Өнгөрсөн зууны гучаад онд “германы тагнуул” “барууны тагнуул” гэж гүтгэгдэж, хэлмэгдсэн Нацагдоржийг өдгөө өрөвдөж хайрлангаа өөр хэн нэгнийг яг түүн шиг гүтгэж, хэлмэгдүүлж байгаа юм биш байгаа?
Өнгөрсөн намар “Орфэй “театр, найруулагч М.Батболдын найруулан тавьсан “Амьдрахуй” жүжгээс хойш эрчийг авч Хамба фильф, найруулагч Б.Ганболдын бүтээл “Пагмадулам” кинотой холбон яруу найрагч, орчуулагч М.Батбаярыг “хятадын тагнуул, туршуул” гэж гүтгэсээр, дайрсаар буйд энэ салбарт ажиллаж, амьдарч буй хүний хувьд, урлаг уран зохиолд дуртай уншигчийн хувьд харамсаж байна.
Орчуулгын бүтээлүүдийг нь Нэпко, Тагтаа, Анд зэрэг паблишинг эрхлэн хэвлүүлсэн, тус хэвлэлийн газруудын л өмч юм билээ. Томоохон хэвлэлийн газрууд хувь уран бүтээлчид санал тавьж хамтран ажилладаг биз. Бид бас л эрхлэн хэвлүүлсэн газрыг орхиод ганц хувь уран бүтээлч рүү дайрч гүтгэж байна. Герман, Франц, Солонгос, Япон гээд маш олон хэлний орчуулагчид дээрх жишгээр л хамтран ажиллдаг биз. Бид ийм итгэл хүлээсэн хэвлэлийн газруудын номыг уншиж дэлхий дахины мэдлэг, мэдээлэлтэй танилцдаг. Дэлхий дахины мэдлэг мэдээлэл, зохиол бүтээлийг эх хэл дээрээ унших боломжийг бидэнд олгож байдаг азай буурал Аким, Гомбосүрэн нараас авхуулаад үе үеийн орчуулагчдын гавьяа их. Тэднийг “тагнуул” мэтээр баримтгүй гүтгэх нь Нацагдоржийг гүтгэж хэлмэгдүүлж явсан үеэс ямар ч ялгаагүй.
Ингэж гүтгэж байхдаа бид ажил олгож хамтарч ажилласан Орфей театрыг албаар мартдаг, жүжгийн найруулагч М.Батболдыг зориуд үлдээдэг. Пагмадулам киног өөрийн бүтээл хэмээн овоглож яваа найруулагч Б.Ганболдыг нүдээ аниад орхидог, хамтран бичсэн, киноны нэгдүгээр зохиолч Б.Золзаяаг хараагүй юм шиг орхиод хэдэн зуун хүн баг болж ажилласан уран бүтээлчдээс зөвхөн ганц хүнийг салган авч нүдэж байгаа нь хэр зүй зохистой вэ? Ийм байх ер нь боломжтой юу?
Үе үеийн орчуулагч нар, яруу найрагчид үүн дээр дуу хоолойгоо нэгтгэж салбарынхаа нэр хүнд, нэг салбарын уран бүтээлчдээ хамгаалж дуу хоолойгоо өргөөсэй гэж уриалж байна. Өнөөдөр бид дуугүй өнгөрвөл маргааш өөр нэгний маань ээлж ирж гүтгэгдэн хэлмэгдэхийг байг гэх газаргүй. Бид одоо ч хэн нэгнийг утасныхаа цаанаас хэлмэгдүүлж, ангал руу түлхэж суугаа юм биш биз! Эцэст нь ахин сануулахад кино бол найруулагчийн бүтээл, Хамба фильм найруулагч Б.Ганболдын бүтээл гэж явна. Хамтран бичсэн зохиолчийг яагаад орхиод байгаа юм. Урлаг бол хувийн ашиг сонирхол зөрчилдөх үед хамгийн түрүүнд шүүрэн авч нэгнээ намнах зэвсэг биш. Утга зохиолын нэр барьж, хувийн ашиг сонирхлоо тэргүүн эгнээнд барихдаа бусдыг гүтгэн буруутгаж буй энэ мэт үйлдлүүд өнөө хүртэл хөгжин төлөвших явцдаа бий болгосон олон ололтоосоо буцаж байгаа хэрэг болно. Төгс төгөлдөр хэмээн өөртөө бат итгэсэн энэ мэт хүмүүсийн гүжир үйлдэл төлөвшиж амжаагүй уншигчдын мэлмийг нээх нь юу л бол...
Б.Батцоож