Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ оны босгон дээр үг хэлэхдээ “Эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой байгаа тул УИХ-ын хаврын чуулганаар татвар, нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг өргөн барина. Ингэхдээ иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэнэ” гэсэн юм. Иймд НӨАТ, Хувь хүний орлогын албан татвар, Аж ахуй нэгжийн орлогын албан татвартай холбоотой санал, хүсэлт авч эхэлжээ. Мөн энэ хүрээнд “Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлгийн эргэн тойронд өрнөсөн мэдээллийг тоймлон хүргэж байна.
-Татварын багц хуулийн шинэчлэлийг хаврын чуулганаар батална-
"Татварын багц хууль"-ийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ажиллаж буй. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар татварын асуудалтай холбоотой 110 мянга гаруй санал ирсэн байна. Татварын бодлого гэдэг бол тухайн Засгийн газрын гол суурь бодлого нь байдаг. Мэдээж өнөөдрийн ярьж байгаа татварын тухай санал, гомдлуудыг бүгдийг нь шингээж авч үлдэхийг эрмэлзэж, Засгийн газарт өргөн барихыг хичээж ажиллах болно. Хэлэлцүүлгийн үр дүнд хамгийн гол яригдаж байгаа зүйл нь иргэдийн гар дээрээ авч байгаа бодит цалингаас авч байгаа татвар өндөр байна. НДШ өндөр байна гэдэг асуудал яригдаж байна. Үүнийг орлого багатай иргэдэд яаж илүү хөнгөлөх, чөлөөлөх вэ гэдэг дээр бид анхаарна" гэв.
-Татварын багц хуулиудын шинэчилсэн найруулга 2020 оноос мөрдөгдөж эхэлсэн-
1992 оноос татварын багц хууль хэрэгжиж эхэлсэн. Хуулийн өөрчлөлт бүрд татварын хувь, хэмжээ борлуулалтын орлого, татвар ногдуулах орлогынхоо түвшнээс хамаараад нэлээдгүй өөрчлөлтүүд орж иржээ. Тухайлбал, татварын багц хуулиудын шинэчилсэн найруулга 2020 оноос мөрдөгдөж эхэлсэн байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар олон улсын дундаж татвар хувь, хэмжээ 21.2 хувьтай байдаг. Нийтлэг хувь, хэмжээгээрээ олон улсад 20-25 хувьтай байна.
Монгол Улсын хувьд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжоор хялбаршуулсан буюу 50 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд ямар нэгэн зардал хасахгүйгээр борлуулалтын орлогоосоо 1 хувийн татвар төлж байна. Харин 3-6 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой компаниуд 10 хувь, 6 тэрбум төгрөөс дээш орлогын дүнд 25 хувийн татвар төлж байна.
СУДАЛГАА: Бүх татварын дундаж ачаалал нь 10.1 хувьтай байна
2023 оны байдлаар бизнес эрхлэгчдийн хүрээнд 158 мянга гаруй аж ахуйн нэгжийг хамруулан судалгаа хийхэд нийт төлж байгаа бүх татварын хувьд дундаж ачаалал нь 10.1 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж орлогынхоо ийм хувийг татварт төлж байна гэсэн үг. Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд 5-6, томоохон аж ахуйн нэгжийн хувьд 12.8 хувийн татварын ачаалалтай байна. Мөн салбараар нь авч үзвэл уул уурхай 19.2, худалдаа буюу нийт аж ахуйн нэгжүүдийн 36.4 хувь нь 7.3 хувь, хүнс, хөдөө аж ахуй 4.3, барилга 5.3, цахилгаан эрчим хүчний салбар 4.3 хувийн тус тус татварын ачаалалтай байгаа тухай тус хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан юм.
САНАЛ: Үндэсний үйлдвэр эрхлэгчдэд татварын уян хатан бодлого, зохицуулалтыг чиглүүлэх нь зүйтэй
Татварын шинэчлэлийн хүрээнд хууль эрх зүйн орчныг сайжруулахад зайлшгүй тусгах, анхаарах асуудалд хэлэлцүүлэгт оролцсон гишүүд саналаа хэлсэн юм. Тухайлбал, татварын шинэчлэлийг хийхдээ эдийн засгийн бодлогоо бизнесийг дэмжих, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг өргөжүүлэх тэлэхэд чиглүүлэх, ажиллах хүчний хомстолын асуудлыг шийдвэрлэх хүрээнд хүний нөөцийг асуудалд анхаарах, татварын тэгш, шударга зарчмыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай гэв. Мөн татварын хууль тогтоомжид даатгалын салбартай холбоотой зайлшгүй шинэчлэх шаардлагатай зохицуулалтууд байдаг тул эл салбарын хууль эрх зүйн орчныг шинэчилэх, одоо хэрэгжиж буй хуулийн хүрээнд жижиг татвар төлөгчид орлогоо нуух нөхцөлийг бүрдүүлж буйд анхаарах, татвар төлдөггүй иргэдийг илүүтэй хамруулахад оновчтой шийдэл гаргах, үндэсний үйлдвэр эрхлэгчдэд татварын уян хатан бодлого, зохицуулалтыг чиглүүлэх нь зүйтэй гэсэн саналуудыг хэлж байгаа.
-Тусгаар тогтносон улс гэдгийн гол илэрхийлэл нь татвар-
Хэлэлцүүлгийн үеэр Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга Г.Алтанзаяа илтгэл танилцуулсан юм. Тэрбээр “Татварын тухай иргэдийн ойлголт, хандлага мөн түүний шинэчлэлийн талаарх ойлголт нь харилцан адилгүй олон янз байна. Нэг талаас, татвар төлье гэхээс илүүтэйгээр бууруулъя, багасгая гэсэн чиг хандлага ажиглагддаг. Тиймээс татвар гэж юу болохыг нийгмээрээ анхаарч ойлгох чухал зүйл юм. Татвар гэдэг нь төр засгийн зүгээс үйлчилж буй үйлчилгээний үнэ юм. Нөгөө талаас татварын удирдлага бол татварын бодлого юм.
Ерөнхийдөө татвар бол тусгаар улсын бүрэн эрхийн баталгаа юм. Үүнийг бид сайн мэднэ. Тусгаар тогтносон улс гэдгийн гол илэрхийлэл нь татвар. Жишээлбэл, Өвөр монголд татвар гэж байдаггүй. Тэгэхээр Монгол Улс тусгаар тогтносны хувьд татварын шинэчлэлийг яриад явж байгаа нь нийт ард иргэдийн бахархал юм" гэв.