Манай Улсын эдийн
засгийн байдал улам хүндэрч байгааг гадаад дотоодын олон үйл явдлууд харуулах боллоо.Эрх
баригчдын зүгээс “эдийн засагт нааштай үзүүлэлтүүд гарч эхэлсэн, Засгийн
газраас эдийн засгийг идэвхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлснээр ойрын 100 өдөрт
сэргэнэ” гэж мэдэгдээд байгаа. Гэвч тэднийг ингэж мэдэгдэх хооронд долларын
ханш 1805-д хүрч, бараа бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өссөөр байна. Үндэсний
компаниуд валютын 30 хувийн ханшийн уналтаас тэр хэмжээний алдагдал хүлээсэн
гэдгийг эдийн засагчид онцлох болсон. Иймд Засгийн газар тэр хэмжээгээр
үндэсний компаниудын алдагдлыг хөнгөвчлөх татварын уян хатан зохицуулалтыг
яаралтай хийх хэрэгтэй гэдгийг гадаад дотоодын экспертүүд зөвлөх болжээ.
Дотоодын эдийн засагт мөнгөний эргэлт удааширч, нийт худалдаа царцанги байдалд
орсны хор уршгийг бизнес эрхлэгчид, хувийн хэвшилд ажиллагсад амсаад зогсохгүй
нийт макро эдийн засгийн байдалд тун муугаар нөлөөлж эхэлснийг судлаачид онцлох
боллоо. Эдийн засаг ингэж хямрахад манай улсын экспортын гол түүхий эдийн үнийн
уналт багагүй нөлөө үзүүлсэн ч гол үр дүнг улс төрийн бодлого шийдвэрээс болсон
гэдгийг дэлхийн банк, ОУВС-гаас сануулж байгаа.Чингэс бонд, самурай бонд, үнэ
тогтворжуулах хөтөлбөрийн 8 орчим сая долларыг төсвөөс гадуур зарцуулсан нь
ДНБ-ийн бараг тал орчим хувьтай тэнцэж байгаа аж. Энэ нь төр бизнесийн орчныг
муутгаад зогсохгүй, банк санхүүгийн секторын зохистой харицааг алдагдуулж,
макро эдийн засгийг тогтворгүй байдалд оруулсан гол хүчин зүйл аж. Их хэмжээний
мөнгө зах зээл дээр хяналтгүй гаргаж энэ нь эргээд импортын худалдан авалтанд
чиглэгдэхэд тэр хэрэгцээг нь хангах валютын нөөц байгаагүй нь хомсдол бий
болгож төгрөгийн ханшийг 30 орчим хувиар унагасан гэдэг дүгнэлтийг хийж байна.
Тэгвэл дотоодод үүсээд байгаа энэ нөхцөл байдлыг манай улстөрийн нам хүчнүүд сайн, муу гэж дүгнэн маргах зуур дэлхийн санхүүгийн томоохон шинжээчид Монголын эдийн засагт “ улаан гэрэл аслаа” гэдэг мессежийг хөрөнгө оруулагчдад өгөөд эхэлжээ. “Stardart and poors”-ийн шинжээчид манай улсын зээлжих зэрэглэлийг “BB-” байсныг “+B” болгон бууруулжээ. Үүнийгээ гадаадын хөрөнгө оруулалт 50 орчим хувиар буурсан, экспортын салбар уналтанд орсон гэдэгтээ холбон тайлбарлаж байна. Мөн олон улсын зах зээлээс босгосон Засгийн газрын бондууд, төсөв дэхь өрийн дарамтын прогноз ч багагүй нөлөө үзүүлсэн бололтой. Ийнхүү S&P манай улсын зээлжих зэрэглэлийг хоёр дахь удаагаа буулгасныг тайландаа дурьдсан бол дотоодын банк санхүүгийн салбарууд ч эрсдэлд орж эхэлснийг гадны экспертүүд дүгнэх болсон байна.
Монголын Уул уурхайн үндэсний компани болох “Mongolian Mining Corporation /MMC/”-д Худалдаа хөгжлийн банк 40 сая ам.долларын барьцаагүй, богино хугацааны зээл олгоод байгаа нь тус банкны нийт зээлийн 12%-г эзэлж байгаа аж. Тэгвэл “MMC” уг зээлээ төлөх хугацааг дахин хойшлуулсан нь тус улсын уул уурхайн салбар төдийгүй банкны сектор ч эрсдэлтэй байна гэж “Fitch Raitings” онцолсон байна. Хэдийгээр Монгол Улсын банк санхүүгийн салбарт уул уурхайн хэт хамаарал байхгүй ч нийт макро эдийн засгийн байдлаас шалтгаалж эрсдлийн хэмжээ улам өссөөр байгаа гэв. Голомт банкны нийт зээлийн 11 хувийг уул уурхай эзэлж байгаа бол энэ үзүүлэлт “Хаан” банкинд 4 хувь “Хас” банкинд 3 хувийн үзүүлэлттэй байгаа аж. Хэдийгээр макро эдийн засаг муудсан нийт банкны салбарт шууд сөргөөр нөлөөлж эхлээгүй байгаа ч “Хаан” “Хас” банкны зээлжих зэрэглэлийн төлөвийг B/сөрөг гэж тодорхойлсон нь дээрх банкуудын үйл ажиллагаанд хэдийнээ нөлөөлж эхэлснийг гэрчилнэ гэсэн байв. Цаашлаад эдийн засаг муудаж үүнд санхүүгийн секторуудын тогтворгүй байдал нэмэгдвэл Монгол Улсын зээлжих зэрэглэл “B+” ээс буурч хэтийн төлвийг нь сөрөг гэж тодорхойлоход хүрнэ гэдгийг судлаачид онцолж байна.
Сэтгэгдэл (3)