Зарим гэмт хэрэгт хохирогчийн өөрийнх нь буруугаас болж аюултай үр дагавар үүссэн байдаг. Бусад руу дайрсан хүн өөрөө аргагүй хамгаалалтын бай болсон байх жишээтэй.Харин энд өгүүлэх зүйл бол огт өөр асуудал. Миний хөндөх гэсэн санаа бол жинхэнэ харгис этгээдийн гарт өртөж золиос болчихоод буруутгагддаг феномены талаар өгүүлэх гэж байна. Сүүлийн үед хохирогч бүсгүй Цэдэн-Ишийг элдэв янзаар нь буруутгах, түүнийг харлуулж харагдуулахыг хүссэн мэдээллүүд ганц хоёр мэдээллийн сайтуудаар гарч эхэлсэн нь энэхүү хохирогчийг буруутгах технологийг ашиглаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Аймшигт гэмт хэрэг хийснээ зөвтгөх, түүндээ хохирогчдыг буруутгадаг тухай ойлголтыг 1947 онд Теодор Адорно гэгч зохиолч “Дарангуйлагч эрх мэдлийн мөн чанар” номондоо фашистуудын өдөөсөн гэмт хэрэгт хохирогчдыг хэрхэн буруутгадаг “F-scale” \F= фашист\ буюу “фашист жинлүүр” хэмээх ойлголтын тухай өгүүлдэг ажээ.
Нэгэнт хүчирхийллийн хэргийн золиос болоод эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон дээр нь нэмж тэднийг буруутгадаг хандлага нь хохирогчийг сэтгэл зүйн хувьд дахин дахин гэмтээх “re-traumatization” явагддаг гэсэн үг. Энэ үйл явц хохирогчийн ар гэрийнхэн болон хайртай хүмүүст нь сэтгэл зүйн маш хүнд цохилт болж очдог. Энэхүү хохирогчийг буруутгах технологийг Алтанхүүгийн гэх хэрэгт ашиглаж байгааг бид мэргэжлийн нүдээр харж байна. Үүнийг хууль хяналтын байгууллага анхааралдаа авч мэргэжлийн сэтгэл зүйчид болон хохирогчидтой ажилладаг Хүчирхийллийн эсрэг үндэсний төв зэрэг байгууллагуудаас экпертийн туслалцаа авч энэ хэрэгт хянуур хандаасай хэмээн хүсч байна. “Ямар үхсэн хүн үгээ хэлэх биш” гэсэн шиг аманд орсноороо тэр муу охиныг хэлэх хэлэхгүйгээр хэлж, бичих бичихгүйгээр бичиж байгаагаа өөрсдийгөө энэ хэргийг дагнан бичиж байгаа гэх мэтээр нэрлэж байгаа зарим нэг сайтуудад эрүүл, шударга, иргэний сэтгүүл зүйн төлөө ажиллаасай хэмээн хүсч, хүний эрхийг, шударга ёсыг бүү зөрчөөчээ хэмээн энэ удаа анхааруулан зөвлөхөөс гадна цэвэр гүтгэлгийн чанартай, зохиомол, илтэд нэг талыг барьсан, хохирогчдод дахин дахин сэтгэл зүйн гүнзгий гэмтэл учруулж буй материалуудаа устгахыг сануулан энэхүү нийтлэлийг бичлээ.
Сэтгэгдэл (21)