Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан билээ. Тухайлбал, Зуд, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас үүссэн хохирлыг бууруулах, хөдөө аж ахуйд даатгалын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ. Иймд тус хуулийн төслөөс онцлох заалтуудыг танилцуулж байна.
Нэг. Даатгалын нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг уян хатан тогтоох
- 4.1.9.“давхар даатгалын компани” гэж энэ хуулийн 18.1-д заасан давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэн явуулах, тусгайлсан чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;
- 7.2.Энэ хуулийн 7.1-д заасан босго үзүүлэлтийг энэ хуулийн 18.1-д заасан давхар даатгалын компанийн саналыг харгалзан тогтооно.
Хоёр. Даатгалын нөхөн төлбөрийг гэрээний хугацаанд нэг удаа урьдчилан олгох
Зудын гамшгаас сэргийлэх, эдийн засгийн хохирол багатай даван туулах хүрээнд даатгалын нөхөн төлбөрийг хэсэгчлэн урьдчилан олгодог болох хуулийн заалтыг тусгажээ.
- 12.4.Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын энэ хуулийн 6.1-д заасан хугацаанаас өмнө гаргасан мэдээллийг үндэслэн даатгагч энэ хуулийн 4.1.8-д заасан гэрээний хугацаанд нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болно.
- 12.5.Энэ хуулийн 12.4-т заасан нөхөн төлбөрийг энэ хуулийн 26.2-т заасан журмын дагуу олгоно.
Гурав. Малчны тухай хуульд уг хуулийн талаар тусган боловсруулна
Малчдын даатгалд хандах итгэм үнэмшлийг сайжруулж, индексжүүлсэн даатгалын хамрах хүрээ хүртээмжийг нэмэгдүүлэх, малчин өрх болон мал бүхий иргэдийг ядууралд өртөхөөс хамгаалах зорилгоор банк санхүүгийн бүтээгдэхүүнд хамрагдаж буй малчин өрх, мал бүхий иргэдийн малыг Малын индексжүүлсэн даатгалд хамрагдах шаардлагыг Малчны тухай хуульд шинээр тусган боловруулна.
- Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийн “03 дугаар сарын 01-ний” гэснийг “04 дүгээр сарын 01-ний” гэж өөрчлөх