сайтуудаар дүүрэн байдаг л даа. Манайхан ч гэсэн түүнээс санаа аваасай гэсэндээ өөрийн таньдаг сонины эрхлэгчид хандан: «Чи өөрийн сэтгүүлчдээс сонгож байгаад хятад хэл сургаач. Тэгвэл найз нь туслаж болно шүү.» гэтэл өөдөөс: «Манайхан хятад зүгийн мэдээ материал тавиад байвал намайг хятад цусны хүн гэж хардах байлгүй.» гэсэн марзан хариулт өгсөн тухай би дээхэн нэг бичлэгтээ дурдаж байсан.
05. Саяхан нэг боломжийн өндөр тушаалтын төрийн түшээтэй уулзахдаа: «Японд сайн бэлтгэгдсэн сувилагч гаргавал жилдээ зуун сая төгрөгтэй тэнцэх хэмжээний цалин хөлстэй байж мэдэх юм байна лээ.» гээд ярьтал өөдөөс харин: «Япон шиг өндөр хэрэглээтэй нийгэмд зуун сая төгрөг гэдэг тийм их мөнгө биш.» гэдэг байгаа. Сая Японд байх хугацаандаа тэнд ч гэсэн зуун сая төгрөг асар их мөнгө байж мэдэхийг ойлгосон. Манайх уг нь японы талтай сувилагч гарах тохиролцоонд бараг л хүрээд байтал нэг хийрхүү төрийн түшээ: «Бид монгол бүсгүйчүүдээ гадаадын хөгшчүүлийн өтгөн шингэнтэй зууралдахыг бодлогын хувьд зөвшөөрөхгүй.» гэж айлдаад тас цохичихсон тухай дээхэн чих дэлсэж байсан нь бараг үнэний хувьтай буй за. Би өтгөн шингэн гэж арай зөөлрүүлэн хэлж байгаа юм шүү.
06. Америкийн хамгийн ашиг орлого, нэр хүндтэй ажлаар сувилагчийн мэргэжил шалгарсан. Дараа нь Ай Ти инженерүүд орж байгаа тухай та бүхэн уншсан байлгүй дээ. Ер нь америкад сувилагч нарын байр суурь эмчийнхээс ялгаа байдаггүй тухай тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүс гадарлаж л таарна. Гэтэл манай томчууд болохоор өтгөн шингэнтэй зууралдуулан бодсоор байдаг байх гэж.
07. Ер нь Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N-3 зэрэгт тэнцсэн тохиолдолд зөвхөн Ай Ти инженер, сувилагч төдийгүй японы нийгэмд дутагдалтай байгаа 100 шахам мэргэжлээр ажил хийх боломж байдгийг японтой харилцаа төдийлөн сайнгүй хятад улс овсгоотой ашиглаж хүмүүсээ тийш нь илгээсээр байна. Мөртлөө өөрийн хүмүүсээ маш сайн бэлтгэж ашиг орлого сайтай салбарыг нь онилж явуулаад байгаа нь бас л нэг атаархал төрүүлэм зүйл мөнөөс мөн л дөө.
08. Бид хятадуудын муу санаатайг гайхах дуртай. Гэтэл нөгөө муу санаатай хятадууд маань бизнесийн энэ алтан боломжийг үндэстэн даяараа зарлаад бэлтгэгдсэн хүмүүсээ япон солонгос руу илгээгээд байдаг. Гэтэл манайд болохоор цөөн тооны хүмүүсийн хүрээнд энэ сайхан боломжийг мэдээд байгаа хэр нь хувийн бизнес болгочих юмсан гээд санааныхаа мухарт хав дараад байгааг бодоход учиргүй сайн хэрэг яавч биш байж таарна.
09. Би дээр солонгос гэдэг үгийг гар халтираад биччихсэн хэрэг биш юм шүү. 2030 он гэхэд нэг ажил хийж байгаа солонгос хүн 2,3 өндөр настанг тэжээнэ гэсэн хачирхалтай тоо баримт уншсан нь тэнд хүн амын хөгшрөлт хичнээн ноцтой байгааг илтгэж байна. Япон улс ч хүн амын хөгшрөлтөөрөө угаас зартай л даа. Гэтэл сая Тайваньд очихдоо хүн амын хөгшрөлт дээрх хоёр орноос ч ноцтой байдгийг олж мэдэв.
10. Шинзо Абэ ерөнхий сайд энэ оны арван сараас эхлэн гадаадын мэргэжилтэй ажилчид авах тал дээр хоёр ч удаа ойр ойрхон мэдэгдэл хийсэн. 2024 он гэхэд японд зөвхөн сувилагчийн хэрэгцээ 400 мянгаар яригдаж байгаа ажээ. Ай Ти инженерийн хэрэгцээний хувьд тэр өндөр хөгжсөн нийгэм бараг л «Хар нүхнээс» өөрцгүй гэж хятадын хэвлэлд бичиж байна. 2020 оны Токиогийн олимпийн бүтээн байгуулалттай холбогдоод дахин наян мянган барилгын чиглэлийн гадаад ажилчин авах шаардлага японы засгийн газарт тулгараад байгаа юм л даа. Сая Тайвань руу нисэж байхад засгийн газар нь гадаадын өндөр чадвартай ажилтан авах талаар мэдэгдэл гаргасан тухай тэндхийн сонин дээр гарсан байна лээ.
11. Манай Монгол улс дээрх улс орнууд руу хараар голдуу хар ажилчин гаргаад байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. Одоо арай ондоо томоор сэтгэж оюунлаг ажиллах хүчийг тийшээ гаргавал улс орны маань хувьд Оюутолгой, Тавантолгойгоос дутахгүй их хувь нэмэр оруулж болмоор санагдана. Энэ алтан боломжийг түрүүлэн олж харсан хүний хувьд миний бие эхнэрийгээ дагуулан газар дээр нь очиж судлахаар Япон, Тайвань руу хөлгийн жолоо залсан болохыг нуух юун.
12. Газар дээр нь очсон хойно угаас зовхи нь босоо манай сэргэлэн залуус дээр дурдсан чиглэлээр ажилд орчихсон хөлөө олчихсон байхтай цөөнгүй тааралдаж байлаа. Миний санаж төсөөлж байснаас ч өргөн боломж байгаа нь тэдний ярианы зах зухаас ойлгогдож байв.
13. Одоо төр засгийн зүгээс үүсээд байгаа энэ нөхцөл байдлыг ашигтай боломж гэдэг талаас нь олж хараад «чулуу болгоосой» гэж хэлмээр байна. Азийн өндөр хөгжилтэй улс гүрнүүд хүн амын хөгшрөлт хэмээх нийгмийн үзэгдэлд дайрагдаж, төрөлт эрс буурсан төдийгүй ид хөдөлмөрийн насны залуучууд ажил хийх дургүйн улмаас ажилгүйчүүдийн дунд эзлэх хувь хэмжээ чамгүй өндөр байдгийг тэнд байх цөөн хоногийн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээрээс уншиж байлаа. Гэтэл хүүхэд залуучуудын орон гэгддэг манай орны хувьд дээрх улс орнуудтай энэ чиглэлээр харилцан нөхвөрлөх өргөн боломж байгааг төр засгийн төвшинд ярьж шийдмээр санагдана.
Бид тураалтай цэрэг, траншейний хүүхэд, өвгөнтийн архичин, биеэ үнэлэгч, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, агаарын бохирдол, хорих анги, ядуурал, замын түгжрэлийг дэндүү их ярьлаа. Одоо арай холыг харж хоёрыг сэтгэж амьдармаар байна шүү дээ.
14. Мэдээжийн хэрэг гагц хэлж ярьж ярьснаар хамаг асуудал шийдэгдчихгүй л дээ. Хамгийн гол нь залуусаа энэ чиглэлд бодлоготой бэлдэх шаардлага урган гарч байна. Тэгж чадваас ард түмний аж амьдрал дээшлэхэд маш том түлхэц үзүүлэх, гадаадын шилдэг арга технологиос суралцах, тусгай мэргэжлийн сургуулиудын оюутны элсэлтийн асуудлыг шийдэх гээд дам дам олон эерэг үзүүлэлт илрэн гарах нь ч тодорхой. Тэр ч байтугай эмч сувилагч нарын нийгмийн үнэлэмжийг ойртуулж, япон солонгос руу ойролцоо тооны Ай Ти инженер, сувилагч нарыг хамт илгээхийг хүртэл давхар тооцох нь угтаа бол төрийн хар хайрцагны бодлогод хав дараастай байх учиртай зүйл баймаарсан.
15. Энэ бичлэгийн гарчигт дурдагдсан Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N-3 зэрэгт тэнцүүлэхэд чиглэгдсэн сургалт шинэ он гараад манай Гэгээ сургалтын төв дээр эхлэх болсныг та бүхэнд дуулгахад таатай байна. Энэ нь эцсийн дүндээ чадварлаг залуусыгаа өндөр хөгжилтэй улс оронд ажиллаж амьдарч хөлөө олоход нь туслах гүүр болох зорилготой гэдгийг та бүхэн ойлгож байгаа биз дээ. Тийм болохоор Ай Ти, анагаах, барилга, инженер зэрэг чиглэлээр суралцаж төгссөн залуус манай «Гэгээ сургалтын төвийн» япон хэлний ангид элсэн суралцахыг урьж байна.
16. Бид хоёр сар хятад хэл зааж сургаад түүнийхээ үндсэн дээр япон хэлийг үргэлжлүүлэн сургах тул анх суралцагсдын хувьд маш хүнд санагддаг япон хэлний ханз үсгийн бэрхшээлийг хялбар гэтлэн давах боломж олгох юм. Харин япон хэлний ярианы хэлний хувьд манай монгол хэлтэй дүрэм өгүүлбэрийн бүтэц нэлээд төстэй тул суралцахад төдийлөн төвөггүй. Заах арга зүй хийгээд сургалтын агуулгын талаарх нарийн мэдээллийг удахгүй та бүхэнд хүргэхээ амлаж байна.
-
2016 оны 12 сарын 22
Аав ээж хоёр минь Завханы баруун захын сумд болох Завханмандал, Эрдэнэхайрхан, Ургамал сумдаар олон жил багшилж, аав минь бага сургуулийн захирлаар ажиллаж байв. Хөдөө өссөн бага насны үлдэцтэй дурсамжинд шинэ жил орно. Сумын ёолк гэж их гоё юм болноо. 12 сарын сүүлчээр сургуулийн бүх сурагчид ёолкны чимэглэл хийх даалгавартай. Дэвтрийн, хэрэв олдвол цагаан цааснуудыг уртаар нь өнгө өнгийн усан будгаар ялгаж будна. Өнгийн цаас олддоггүй байв. Дараа нь түүнийгээ нарийхан хайчилж байгаад жижиг хэсгээр нь цагираг болгон жонхуугаар наадаг байв. Жонхуу гэдэг нь усанд буцалгасан гурил л даа. Нэг цагирагийг нь нөгөө цагирагт нь гогцоолдуулж оруулах маягаар нэг их урт хэрнээ үргэлжилсэн цагиргууд хийх. Түүнийгээ ”гинж” гэж нэрлэнэ. Бас дэвтрийн цаасыг будаад, нугалсан хэсгийг нь дундуур нь хайчилж, үзүүр хэсгээс нь дурвалжин маягаар хайчилж авахад бидний нэрлэдгээр ”хил” гэгч болно. Бас тийм нугаларсан цааснууд дээр 12 жилийг дүрсэлсэн амьтдыг зурж өнгө өнгөөр нь ялгаж будна. Хүүхдүүд үүнийгээ их баяртай хийцгээнэ. Аргагүй шүү дээ, баяр болох гэж байхад.
Заал чимэх бол их л хүндтэй ажил. Ёолк болох том зааланд хөндлөнгөөр нь хананаас хананы хооронд урт урт утаснууд татдаг. Түүн дээр нь мөнөөх хайчилсан хилнүүд болон элдэв амьтдын дүрстэй нугалсан цааснуудаа тохно. Завсар зайгаар нь урт гинжнүүдээ утаснуудын дагуу татаж хананд бэхэлнэ. Мөнөөх чимэглэлүүдийн завсраар утаснууддаа хөвөн имхэрдэж наалдуулах нь цасны ширхэгийг ”орлож” байгаа хэрэг. Гацуур модоо бас мөнөөх цаасан чимэглэлүүдээр гоёж, 220 вольтод залгадаг чийдэнгийн шилнүүдийг өнгө өнгийн усан будгаар будсаныгаа тойруулж тохоод асаахад их л гоё харагддаг сан. Тэгж зассан заал их л сүртэй гоё харагдана.
Сумын ёолконд тоглох концерт, ан амьтад, шинэ болоод хуучин он, өвлийн өвгөн, цасан охид, алиалагчид гээд сургуулийнхан бараг л сар шахуу бэлтгэж давтдаг байв. Үзэл суртлын ажил болохоор сумын намын хорооны товчоогоор хөтөлбрийг нь баталж, хүн бүрийн хэлэх үгсийг ягштал бэлтгэж давтуулдаг сан. Энэ арга хэмжээнд шалгарч бэлтгэл хийж байгаа сурагчдад бусад нь их хүндэтгэлтэйгээр хандаж, атаархангүйгээр харна. Шинэ жилийн бэлтгэлийг үзэл суртлын өндөр түвшинд чанартайгаар бэлтгэхийн тулд тэднийг хичээлээс чөлөөлж, зарим хичээлийн дүнг нь автоматаар ”онц” гэж тооцох нь ч бий.
12 сарын 31 ний оройг сумын хүн болгон сэтгэл догдлон хүлээцгээнэ. Айл болгон гэртээ жижиг ёолкоо засч, бууз жигнэж, тавгийн идээ базаадаг. Өвлийн шөнийн тэнгэрт айл бүрийн тооноор тусах гэрэл, яндангийн утаанаас үсчих цогууд гялалзах нь шинэ жилийн сүрийг үзүүлэх мэт. Сумын клубийн үүдэнд хүмүүсийг урин дуудах бүрээний аялгуунд гоёлын дээлээ өмссөн хүмүүс клубын зүг яаравчлан алхалцгаана. Өвлийн хүйтэн жавар хацар нүүрийг хайрах авч, шинэ жилийн баяртаа яарсан хүмүүс түүнийг үл ажран, гагц царайд нь инээмсэглэл тодрон хацар нь улаа бутарч харагдах нь аз жаргал руугаа тэмүүлэх мэт. Оройноос эхлээд сумын галч өвгөний галласны ачаар сумын клубын том зуухны бөөр нь улайсч, клубт халуу дүүгэж, суудлаа эзлэн суух хүмүүсийн дүнгэр дүнгэр ярилцах чимээ тодоос тодхон сонсогдоно. Жил жилийн өвлийн энэ өдөр сум даяараа цуглаж байгаа болохоор холоос ирсэн нь бие биеээ чангаар дуудан мэндчилж, торгон дээл, саатай алчуураар гоёсон бүсгүйчүүд бие биеэ нудран сэм сэмхэн шиг хэрнээ, олны анхаарлыг татаж аалигүйтэх нь нэг л содон.
Сумын дарга, намын дарга нар албархуу нь аргагүй хоолойгоо засч, цаасан дээр бичсэн нээлтийн үгийг чанга дуугаар уншиж, хоромхон зуур үгээ таслан олон нийтийг тойруулан харах дор тэр дохиог нь анзаарсан түмэн олон алга нижигнүүлэн таших авай. Сумын клубын тод улаан хөшиг алгуурхан нээгдэхүйеэ тайзан дээр мөр мөрөө даран эгнэн зогссон хоорын дуучид алдарт ”намын магтуу” дууг дуулж эхэлснээр ёолкны арга хэмжээ нээлтээ эхлэв. Тэртээ тэнгэрийн орноос цан хүүрэг савсуулсан өвгөн аав чарга тэргүүтэн хөлөлглэн ирснийг зарлахад хүмүүс үүд рүү харан өндөлзөнө. Улаан хүрэн дээлийг цагаан хөвөнгөөр эмжсэн, цав цагаан хөвөн сахалтай, монгол гуталтай улаан малгайтай өвлийн өвгөн аав, цасан охид, шинэ хуучин он, 12 жилийг дүрсэлсэн амьтад, ”шовгоржав”, ”навтгаржав” нэртэй 2 алиалагчаа дагуулан орж ирснээр ёолкны оргил хэсэг үргэлжилнэ. Өвлийн өвгөнийг хүндэтгэлтэй, цасан охидыг өхөөрдөлтэй, ан амьтдыг өрөвдөлтэй, алиалагчдыг инээдтэй хүлээж авах үзэгчдийн сэтгэлд юу эс эргэлдэх билээ.
Алиалагчид нь сумын дарга нарын даалгавраар ажилд муу, залхуу, малаа чононд идүүлсэн, архи ууж ажлаа тасалсан, замбараагүй явдалтай зарим хүмүүсийг нэр усаар нь дуудаж шоолоход хурсан олон нирхийтэл инээлдэж, шоолуулсан зарим нь үзэл суртлын хурц жадан доор толгой гудайх авай. ”Малаа чононд идүүлсэн” гэснээс ан амьтдын үзүүлэх хөгжилтэй үзүүлбрүүдийн дунд хөөрхий чоно аргаа баран толгойгоо гудайлган ирж, өөрийг нь энэ наадамдаа оролцуулаач гэж өрөвдөлтэй нь аргагүй гуйхад хөтлөгч нэгэн, үзэгчдээс санал асууж, тэдний нэгэн дуугаар зөвшөөрсний дагуу чоныг шинэ жилдээ оруулдаг сан. Хөөрхий чоно баярласандаа улиад л. Ёолкны хамгийн гоё хэсэг нь өвлийн өвгөн ааваас бэлэг гардуулах ёслол. Сумын дарга нарын гаргаж өгсөн нэрсийн дагуу ”оны шилдэг” хүмүүстээ бэлэг гардуулах бүрт хүмүүсийн алга ташилт аадар бороо мэт шаагиж, атаархангүй харцууд нь бэлгэн дээр тусна. Хамгийн том бэлэг нь хятад халуун сав, орос 45 -ын гутал, автоүзэг, за тэгээд бэлэг болгон дотор үнэр нь клуб даяар хамар цоргих хятад алим байдаг сан. Нээрээ хөдөөний монголчууд бид зөвхөн шинэ жилээр л алим амталж үздэг байсан нь санаанаас гардаггүй юм. Ховрын болоод ч тэр үү, амт нь жилдээ л аман дотор мэдрэгддэг байсан сан.
Сумын клубын эрхлэгчийн дарах ”баяан” хөгжмийн аян дээр ”хүмүүн төрөлхтөн”, ”задгай цагаан”, ”үнэгэн шогшоо”, ”вальс”, ”фокстрот” бүжгүүдийг ч үзүүлж өгнө дөө. Ам халж сэтгэл нь хөөрсөн зарлагч бүсгүй ”Үнэгэн шогшоо гэдэг нь үнэн ч юм уу, худал ч юм уу, үзээд алдая цөмөөрөө. Нийтийн бүжиг фокстрот ”гэж зарлахад, хөгжмийн ая хэлэв үү, үгүй юу хүмүүс дэрхийн босч аль хэзээний харцаараа дохиж амжсан портнёроо аваад л эргэлдэж өгнө. Сумын клубт эргэлдэх тэр л бүжгүүдийн аян дор мөн ч олон хайр сэтгэлүүд ”эгшиглэсэн” дээ. Хүмүүсийн амьсгалтай давхцан улам халах клуб дотор халууцсандаа минчийж улайсан хэрнээ жаргалтайяа инээмсэглэх царай нь гэрэлд гоё харагддаг сан. Дуу бүжиг, бэлэг сэлт, инээмсэглэсэн царай, тас тас инээх жаргалтай инээд чухам энэ орой л сумын төвийг дүүргэдэг сэн. Хав харанхуй энэ л шөнө хоёр он солигдож, хүмүүний амьдралын нэгэн хүрд эргэдэг. Ёолк дуусч цахилгаан мотор унтарч, хүмүүс гэр гэртээ ирнэ. Гэртээ орж лаагаа асаан шинэ он хүрээд ирсэн тэр л мөчид, ирээдүйн сайхан амьдралынхаа тухай төсөөлөн суухдаа хүн болгоны сэтгэлд аз жаргал эргэлдэнэ. Ирж байгаа шинэ жилд бүх л юмс сайн сайхан болно гэдэгт хүн болгон чин сэтгэлээсээ итгэдэг. Лааны бүдэгхэн гэрэлд өглөөний ургах нарыг угтан суухдаа тэр гэхийн аргагүй мөрөөдөлдөө умбана. Мөрөөдөлдөө өөрөө баясан инээмсэглэнэ. Аяа хүүхэд насны минь мартагдашгүй дурсамж болон үлдсэн сумын ёолк минь дээ. Насны намрын хяруу буух цагийн сүлэлдээнд сэтгэлийн учгийг сүвлэн байж дурсамж сэдрээнэ. Дахиад тийм нэгэн шинэ жилийг үзэх сэн.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: gala_mn@yahoo.com 2013-12-20
-
2016 оны 12 сарын 22
”Улс орны хөгжлийг ариун цэврийн өрөөний соёлоос нь харж болно.” хэмээн Америкийн нэгэн алдартай бизнесмэн хэлсэн тухай залуудаа уншиж байсан. Японы тэр зүгийн соёлыг тийшээ очиж үзсэн хүн болгон андахгүй мэдэх юм хойно доо. Тайваний тухайд цэвэр цэмцгэрийн хувьд японыгоо арай гүйцэхгүй боловч аль газрын ариун цэврийн өрөөнд орсон ч суултуур, зогсуур болгоны өмнө санаж явууштай сайхан үгсийг бичсэн байх нь олонтоо.
Да Еэгийн их сургуулийн ОО-д гараа угаагаад гарах зуур л ”Багаар ажиллахад нөхөрсөг харилцаа гэхээс илүүтэй итгэлцэл хамгийн чухал үндэс суурийг бүрдүүлж байдаг” гэсэн нэгэн алдартай хүний үгийг бичиж хадсан байх нь нүдэнд тусав. Тэндээс ”Нээрэн ч тийм шүү.” гэсэн шүү юм бодоод гарч байсан нь өнөө хэр тархинд гүнээ хадгалагдан үлджээ.
Тайбэй хот руу буцах замд хурдны замын нэгэн том амралтын бүс дээр түр буудаллах зуур тэндхийн ариун цэврийн өрөөний ханан дээр автомашины дугуй зам зуур хагарахаас сэргийлэх гурван санамжийг бичээд хадсан байх жишээтэй.
”Урагшаа та ердөө хагас алхам урагшлаваас
Угтаа соёлжилт руу хийж байгаа том алхам бөлгөө.” гэсэн шүлэг хүртэл бичээд хадсаны цаад санааг та бүхэн төвөггүй ойлгож байгаа хэмээн бодож байна.
Токиогийн Шибуяа нэрт хөл хөдөлгөөн маш ихтэй галт тэрэгний буудлын ариун цэврийн өрөөнд ”Надад хичээгээрэй хэмээн хэлж чаддаггүй ганц л хүн байдаг нь хөөрхий ээж минь болой.” хэмээх зурагт хуудас маягийн зүйл хадсан нь бодлын утсыг чамгүй урт хөврүүлэв. Аливаа газар оронд ”Ээж” хэмээх амьд Бурхан заларч байдгийг япончууд маш энгийн үгээр сэтгэлийн утсыг тон хийтэл илэрхийлсэн нь тэр байлаа. Алсыг зорихоор явж байгаа оюутан залууг наана нь дүрслээд цаад талд нь галт тэрэгний буудал дээр үдэн гаргаж байгаа намбалаг сайхан япон эмэгтэйн хөргийг даруухан өнгөөр зурсан байсан санагдана.
Кино шийг харж байхад Орос ээж нар гүдэсхэн атлаа хүнлэг сайхан төрхөөр сэтгэлд буудаг бол хятад эхчүүдийн уян зөөлөн зан чанарыг уран бүтээлчид нь илүүтэй товойлгон гаргасан байдаг л даа. Тэгвэл Америк эхчүүдийн уужуу ухаалаг төрхийг кинон дээрээс нь олонтоо харж байсан санагдана.
Харин Монгол эхийн сэтгэлд мөнхөрсөн дүр юусан билээ гээд санатал ”Санаа цайлган ээжүүдийн маань сацлаа өргөх дүр” нь сэтгэлд шууд ургаж байдаг шүү.
-
2016 оны 12 сарын 19
Саяхан буюу 2016 оны 11 дүгээр сарын 22-нд ТТЭНН-ын дарга Г.Уянга “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүд”-ийг зарлав. Төр засаг улс төрийн нэн чухал ач холбогдол, үр дагавар бүхий энэ баримт бичгийг олон нийтэд тараахгүй байх бүх талын арга хэмжээ авахын зэрэгцээ ихэнхидээ таг дуугай байж, хааяа хэн ч үл мэдэх нусан буунуудаар сулхан эсэргүүцэл үзүүлж байна. Хаашаа ч хөдлөх аргагүй бодит баримтын өөдөөс таг чиг болох нь Ц.Элбэгдоржийн шалгарсан арга юм. Учир нь Монголын ард түмэн амархан мартдаг гэдгийг тэр дэндүү сайн мэддэг юм. Үнэн хэрэг дээрээ ТТЭНН-ын гаргасан улс төрийн үндэслэлүүд олон жилийн судалгаанд тулгуурласан, сайтар судалсан, хор уршиг нь тов тодорхой хаашаа ч бултан газаргүй, хөдөлшгүй үндэслэлүүд юм. Үүнийг эсвэл таг дуугай байх, эсвэл “ердийн зүйл” гэж тайлбарлах аргаар үгүйсгэх ямар ч боломжгүй.
-
2016 оны 11 сарын 19
Санаатай, санамсаргүйг хэлж мэдэхгүй юм. Ямар ч гэсэн төрийн албан хаагчдын хүнд суртал буюу иргэдийг янз бүрийн гох дэгээ, шалтаг шалтгаанаар чирэгдүүлдэг нь цаагуураа авлига өгөхийг далдуур шаардсан өдөөлт гэж ойлгогдох болж. Энд тэнд очиж дугаарлаж, хүлээж залхан аргаа барахдаа танил талаа хайх юм уу, эсвэл тухайн чирэгдүүлэгчид хэд гурван төгрөг атгуулахаас аргагүйд хүрдэг бололтой юм.
Ялангуяа ардаа ажил төрөлтэй, зав зай муутай хүмүүс алба амины ажлаа амжуулчих санаатай цаг зав гарган аль нэг байгууллагад /төрийн байгууллагуудад гэж ойлговол зохино/ очлоо гэхэд нэг очилтоор хэргээ бүтээнэ гэж ёстой гонжийнжоо.
Төрийн албан хаагчид гэх их зантай, дуугарч цөхсөн, эсвэл уурлаж уцаарласан, загнаж зандачсан хүмүүс л угтах нь хаа сайгүй. Мэдээж бүх албан хаагчид тийм гэвэл үнэнд нийцэхгүй. Гэхдээ л ийм байдал түлхүү талдаа. Одоо ихэнх байгууллагууд картын машинтай болсон тул хөлөө чилтэл зогсох нь багассан сайн тал бий.
Тэглээ ч хүлээлгэлт төдийлөн арилаагүй. Учир нь танд үйлчилж буй банк ч юм уу, эмнэлэг, гар утасны төлбар хураамж авдаг газруудын ажилтнуудын тал хувь нь шахам цонхондоо үйлчлэхгүй тухай бичиг тавьчихаад утсаар ярих ч юм уу өөр ажлаа амжуулж, ганц хоёр цонхон дээр бүх үйлчлүүлэгч дугаарладаг нь ердийн үзэгдэл. Энэ бүгдийг тоочих болсон нь орой үдэшгүй хэвлэл мэдээллээр зарлаад байгаа галт зэвсгийн тооллого, шинэчилсэн бүртгэлтэй холбоотой юм.
Галт зэвсгээ бүртгүүлэхийн тулд арваад дамжлагаар гүйсэн түүх
Завхан нийслэлд л гэхэд гуч гаруй мянган иргэн галт зэвсэг буюу ангийн буу эзэмшдэг гэж сонслоо. Энэ жил галт зэвсгийн тухай Хууль шинэчлэгдэж байгаатай холбоотой бас галт зэвсэг ашигласан гэмт хэрэг нэмэгдэх хандлагатайгаас ч хамааралтайгаар ийм бүртгэл хийх болсон аж. Үүнийг хэн ч буруутгах аргагүй.
Хийх ёстой ажил яах аргагүй мөн. Асуудлын гол нь бүртгэх ажиллагаа дэндүү хүнд сурталтай, хэт олон дамжлагатай, өөр хоорондоо уялдаа холбоогүй байгаагаас болоод цөөнгүй иргэн буугаа бүртгүүлж чадалгүй хугацаа алдаж байна.
Жилд нэг удаа явагддаг энэ арга хэмжээг сайн бэлтгэж байгаад иргэдэд чирэгдэлгүйгээр шуурхай зохион байгуулж яагаад болдоггүйг цагдаагийн дарга нар мэдэж л баймаар. Харамсалтай нь тийм сэтгэл гаргасангүй.
Буу эзэмшдэг, тэр дотроо шинээр буу авсан, эсвэл хуучин гэрчилгээ нь дууссан иргэд арав шахам дамжлага дамжиж 7-10 хоног ажлаа алдаж байж бүртгэл хийлгэдэг гэвэл итгэхгүй байх л даа. Эхлээд дүүргийн татварын газарт очиж татвараа төлнө. Дараа нь дүүргийн цагдаад очино. Тэгээд нийслэлийн цагдаагийн газраас хаана, хаана очих бичиг авна.
Тэгээд Шүүхийн шинжилгээний төв ч бил үү, нэгдүгээр эмнэлгийн ард байх газарт очиж буугаа буудуулж шалгуулна. Иргэний үнэмлэхээ нотариатаар батлуулна. Гурван хувь цээж зураг авахуулна. Хорооны Засаг даргаас тодорхойлолт авна. Өргөдөл бичнэ. Буу авсан газраасаа тодорхойлолт авна. Гурван банкинд тэмдэгтийн хураамж /5000 төгрөг/, тодорхойлолт авсны хураамж /1000 төгрөг/, гэрчилгээний үнэ /4800 төгрөг/ тушаана.
Бууны татвараас гадна шүү. Ийнхүү олон дамжлагыг гүйцээсний дараа нийслэлийн цагдаагийн газарт дахин очино. Тэгээд гэрчилгээгээ авахыг хүлээнэ. Бэлэн болсны дараа дахин очино. Яагаад ингэж чирэгдэлтэй байдаг тухай лавлаж арай хялбар болгооч гэвэл цагдаагийн ажилтан өөдөөс чинь энэ бол чиний иргэний үүрэг, өөрөөр байх боломжгүй.
Тэгээд ч манай төсөв мөнгө хүрэхгүй, бусад хүн дуугүй л гүйгээд байхад чи цагдаагийн өөдөөс том дуугарлаа гэхчлэн сүрийг үзүүлнэ. За яахав иргэний үүрэг гээд гүйгээд л байхаас яахав.
Сумтай буу үүрээд гудмаар алхах хамгийн хүнд
Хамгийн хүнд нь шүүхийн шинжилгээний төвд очиж шалгуулах. Ядаж байхад тэр газрын орчимд машины зогсоол огт байхгүй. Тэр газарт буугаа үүрээд хоёр ширхэг сум тусгай саванд хийж халааслаад очих ёстой. Гудамжаар ямар сумтай буу үүрээд алхалтай биш. Машинтай очихоос аргагүй. Хоёр гурван буутай хүн цөөнгүй.
Ер нь ихэнх ангийн хорхойтон 3-4 буутай байдаг. Сумтай гурван буу үүрээд оюутнууд, өвчтөнүүд пиг дүүрэн хөлхөлдөж байдаг тэр газраар явна гээд төсөөлөөд үз дээ. Арай гэж очлоо гэхэд нөгөө буудаж шалгадаг хүн нь эзгүй, өөр ажилтай бол маргааш нь дахиад л буугаа үүрээд ирэхээс аргагүй.
Хачирхалтай нь 12 сарын наймны дотор амжиж бүртгүүлэхгүй бол арга хэмжээ авна гээд айлгаад байгааг хэлэх үү. Тэгсэн мөртлөө шалгадаг хүн нь долоо хоногт хоёрхон удаа /нэг дэх өдөр 10 цагт, дөрөв дэх өдөр 14 цагт/ л буудаж шалгадаг гэнэ. Тэгэх тэгэхдээ бүр тухайн дурдсан цагт л очихгүй бол хана мөргөнө.
Заавал хоёр сумаар буудах ёстой журамтай гэсэн. Сум нь олддоггүй, олдсон ч ширхэг нь 14-20 мянган төгрөг хүрдэг буутай бол улам л хүнд. Буу эзэмшдэггүй хүмүүст бол сонин биш байх л даа. Бүртгүүлж чадахгүй бол буугаа зар эсвэл хураалга л гэх биз. Гэхдээ л гуч, дөчин мянга /магадгүй үүнээс ч олон байж мэднэ/-н буу зөвхөн нийслэлд байгаа гэхээр тоолгүй орхиж боломгүй.
Жишээ нь, шинэчилсэн бүртгэл явагдаж буй энэ ганц сарын дотор хотын гудамжаар сумтай буу ачсан машинууд, хэтрүүлэн бодоход арав, хорин мянгаараа дахих ч юм уу, зогсоол дээр тавиастай байх нь гээд бодоод үз дээ. Хулгай зэлгийгээс эхлээд буу, сум осолдох хүртэл юу ч тохиолдож болохоор байгаа биз. Иргэдэд арай хялбараар, хотоос зайдуухан нэг цэгт зохион байгуулж болохгүй гэж үү.
Нийслэлийн цагдаагийн газрын албан тушаалтны хэлсэн шиг төсөв хөрөнгө нь дутуугаас ч юм уу, иргэний үүрэг учраас ингээд чирэгдээд явж байх ёстой гэсэн зандралтыг хүлээн зөвшөөрмөөргүй л байна. Ядаж л буудаж шалгадаг хүнээ ажлын таван өдөр үүргээ гүйцэтгэдэг болгоход төсөв хамаатай гэж үү.
Иргэд дүүрэгтээ бүртгүүлээд нийслэл тэндээс мэдээллээ авдаг болгоход бас төсөв мөнгө хэрэгтэй гэж үү. Иргэн хүн буугаа бүртгүүлье гээд гүйгээд ирэхэд нь дахин явуулалгүй нэг мөсөн шийдээд гаргахад төсөв мөнгө хэрэгтэй гэж үү. Үнэхээр л цагдаад шинэчлэл хэрэгтэй гэдэг үнэн болохыг эндээс харж болохоор.
Цагдаагийн мөрдэс зүүсэн учир жирийн иргэдтэй зандрангуй, дээрэлхүү ханддаг, өмнө нь бөхөлзөж, гэм хийсэн мэт тонголзож, царай алдаж байх ёстой мэтээр боддог зарим нэг ажилтнуудтай хариуцлага тооцох ёстой л гэж санагдана. Энд ганцхан бууны бүртгэлтэй холбоотой сэдвийг хөндлөө.
Бусад газруудад ч ялгаагүй энэ хүнд суртал, чирэгдэл хангалттай бий. Ганц минутын дотор л шийдээд өгөх ёстой асуудлыг заавал хүлээлгэж, гуйлгаж байж дуртай дургүй шийдсэн болох. Эсвэл маргааш ир гэж буцаах.
Ямар ч шаардлагагүй бичиг цаас, шинжилгээ, төлбөр хураамж нэхэх гээд иргэдийг зовоосон дарамт дэндүү олон. Аргаа барахдаа авлига өгөхөөс өөр аргагүйд хүргэдэг байдлыг л бага гэлтгүй залруулахгүй бол манай улс авлигаас хэзээ ч салж чадахгүй.
Бүхнийг иргэний үүрэг гэх халхавчаар далайлгаж болно гэж үү. Иргэн үүргээ биелүүлэхэд нь аль болох чирэгдэлгүй, шуурхай байлгахын төлөө л төрийн албан хаагчид бидний төлсөн татварын мөнгөөр цалинжаад сууж байдаг биз дээ.
-
2016 оны 1 сарын 26
Би 1989 онд тэр үеийн ЗХУ-д их сургууль дүүргээд дөнгөж зүүнээс гарсан цоо шинэ дээл шиг амьтан ирлээ. Социалист тогтолцоо зүүний үзүүр дээр торж ядан дэнжигнэж, хүмүүсийн амнаас унах үг хурц, ер нь л тэсрэхэд бэлэн болчихоод байгаа нь мэдрэгдэж байв.
Ардчилсан хувьсгал боллоо. Нэг их гэгээн сайхан мөрөөдөлтэй улс шинэ нийгэм байгуулахаар уухай хадаагаад орж явчихсаны дунд манай үеийнхэн бүгд л янз бүрийн хүсэл зорилго, үзэл бодол тээн таваргаж явлаа.
Сургуулиа дөнгөж төгссөөд амьдралын гараагаа эхэлж байгаа манай үеийнхэн хожим нь “шилжилтийн” гэх тодотголтой болсон тэр цаг үед янз бүрийн сонголт хийсэн. Зарим нь мэргэжлийнхээ дагуу ажилд орж, зарим нь наймаа арилжаа хөөж, пүүс компани байгуулж, зарим нь үргэлжлүүлэн суралцсан. Сонголт өргөнтэй нийгэмд өөр өөрийнхөөрөө амьдарч эхэлсэн болохоор залуус бидний хувьд нийтлэг юм багасч байлаа. Харин нэг л зүйл нийтлэг байв. Тэр нь архидалт.
Ерээд оны эхээр ажлын цагаар албан газруудын өрөө тасалгаанд хундага харшиж, халамцуу хүмүүсийн дуу ихсэх нь энгийн үзэгдэл байсныг дундаас дээш насныхан ихэнх нь мэднэ.Наймаа арилжаа эрхэлж гэнэт мөнгөжсөн хүмүүс аархаж баярхаж ууна. Нийгмийн шилжилтэд эвээ олоогүй хүмүүс гутруу гундуу сэтгэлээ архиар сэргээнэ. Авлигын дээд хэмжээ нь гоё ганган хаяг шошготой гадаад архи. Архи өөрөө үнэ цэнэтэй зүйл байсан учраас архидалт бас амьдралын үнэ цэнэтэй хэвшилд тооцогдож байв.
Архинд живсэн энэ цаг үе манай үеийнхэнд хамгийн хүндээр туссан . Яагаад гэвэл хар муу санаа сууж амжаагүй, гэнэн цагаан сэтгэлтэй оргилуун дэврүүн залуус биднийг хөлөө олох нь бүү хэл мөрөө харж чадахгүй төөрсөн нийгэмрүү хувь тавилан палхийтэл нь асгаж орхисон юм. Гэр бүлийн үнэ цэнэ, гэр бүлээ хайрлах хамгаалах ухаанаа олоогүй залуус үдийн хугаст салж нийлж байлаа. Мөнгөний үнэ цэнийг мэдэхгүй бага залуус яах ийхийн зуургүй саятан болчихоод сагаж дэвэрч, түүнийхээ горыг хатуухан амсаж байлаа.
Номхон томоотой явсан нь нийгмийн хувьсал өөрчлөлтийн эмх цэгцгүй эргүүлэгт орчихоод ядмаг тарчиг амьдрал руу өөрийн эрхгүй туугдан орж эхэллээ. Социализмын боловсон хүчин болохоор бэлтгэгдсэн, хөрөнгөтний нийгэм ямар байдгийг үзэл суртлын нарийн шигшүүрээр шигшсэн мэдээллээр л төсөөлөх төдий манай үеийнхэн хэрэг дээрээ “золиосныхон” болсон юм. Зах зээлийн сайн мууг ялгаж салгаж хандах болсон дараа үеийнхэн тэгэхэд бага дунд сургуулийн хүүхдүүд байв. Амьдралын үнэ цэнийг ухаарсан, хөл дээрээ тогтож чадсан, үгүйдээ гэхэд хөл дээрээ тогтох аргаа олоод харчихсан түрүү үеийнхэн хүнд үеийг яаж ийгээд гарз багатай давсан.
Харин манай үеийнхнээс олон ч хүн архинд орсон, олон ч сайхан залуус нас барсан. Өнөөдөр ч манай үеийнхний нас баралтын тоо дээд доод үетэй харьцуулбал их байна. Хориод жилийн өмнөх нийгмийн цочир өөрчлөлт, их архидалтын бараан сүүдэр мөн ч урт байна.
Польшийн яруу найрагч Leopold Staff (1878-1957) “Зөвхөн даруулга байгаа, даруулга байхгүй гэсэн хоёрхон тохиолдолд л архийг уух хэрэгтэй” гэж чухам яагаад хэлснийг би мэдэхгүй. Гэхдээ энэ үг ерээд оны эхэн, дунд үед Монголд ёстой л бодитоор хэрэгжсэн дээ. Миний найз нөхөд, ойр дотныхон дунд ч архидалт түгээмэл үзэгдэл байсан. Тэр үед ууж идэж явсан хүмүүсийн ихэнх нь балгах дуртай болцгоосон.
Би ч ялгаагүй тэдний нэг байв. Хүнээс архины мөнгө гуйж шаналгадаггүй, гудамжинд шороотой хутгалдан өнхөрдөггүй, агсам согтуу тавьж амьтан хүн айлгадаггүй болохоос уувал уучихдаг, даварвал даварчихдаг зангиа зүүсэн боловсон архичин байсан үе бий. Нэг л өдөр үүнийг цэглэе, би ингэж явах ёсгүй хүн гэсэн хатуу дүгнэлт хийж “Дахиад хэзээ ч архи уухгүй” гэсэн андгай сэтгэлдээ тавьсан. Тэгэхэд “Сэтгэлийн хөгжил” ТББ-ын тэргүүн А.Батсайханы хэлсэнчлэн “Сэглэгдсэн бие, сэмэрсэн сэтгэл, сэгсрэгдсэн халаас” л надад үлдсэн байсан. Тэр цагаас хойш нэгэнт арваад он улирчээ.
Миний эргэн тойронд маш их зүйл өөрчлөгдсөн. Ах дүүс минь цагаан сар, насны найр, сэвлэг үргээх ёслолыг архи дарсгүй тэмдэглэдэг болоод удаж байна. Архи дарснаас хол байвал амьдрал аяндаа өөдөлдгийг ойр дотнын олон хүн мэддэг болсон. Гэхдээ би зөвхөн өөртөө, өөрийн хүрээлэлдээ л нөлөөлсөн болохоос нийгэмд хандсан далайцтай ажил хийж чадаагүй аминчхан нэгэн.
indexХарин Жамбалын Цогтсугар гэдэг эрхэм бол үнэхээр агуу хүн. Тэрээр өөрөө архинаас татгалзсан төдийгүй өргөн олныг араасаа дагуулахын төлөө ухамсарт амьдралаа бүхэлд нь зориулж яваа энэ цагийн эгэл боловч эгэлгүй баатруудын нэг. Энэ нийтлэлийнхээ “Ялагдашгүй, бас мятаршгүй” хэмээх гарчгийг би зөвхөн түүнд зориулсан юм.
Ж.Цогтсугарыг би сайн мэдэхгүй. Дундговийнх, офицер байсан, сүүлд нь “Алтан уул” гэдэг компани байгуулж, сүрхий одтой олзтой явж Монгол уран зохиолын 108 боть, яруу найргийн “Болор цом” наадмыг ивээн тэтгэж байсан, дараа нь “алтан уул” босгосондоо шандуурч архины замаар сүрхий хурдтай гулссан, гэмээ мэдээд гэнэт жолоогоо татсан, эргээд боссон зэрэг багахаан түүхийг нь өнгөцхөн мэднэ. Хань ижил нь хэн, хайртайүрс нь хэд болохыг мэдэхгүй. Орон гэрээр нь орж гарч байсангүй. Ажлынх нь босгоор алхаж ч үзээгүй. Хундаганы ард хуучилж явсангүй. Шүлгээ уншихыг нь сонсож байгаагүй, заасан хичээлд нь сууж байгаагүй.
Гэхдээ би Ж.Цогтсугарыг хамгийн сайн мэдэх хүний нэг гэдэгтээ итгэлтэй байна. Яагаад гэвэл өөрийгөө ялах, өөрийгөө олохын үнэ цэнэ, түүнд хүрэх сэтгэлийн тэнхээ, эр зоригийн хэмжээ тунг би сайн мэднэ. Тэрээр аравхан жилийн өмнө гартаа 1000 төгрөгний үнэтэй архи барьчихаад гудамжинд согтуу явсан нэгэн. Өнөөдөр тэгвэл мянга мянган хүнийг бор дарсны боолчлолоос салгаж, эрүүл зөв амьдралтай золгуулсан соён гийгүүлэгч болчихсон явна.
Боловсролтой, унаж босож үзсэн, амьдралын ухаан хийгээд хат суусан ид насны эр хувиа борлуулж довоо шарлуулахаар амиа бодон зүтгэсэн бол мөн ч ихийг амжуулна даа. Харин Ж.Цогтсугар тэгсэнгүй. Тэр өөрийн ухаарал гэмшлийг бусдад дуулгаж, алдаж яваад нь тус болж, алдаж болзошгүйг нь угтан хамгаалахааршийдэж, бие сэтгэлээ зөвхөн энэ үйлстээ зориулж явна.
“Сархад савнаасаа бусдыг дийлдэг” гэж өвөг дээдэс минь сургасан, сануулсан. Сархаднаас хол яв гэсэн сануулга. Харин энэхүү сануулгыг үл анзаарсны улмаас эндүү андуу гаргасан хүмүүстсархадыг саруул ухаан, эр зоригоор ялж болно гэдгийг ойлгуулж, нийгмийн гэмтсэн сэтгэлзүйг анагаах үйлсэд цаг наргүй зүтгэж байгаа Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, МУСГЗ Ж.Цогтсугарын түмний төлөө гэсэн халуун сэтгэл нь сүүн замтай байна.
Өрөөлийн төлөө өөрийгөө мартсан Ж.Цогтсугар эрхэм “Эхлээд чи архи уухыг хүснэ, дараа нь архи архиа хүснэ, эцэст нь архи чамайг уухыг хүснэ” гэж өнгөрсөн зуунд америкийн зохиолч Lewis Sinclair(1885-1951) нэгтээ бичсэнийг энэ зууны монголчууддаа сануулан сэрүүлэхийн төлөө тэмцэлдээ ялагдашгүй, бас мятрашгүй зүтгэсээр явна. Түүний хүсэл биелж, хүн болгон архигүй Монголоороо бахархах цаг ч ойрхон гэдэгт итгэнэ.
Урианхан Б.Галаарид
2016.01.23
-
2015 оны 2 сарын 26
Сэтгүүлч Р.Эмүжин өөрийн фэйсбүүк хуудасндаа АТГ-ын талаар ийнхүү бичжээ.
-
2015 оны 1 сарын 22
Авто замын түгжрэл буюу замын хөдөлгөөний саатал - Автомашины хөдөлгөөний хурд нь дундаж хэмжээнээс эрс багассаны улмаас замын тухайн хэсэгт тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүсэхийг хэлдэг ба тухайн зорчих хэсгийн нэвтрүүлэн өнгөрөх чадвар 20 дахин болон түүнээс дээш хувиар буурсан тохиолдлыг хэлдэг.
-
2014 оны 11 сарын 20
манай улсад одоогоор энэ үзэгдлийн эсрэг ямар нэг инженерийн шийдэл хийгдээгүйгээс орой үдшийн цагаар гарцаар гарч явсан явган зорчигч нар дайрагдаж амь насаараа хохирсоор байна. Харин бусад улс оронд харанхуй болох үед явган хүний гарцыг гэрэлтүүлэх ажлыг ийм байдлаар зохион байгуулжээ. Төдийлөн их зардал гарахгүй ч олон хүний амь насыг аврах хэрэгсэл гэдэг нь харагдаж байна.
-
2014 оны 11 сарын 20
Байгуулагдаад удаагүй Тахарын албаны Гэрч, хохирогчийг хамгаалах газрын дарга М.Ичинноровтой ярилцлаа. Тэрбээр хүний эрхийн төлөө дуугарч, ажиллаж, бичиж, нийтэлж ирсэн иргэний нийгмийн хүчтэй төлөөлөгчдийн нэг юм. Энэ удаа түүнтэй шинээр хүлээн авсан ажлынх нь хүрээнд ярилцсан юм.
-
2014 оны 11 сарын 04
Эртнээс олборлосон Эрдэнэт толгой, одоо ид ашиглаж буй Оюу толгой, тал талаас нь мэрээд эхэлчихсэн Таван толгой, за тэгээд занар, хий, газрын тосны гээд, эрдэнэсээ ил xаруулдаггүй, гэхдээ хайж олж чадвал баялгаар дүүрэн байдаг олон нуугдмал толгойг өвөг дээдэс минь бидэнд өвлүүлэн үлдээжээ.
-
2014 оны 10 сарын 02
С. Зоригийн хөшөөнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга цэцэг өргөж байна. Тэд цул хөх ардчилагчид. Төрийн гурван өндөрлөг тэр чигээрээ, бас төрсөн дүү нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сайд. Засаг, хүчний байгууллага бүгд тэдний гарт. Гэтэл яагаад С. Зоригийн хэрэг илрэхгүй байна.
-
2014 оны 9 сарын 16
Интернет орчин дахь мэдээллийн далай мэт хүчирхэг догшин урсгал нь жирийн нэг долгис бус дэлхий дахиныг хэрж торлосон бүхэл бүтэн сүлжээ болон хувирсан байх тул хэн нэгний бичсэн сэтгэгдэл төдий зүйл хүртэл хормын төдийд хязгааргүй орон зайд цахилгаан мэт нэвчих чадамжийг сэтгүүл зүйд буй болгосон нь мэдээллийн эрх чөлөөний хувьсал бус хувьсгал болж байгааг илэрхийлж байна.
-
2014 оны 9 сарын 03
Монгол улсад сүүлийн 15 жилийн байдлаар Зам тээврийн ослын улмаас 5041 хүний амь нас хохирч 11020 хүн насан туршийн тахир дутуу болсон бол сүүлийн 40 жилийн байдлаар 10706 хүн нас барсан гэсэн тоон үзүүлэлт байна. Энэ бол бага тоо биш гэдгийг харж байгаа байх. Манай улсад жилд 600 хүний амь нас зөвхөн авто зам дээр үгүй болдог. Зохих арга хэмжээ авахгүй бол 2020 он гэхэд зам тээврийн ослын улмаас нас барагсдын тоо 2 дахин өсөх аюул нүүрлээд байна.
-
2014 оны 9 сарын 01
Шинээр батлагдсан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт болон бусад асуудлаар Тахарын албаны Гэрч, хохирогчийг хамгаалах газрын дарга М.ИЧИННОРОВТОЙ ярилцлаа.
-
2014 оны 2 сарын 19
Хязгааргүй юм хязгаар үгүй авч бас хязгааргүйн хязгаар гэж буй ажээ. Тэр нь найруулагч И. Нямгаваа хязгаар үгүй сэтгэлгээндээ хязгаар хүрээ татсан “Хязгааргүй” хэмээх уран сайхны кино болой.
-
2014 оны 2 сарын 05
Зарим гэмт хэрэгт хохирогчийн өөрийнх нь буруугаас болж аюултай үр дагавар үүссэн байдаг. Бусад руу дайрсан хүн өөрөө аргагүй хамгаалалтын бай болсон байх жишээтэй.Харин энд өгүүлэх зүйл бол огт өөр асуудал. Миний хөндөх гэсэн санаа бол жинхэнэ харгис этгээдийн гарт өртөж золиос болчихоод буруутгагддаг феномены талаар өгүүлэх гэж байна.
-
2014 оны 1 сарын 16
Найз бүсгүйгээ зодож хөнөөсөн гэх Г.Алтанхүүгийн хэргийн хохирогчийн талд стратегийн өмгөөлөл явуулж буй хүний эрхийн хуульч М.Ичинноровтой ярилцлаа.