/кино эхлэхийн өмнө/
Хязгааргүй юм хязгаар үгүй авч бас хязгааргүйн хязгаар гэж буй ажээ. Тэр нь найруулагч И. Нямгаваа хязгаар үгүй сэтгэлгээндээ хязгаар хүрээ татсан “Хязгааргүй” хэмээх уран сайхны кино болой.
... Дэлгэцнээ “Хязгааргүй” кино гарч дуусахад би ярих нь бүү хэл сэтгэх тэнхэлгүй болсон байв. Найруулагч И. Нямгаваа миний сэтгүүлч мэргэжлээр даажигнаж, сэтгэл зүрхийг минь нэгэнт ховсдон эзэмдээд түүнийг шатрын хөлөг дээр өрчихсөн дураар нүүж буй мэт санагдана. Тэр бусдын бодлыг ховх сорж, зөвхөн өөрийнхөө сэтгэлгээнд нийцүүлэн тулгаж, басхүү нийгмийн ээдрээт явдал, хурц асуудлыг төнхөж, үзэгчдийг түүний амьд гэрч төдийгүй оролцогч болгон хутгаж орхичихоод тэртээ арын суудалд гараа элгэндээ тэвэрч доогтойхон мушилзаж, хулгай нүдээр хэн нэгнийг шагайвчлан сэм сэмхэн харах мэт, бүр урд нүүрний эгнээнд суух миний шилэн хүзүүг нэвт шувт сүлбэн жадлах мэт ажээ.
Хэдийвээр энэ кино дэлгэцнээ нийтэд хараахан гарах болоогүй, бүрэн дуусаагүй, тэрч байтугай үзэгч, судлаачдад урьдчилан үзүүлж танах тайрах, нэмэх цэнэх боломжтой гэх ийм нөхцөлд үзсэн “Хязгааргүй” киноны анхны үзэгчдийн нэг нь би. Гэвч уг киноны хэлэлцүүлэгт оролцох хүсэл огт байсангүй. Учир нь бодох, бас дахин бодох хэрэгтэй байлаа. Би уйлж, бас инээж элдвийн юм болсонгүй. Тэгэх хэрэг угаас алга. Харин найруулагчийн хэлсэнчлэн “хамт санааширсан” авай. Тэр бас “Та бүхэнд таалагдахгүй, та бүхэнд очихгүй өчнөөн ч юм бас байж магадгүй” гэсэн үгийг өвөрлөн гэрийн зүг явлаа.
“Хязгааргүй”. “Хязгаар үгүй”. Кирил үсэг, худам монгол бичгийн ялгаа энэ. Монгол хэлийг ингэж чимээ нь үгүй эвдэж байна. Харин нийгмийн эвдрэлийг ийн чимээгүй сонсох ямар ч боломжгүй, бас боломж үгүй. Сэлэнгийн долгио чуулгын ерөнхий найруулагч С. Баярсайханы “Дээд хэмжээ” гэх жүжгийн зохиол театрын тайзнаа хэд хэдэн удаа энд тэнд тавигдаж эдүгээ дэлгэцийн бүтээл болж буй нь энэ. Бас хэд хэдэн кино зэрэгцэн хийгдэж буй сураг ажигтай. Тэр бүхэнд хариу барих гэж, бас киноныхоо менежментийн төвд тэрхүү үнэн худал нь үл мэдэгдэх зохиогчийн эрхийн маргаанд цэг тавих гэж “үзлэг” хэмээх шүүлтүүрийг сэргээж буй нь энэ бололтой. Үнэндээ үзлэг гэхээсээ энэ нь хийдэг юмаа хийчихсэн, түүндээ итгэлтэй уран бүтээлчдийн бардамнал байлаа.
... Киноны гол дүр нь сэтгүүлч, тэр тусмаа эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр дагнаж буй нугарш үгүй нэгэн залуу. Нэр нь Жаргал. Эхнэр нь, эргэн тойрныхон нь түүнд эргэлзэнэ. “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэнэ шүү. Чи огт харанхуй юмны араас яваад байгаа юм биш үү” гэж эхнэр нь сануулна. Тэр бас “Би өчнөөн жил чиний ажлыг дэмжиж ойлгосоор ирсэн. Одоо чадахгүй. Яах нь мэдэгдэхгүй юмны хойноос явж амьдралаа алдаад өчнөөн жил хуримтлуулсан байрныхаа мөнгөөр мөрийтэй тоглож алдчихаад, орох оронгүй амьдрах сайхан уу?” гэж тунирхаж нэг үзнэ.
Гэвч мөрөөтэй тоглоом, хар тамхины явдлыг илчилж байсан Жаргал сэтгүүлчийн “мэргэжлийн өвчин” хөдөлж, зурагтаар гарсан нэгэн мэдээг үзээд “Энэ яасан дөлгөөнхөн нүдтэй хүүхэд вэ? Ийм хэрэг хийхээргүй хүүхэд байна. Хайран хүүхэд” гэх харамсал нь хөтөлж, чухам түүний учрыг олох гэж ялын дээд хэмжээ сонссон хоригдлуудтай хамт гянданд хоригдоно. Шорон дотроос хилс хэрэг, хүний амьдралын сүүлчийн эгшинг мэдэрч тэр тухай бичихийг хүснэ.
Үйл явдал энэ мэт хачирхалтай, огцом, дарамттай өрнөнө. Гяндангийн амьдрал, тэр тусмаа хүн амины хэргээр дээд хэмжээ авсан онц хүнд гэмт хэрэгтнүүдийн дунд хуурамчаар ял хүлээж хамтдаа хэсэг хугацаанд ч болов байна гэдэг эрүүл хүний сэтгэх зүйл биш байвч сэтгүүлчийн мэргэжил тийм эрс шийдэлд түлхэх аж. Гэвч гяндангийн амьдрал тэс өөр ертөнц байв. “Энэ чинь нөгөө элдвийн юм бичээд хүмүүсийн толгойг угаагаад байдаг нөхөр мөн байна. Тийм үү. Тэр хуурцаг хаана байна? Гаргаж өг”. Ийм л өш хонзон түүнийг угтав. “Чиний бичээд байгаа зүйлүүд чинь үе үе доргиох юм аа. Тэр “Хүн үү, мангас уу” гэдэг нийтлэл дэлбэлсэн. Авилгачдын эхний цуваа ачигдсан” гэж дэвэргэж байсан багын найз Бадрал сайд харин ч тэр бүхнийг зохион байгуулж Жаргалыг гянданд хийчихээд, авилгатай холбоотой бүхнээ далдалж, бүр давраад ар гэрийг нь үймүүлж эхнэртэй нь сууж байх юм.
... “Бусдын сайн сайхны төлөө дэлбэлэх юм зөндөө л гарна”. Сэтгүүлч Жаргалын энэ үг киноны гол шугмыг хөтөлнө. “Хэзээ нэгэн цагт би тэр газар дор байгаа хүмүүсийн тухай, тэр хүмүүсийн нулимсны тухай, тэр хүмүүсийн гоё мөрөөдлийн тухай бичнэ” гэх түүний үг “Би муу өвгөн багшийнхаа бичгийн машины дууг тасдмааргүй байна. Энэ чинь намайг эсэргүүцдэг, намайг зоригжуулдаг байхгүй юу? Энэ бичгийн машин чинь наддаа л төгөлдөр хуур” гэх мэргэжлийн бардамналаар өрнөнө. Энэ бүхэн надад дэндүү ойр санагдана.
Би сэтгүүлч мэргэжлээ хайрлан бодлоо. Нийгэмд бугшсан бусармаг явдлын төр дамжсан эрх ашгийн бүлэглэлийн хүчирхэг сүлжээг сөрж шударга үнэний төлөө, энэ олон эгэл хүмүүсийн төлөө, ардчиллын төлөө, хүний эрх, эрх чөлөөний төлөө хөөрхий энэ хэдэн сэтгүүлчид бор зүрхээрээ зүтгэж, ар гэр авгай хүүхдээ золиосолж, бичсэн зүйлийнхээ горыг байнга амсч, олон жилийн дараа ч хөгцтэй араанд зуугдан хэлмэгдэж явсан амьд түүх өнөөдөр ч үргэлжилж буйг өөрийн амьдралаар туулсан нэгэн амьд гэрчийн хувьд би эргэцүүлэн бодоход энэ кино сэтгүүлчийн тухай гэхээсээ ер яг энэ цагийн нийгмийн уран сайхны шинжлэл юм шиг.
“Эрх чөлөө гэж юу вэ. Миний бодлоор эрх чөлөө гэдэг өөрийнхөө мөрөөдөл рүү хайртай хүнтэйгээ, охинтойгоо хамт гүйх, хэн ч намайг хорихгүй, хайчих нь вэ гэж асуухгүй тэр хязгаар рүү гүйх” гэх, “Үхсний чинь эрх чөлөө. Би энд ганцаараа хоригдоогүй байна. Хоёр хөөрхөн охинтойгоо, бэлэвсэрсэн эхнэртэйгээ хоригдож байна” гэх хоригдлуудын үгс зөвхөн гяндангийн хүрээнийх юм гэж үү. Нийгэм маань бүхэлдээ гяндан болохын ирмэг дээр, шударга ёс булшлагдахын босгон дээр ирэхийн цагт нийгмийн авралын од нь сэтгүүлчид болдог тэр үнэнийг “Хязгааргүй” киноны хязгаар түгшүүрийн хонх болгон дэлднэм бус уу.
Хязгааргүй юм хязгаар үгүй авч бас хязгааргүйн хязгаар гэж буй ажээ. Тэр нь найруулагч И. Нямгаваа хязгаар үгүй сэтгэлгээндээ хязгаар хүрээ татсан “Хязгааргүй” хэмээх уран сайхны кино болой. Дэлгэцнээ хараахан гараагүй “Хязгааргүй” кино эхлэхийн өмнө ийм бодлын манан миний сэтгэлд хөшиглөн татах ажээ.
Сэтгэгдэл (16)