АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Мексик, Хятад, Канад зэрэг улсаас импортолж буй бараанд шинэ татвар ногдууллаа. Канад, Мексик хоёр АНУ-ын нийт импортын дөрөвний нэг гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг бөгөөд Америкчуудын хүнсний томоохон хувийг хэд хэдэн үндсэн ангилалд нийлүүлдэг. Цагаан ордны мэдэгдсэнээр, Канад, Мексикийн импортод 25 хувь, Хятадын импортод 10 хувийн татварын нэмэгдэл тарифыг үндсэн татвар дээр нэмэхээр болжээ.
Уг татварын нэмэгдэл нь энэ сарын 18-ны өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд Трамп мөн Европын холбоо өнгөрсөн хугацаанд АНУ-д нааштай хандаагүй тул тэдгээрийн импортод нэмэгдэл татвар ногдуулахаар төлөвлөж буйгаа зарлав.
Д.Трамп тангараг өргөсөн өдрөө Мексикийн хил рүү олон мянган цэрэг илгээсэн. Магадгүй татварын шинэ бодлого нь АНУ-ын хилээр нэвтэрсэн олон тооны бичиг баримтгүй цагаач болон худалдааны алдагдлаа багасгах зорилготой. Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Д.Трамп Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд 60 хүртэлх хувийн татвар ногдуулна гэж сүрдүүлсэн байдаг.
Гэвч тэр Хятадын удирдагч Ши Жиньпинтэй уулзатлаа энэ асуудлыг хойш тавьсан байна. 2018 оноос хойш АНУ-д ирэх Хятадын импортын тоо буурч байгаа нь Трампийн анхны бүрэн эрхийн хугацаанд тогтоосон хэд хэдэн татварын нэмэгдэлтэй холбоотой гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Түүнчлэн Канадын газрын тосны импорт бусад импортоос харьцангуй бага буюу 10 хувийн нэмэгдэл тариф төлөх болсон байна.
Л.Баяр