Орчлон дээр дахин нэг он улиран солигдох мөч айсуй. Эсэн эх, эрүүл саруул, уудам ертөнцийн нар сарыг үзэж, төвшин амгалан суугаа та бүхэндээ хуучин оныг үдэж, шинэ оныг угтах шүлгүүдийг хүргэж байна.
***
Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ
Хаа холоос хүү минь ирэхээс эхэлнэ
Хайр дурлал, инээмсэглэлээс эхэлнэ
Хаврын бороо цэцэгнээс эхэлнэ.
Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ
Хадны жимсийг хувааж идэхээс эхэлнэ
Халмаг насны нойронд хүү зүүдлэхээс эхэлнэ
Харцага шувуу ноёлог ууланд бөөрөхөөс эхэлнэ,
Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ
Хаа хол хүний үр явахаас эхэлнэ
Хасар, басар нохой хөсөг дагахаас эхэлнэ
Хангай хээрийн өвс халиурахаас эхэлнэ.
Хамаг юм, сайн сайнаас эхэлнэ
Хамгийн хөөрхөн чиний гараас цай уухаас эхэлнэ
Хар модон ээрүүлтэйгээ эмэг эх үүрэглэхээс эхэлнэ
Харанхуй шөнийг гал гийгүүлэхээс эхэлнэ.
Д.Нямсүрэн
***
Юу ч сүүлчийнх байдаггүй,-Эхэлдэг!
Юу ч юунд ч мартагдаггүй, -Зүүдлэгддэг!
Орхисон эргээ
Гол мартдаггүй,-Дүүрдэг!
Хугарсан мөчрөө
Навч мартдаггүй,-Ургадаг!
Өнгөрсөн хоромоо
Ирээдүй мартдаггүй,-Эргэдэг!
Хагацсан учралаа
Сэтгэл мартдаггүй,- Өмөрдөг!
Үг үнэнээ мартдаггүй,-Ирдэг!
Юу ч юуг ч мартдаггүй, -Өнчирдөг!
Юу ч юунд ч мартагдадаггүй,-Үргэлжилдэг!..
Д.Урианхай
***
Оддын доор арван хоёрдугаар сар гарлаа!
Орчлон дээр ингээд л бүтэн жил
Оргилуун дарс шиг асгараад гүйцлээ.
Ахиад нэг жил, хоёр гурван жил,
Арав хорин жил, гучин жил,
Амсхийх ч завгүй жаран жил…
Амьдрал баяртай!
Үсэн дээрээс минь цасан ширхэг
Өвлийн шувууд шиг нисэлдсээр,
Үзэсгэлэнт хүйтэн оддыг зорино.
Үүрд мөнх насалсан ч уйдахааргүй
Үнэхээр сайхан байлаа.
Өө, миний дургүй сар
Арван хоёрдугаар сар ч биш...
Г.Аюурзана "Миний дургүй сарууд" шүлгийн хэсгээс