"Улс орны хөгжлийг ариун цэврийн өрөөний соёлоос нь харж болно." хэмээн Америкийн нэгэн алдартай бизнесмэн хэлсэн тухай залуудаа уншиж байсан. Японы тэр зүгийн соёлыг тийшээ очиж үзсэн хүн болгон андахгүй мэдэх юм хойно доо. Тайваний тухайд цэвэр цэмцгэрийн хувьд японыгоо арай гүйцэхгүй боловч аль газрын ариун цэврийн өрөөнд орсон ч суултуур, зогсуур болгоны өмнө санаж явууштай сайхан үгсийг бичсэн байх нь олонтоо.
Да Еэгийн их сургуулийн ОО-д гараа угаагаад гарах зуур л "Багаар ажиллахад нөхөрсөг харилцаа гэхээс илүүтэй итгэлцэл хамгийн чухал үндэс суурийг бүрдүүлж байдаг" гэсэн нэгэн алдартай хүний үгийг бичиж хадсан байх нь нүдэнд тусав. Тэндээс "Нээрэн ч тийм шүү." гэсэн шүү юм бодоод гарч байсан нь өнөө хэр тархинд гүнээ хадгалагдан үлджээ.
Тайбэй хот руу буцах замд хурдны замын нэгэн том амралтын бүс дээр түр буудаллах зуур тэндхийн ариун цэврийн өрөөний ханан дээр автомашины дугуй зам зуур хагарахаас сэргийлэх гурван санамжийг бичээд хадсан байх жишээтэй.
"Урагшаа та ердөө хагас алхам урагшлаваас
Угтаа соёлжилт руу хийж байгаа том алхам бөлгөө." гэсэн шүлэг хүртэл бичээд хадсаны цаад санааг та бүхэн төвөггүй ойлгож байгаа хэмээн бодож байна.
Токиогийн Шибуяа нэрт хөл хөдөлгөөн маш ихтэй галт тэрэгний буудлын ариун цэврийн өрөөнд "Надад хичээгээрэй хэмээн хэлж чаддаггүй ганц л хүн байдаг нь хөөрхий ээж минь болой." хэмээх зурагт хуудас маягийн зүйл хадсан нь бодлын утсыг чамгүй урт хөврүүлэв. Аливаа газар оронд "Ээж" хэмээх амьд Бурхан заларч байдгийг япончууд маш энгийн үгээр сэтгэлийн утсыг тон хийтэл илэрхийлсэн нь тэр байлаа. Алсыг зорихоор явж байгаа оюутан залууг наана нь дүрслээд цаад талд нь галт тэрэгний буудал дээр үдэн гаргаж байгаа намбалаг сайхан япон эмэгтэйн хөргийг даруухан өнгөөр зурсан байсан санагдана.
Кино шийг харж байхад Орос ээж нар гүдэсхэн атлаа хүнлэг сайхан төрхөөр сэтгэлд буудаг бол хятад эхчүүдийн уян зөөлөн зан чанарыг уран бүтээлчид нь илүүтэй товойлгон гаргасан байдаг л даа. Тэгвэл Америк эхчүүдийн уужуу ухаалаг төрхийг кинон дээрээс нь олонтоо харж байсан санагдана.
Харин Монгол эхийн сэтгэлд мөнхөрсөн дүр юусан билээ гээд санатал "Санаа цайлган ээжүүдийн маань сацлаа өргөх дүр" нь сэтгэлд шууд ургаж байдаг шүү.