
МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ сардаа багтаж БНСУ-аас эх орондоо ирнэ. Олон сар эмчилгээ хийлгэж Монголын улстөрийг тун анхааралтай хөндлөнгөөс ажиглаж суусан тэрээр эргэж ирмэгцээ улстөрд нэлээд идэвхтэй оролцож эхлэх нь тодорхой. Н.Энхбаяр АН-ын мөрийн хөтөлбөрийг амжилттай биелүүлж дараагийн ялалтанд хүргэхийн төлөө биш, МАН-ыг сайн сөрөг хүчин болгож дахин тодруулахын төлөө биш харин өдрөөс өдөрт биежиж байгаа МАХН-аа дараагийн сонгуульд амжилттай оролцуулахын төлөө улс төрийн бодлого уралдуулна. Хэдийгээр МАХН, АН-тай тогтвортой байдлын гэрээ шиг зүйлийг үзэглэсэн ч түүнийгээ дагаж мөрдөхгүй эргэж бусгаж эрх баригчдыг зовоосон хэвээрээ л байгаа. АН-ыг үхүүлэхгүй ба сэхээхгүй байх нь Н.Энхбаярын улстөрийн гол стратеги. Учир иймээс л Н.Энхбаяр хамтарсан Засгийн хувьзаяаг хааш нь ч эргүүлж мэдэхээр тун барьцгүй нэгэн болоод байгаа юм. “Хамтарч чадахгүй юмнуудтай хамтрахаар ингэдэг байхгүй юу” гэж С.Баярцогтын уурсан хэлснийг АН-ынхан биеэрээ мэдэрч мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, гацаанаас гарах гарцаа олоход МАХН-тай биш МАН-тай учраа олох нь туйлын чухал гэдгийг ойлгожээ.
Тиймээс ойрын өдрүүдэд МАН, АН хоёр зөвшилцлийн ширээний ард суух нь тодорхой болоод байна. МАН-ын оролцоогүйгээр өрийн хязгаарыг нэмэгдүүлж мөнгө босгох ямар ч гарц байхгүй. Мөн Н.Батбаяр сайдын асуудлыг татуулах, Х.Тэмүүжингийн асуудлыг дахиж оруулахгүй байх зэрэг Засгийн газар шүд бүтэн байх нь чухал. Саяхан хаалтаа хийсэн хаврын чуулган туйлын үр бүтээл муутай хэрүүл тэмцэл ихтэй болж өнгөрсөн. Энэ маягаараа томоохон хууль тогтоомжийг ч баталж чадахгүй байсаар бүрэн эрхээ дуусгах шинжтэй болоод явчихсан. Тиймээс хоёр том нам чухал хуулиудыг хэрхэн батлах асуудлаар зөвшилцөж намрын чуулганаас өмнө ээлжит бус чуулган хуралдуулах талаар тохиролцсон байна.
Удтал боорлуулж, дээрэлхүүлсэн МАН-ынхан АН-ын хүссэн бүх зүйлийг зүгээр сайн сайхны төлөө хийгээд өгөхгүй нь ойлгомжтой. Тиймээс хамтарсан Засгийн газрын хувь заяаны асуудал ч давхар хөндөгдөж магадгүй болоод байна. Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар АН-ынхан 9-р сард албан тушаал, эрх мэдлийг дахин хуваарилж хөдөлгөөнд орох бололтой. Ингэхдээ нийслэл, дүүрэг, аймгийн удирдлагуудыг цомхотгож олон орлогч дарга нарыг халах юм байна. Түүнчлэн төрийн албаны шалгалт өгөөгүй түр орлон гүйцэтгэгч нарыг ч чөлөөлөх бололтой. Ийнхүү шинэчлэлийн Засгийн газар доороосоо зай завсар гаргаж эхлэх гэж байгаа нь гудамжинд ажилгүй хөлхөх МАН-ынханд илгээсэн битүү захидал болоод байна.
Н.Энхбаярын тухайд намаа Засгийн газраас гаргаж ч мэдэхээр болоод байна. Түүнд албан тушаал, эрх мэдэл гэхээсээ илүүтэй 2016 оны сонгуульд илүү амжилттай оролцож улмаар улстөрд дахин хааны дүрээр тодрох нь чухал. Тийм ч учраас тэрээр ирсэн даруйдаа намынхаа их хурлыг хуралдуулах гэнэ. Хэрвээ Н.Энхбаяр намаа Засгаас гаргах шийдэлд хүрвэл ор гарсан суудлуудыг МАН-д хуваарилах нь ойлгомжтой.
Ямартай ч халуун зуны улстөр эрчимтэй өрнөх хандлагатай болоод явчихлаа.Н.Энхбаяр ирэхтэй зэрэгцэн эрх баригчид МАН-тай зөвшилцөх ажлаа эрчимжүүлэх бололтой. Улстөрийн голлох хоёр нам зөвшилцөхгүйгээр асуй хоёр жилийг дэмий үрлэгдээд дуусна гэдгийг дээр дооргүй ойлгож мэдэрч эхэлсэн. Н.Энхбаяр ч нэр хүнд муутай Засгийн газрын суганд хавчуулагдаад даруухан чигээрээ дараагийн сонгуульд оролцвол амжилт олохгүй гэдгээ мэдэрсэн. Ийм хоёр шаардлагын цэг дээр халуун зуны улстөр буцалж эхлэх бололтой.
Т.Цагариг
Сэтгэгдэл (95)