Зам тээврийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газраас 46.3 орчим тэрбум төгрөгийн тендер зарлажээ.
Тодруулбал "Солонготын даваа"-ны хатуу хучилттай 12.08 км авто замыг 46,282,400,000.0 (дөчин зургаан тэрбум хоёр зуун наян хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр барих аж. Харин энэ онд 18,513,000,000.0 (арван найман тэрбум таван зуун арван гурван сая) төгрөгөөр санхүүжүүлнэ гэж тендерийн баримт бичигт тусгасан байна.
Нийслэлээс 700 гаруй км зайд орших уг даваагаар ихэвчлэн баруун аймгийн иргэд зорчдог. Тус зам тавигдсанаар аюулгүй зорчих нөхцөл бүрдэж, улмаар аялал жуулчлал хөгжиж, ард иргэдийн орлого нэмэгдэх боломж бүрдэх боломжтой гэж буй.
Энэхүү давааг давахын тулд шороон замыг туулж, зам тээврийн ослын эрсдэлтэй нүүр тулдаг нь дэгс бус. Солонготын давааны авто замын төсөл хэд хэдэн удаа хэрэгжихээр яригдаж байсан ч төдий л үр дүнд хүрээгүй явсаар өдийг хүрчээ.
Тендерийн баримт бичигт дурдсанаар, Барилгын хөгжлийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 226/2024 дугаартай барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлтэд 46,282,372,526.0 (дөчин зургаан тэрбум хоёр зуун наян хоёр сая гурван зуун далан хоёр мянга таван зуун хорин зургаан) төгрөгөөр магадлал хийгдэж баталгаажсан байна.
Түүнчлэн дээрх тендерийг ирэх сарын 10-ны өдөр нээхээр товложээ.