“Чингис” бонд, “Самурай” бондын гэрээг ард түмэнд үзүүлэх, бондын мөнгөний зарцуулалтыг ил тод болгох асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлээд байгаа УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх Г.Өнөрбаяртай ярилцлаа.
-Бондуудын зарцуулалтыг ил болгохыг шаардаж байгаа гэлээ. Гэхдээ Хөгжлийн банкнаас саяхан энэ танилцуулгыг олон нийтэд хийсэн шүү дээ?
-“Зэрэг нэмэхийн өмнө” кинонд “Еэвэнгийн нөгөө тал нь хаана байна” гэдэг хэсэг гардаг даа. Яг түүн шиг л зүйл болоод байгаа юм. Чингис бондын зарцуулалтыг ил болгоё гэхээр хэдхэн зүйлийг ярьдаг. Тухайлбал “Гудамж” төслийн зарцуулалтыг бүхэлд нь биш, задаргаатай нь нийтэд дэлгэмээр байна. Уг төсөлд нийт 47.6 тэрбум төгрөг, дараа нь 1.9 сая ам.долларын санхүүжилт хийсэн байдаг. Нийт зардлыг нь тавьчихаад яаж задарч байгааг нь хэлэхгүй нуугаад байгаа юм.
Энэ төсөл дотроо 33 уулзвараар задарч байгаа. Бас гэрэлтүүлэг, тохижилт гээд задарна. Ингээд “Гудамж” төсөлд оролцсон аж ахуйн нэгжийн тоо асар олон болно. Миний хувьд үүнийхээ задаргааг үзүүлээч гэдэг хүсэлт тавиад байгаа. Түүнээс биш нэгдсэн дүн хүмүүст нээлттэй байгаа. Нөгөөтэйгүүр ямар компаниуд байгаа юм бэ. Тэднийг нэр устай нь зарла гэж байгаа. Ард түмэн ямар уулзварыг хэдэн төгрөгөөр санхүүжүүлэв, гэрэлтүүлэг нь хэд болов гээд олон зүйлийг сонирхож байна. Тиймээс компани тус бүртэй нь байгуулсан гэрээг олон нийтэд үзүүлээч гэдгийг хэлж байгаа.
-Бондын мөнгөний эргэн төлөлт чамлалттай байна. Энэ юунаас болж байгаа вэ?
-Бондын мөнгөний эргэн төлөлтийг одоогоор “МИАТ” л хийсэн байгаа. Бусад нь ямар нэгэн эргэн төлөлт хийгээгүй гэсэн. Гэхдээ бидний хувьд эргэн төлөлт шаардах нь нэн тэргүүний асуудал биш. Учир нь Хөгжлийн банкны энэ санхүүжилт урт удаан хугацаанд ашгаа өгөх төслүүдэд зориулагдах ёстой.
Гэтэл “Гудамж” төсөлд хийчихээр эргэн төлөлтийг нь хэн хийх вэ. Төр хийх юм уу, ойлгомжгүй байна. Тиймээс л эргэн төлөлтийн графикуудаа олон нийтэд мэдээллээч гэдгийг шаардаж байгаа. Тухайлбал тэдэн онд, тийм төслөөс, тийм компаниас, ийм тоотой мөнгө орж ирнэ гэдэг бодитой зүйлийг ил болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол 2017 оноос эхлээд манай улс бондын зарцуулалтад 500 сая ам.долларыг нэг өдөрт шууд өгөх ёстой болно. Ирэх хоёр жилд улсын төсөв нэг жилдээ 250 сая ам.долларын ашигтай байж эхний 500 сая ам.долларыг төлөх болж байна.
-Бондын мөнгийг төсөвт суулгаагүй байж эргэн төлөхдөө төсвөөс гаргах нь шударга бус гэсэн таны байр сууриа тодруулахгүй юу?
-Уг нь энэ хуулиараа “Чингис”, “Самурай” бондын мөнгийг зөвхөн улсын төсөвт тусгаж, УИХ-аар баталсан төсөл, арга хэмжээ, хөтөлбөрүүдийг л санхүүжүүлэх ёстой. Гэтэл УИХ-аар оруулалгүй Засгийн газар дур мэдэн зарцуулчихлаа. Засгийн газар ингэж төсөвт суулгалгүй зарцуулчихаад “Чингис” бондын үндсэн төлбөр, хүүг улсын төсвөөс гарга гэж тогтоол гаргасан. Засгийн газрын тогтоолуудыг үзэхэд “Бондын мөнгөний үндсэн төлбөр болон хүү, хүүгийн төлбөрт шаардагдах мөнгийг тухай бүрт нь улсын төсөвт суулгаж явна” гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл энэ мөнгөний зарцуулалтыг улсын төсөвт тусгаагүй мөртлөө, хүү болоод төлбөрийг нь улсын төсвөөс гаргана гэж байгаа нь шударга бус хэрэг.
-Хөгжлийн банкинд аудитын шалгалт оруулах ёстой гэж байна. Уг нь тус банк гадна, дотны хэд хэдэн байгууллагаар аудитын шалгалт хийлгэсэн гэж мэдээлсэн. Таны хувьд ямар төрлийн шалгалт хийхийг шаардаж байгаа юм бэ?
-Хөгжлийн банк аудитын шалгалт хийлгэсэн гэж яриад байгаа. Тэр шалгалтынхаа тайланг ил болгооч, гадны болон дотоодын ямар байгууллагууд энэ шалгалтыг хийсэн юм. Аудитын шалгалт хийсэн байгууллагуудаа нэр, устай нь ил болгох ёстой. Яагаад гэвэл энэ аудитын байгууллгын үнэлгээ зөв үү гэдэг дээр хэсэг хугацааны дараа хариуцлагын асуудал яригдана. Цаашилбал тэдгээр газруудтай нь ч хариуцлагын асуудал ярьж мэднэ. Мөн аудитын байгууллагуудаас гадна улстөрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг Хөгжлийн банкинд шалгалтаар оруулах шаардлагатай байна.
-Бондоос үлдсэн мөнгөөр санхүүжүүлнэ гэх 888 төслийн тухайд?
-1990 оны эхэн үед манайхан хувьчлал хийгээд хүн бүр цэнхэр, ягаан тасалбар гэж шуугиж байсан. Түүнтэй адил өнөөдөр хүн бүр нэг төсөл бариад бондын мөнгөний хойноос хөөцөлддөг замбараагүй байдал бий боллоо. Хүн болгон “Чингис” бондын мөнгөнөөс олж өгөөч гэж ярьдаг болж. Уг нь ингэж замбараагүй зарцуулагдах ёсгүйг ҮАБЗ аль эрт, жил хагасын өмнө сануулсан байдаг юм. Бидний зүгээс компаниудтай хийсэн гэрээгээ нийтэд ил болгооч гэж шаардаж байгаа юм.
-Сүүлийн үед дахиад бонд гаргах тухай яригдах боллоо. Энэ хэр оновчтой вэ?
-Өмнөхөө ингэж бантан болгочихоод АН-ынхан дахиад л өр зээлийн эрэлд гарлаа. 2012 онд УИХ-аас 52 дугаар тогтоол гэж гарсан. Уг тогтоолыг батлахдаа цөөнхийн бүлгийг байлцуулаагүй. Тэр тогтоолоороо Монгол Улс таван тэрбум ам.долларын бонд гаргах эрхийг нээсэн шүү дээ. Түүнээс одоогийн байдлаар ойролцоогоор Чингис, Самурай гээд 1.9 орчим сая ам.долларын бонд гаргачихаад байна. Харин одоо үлдсэнийг нь босгоно гэдэг асуудал яриад байна. Гэтэл манай улсын зээлжих зэрэглэл “+B” байхад Чингис бондыг гаргасан. Харин өнөөдөр энэ зэрэглэл “-В” болчихсон. Тэгэхээр олон улсын зах зээлээс илүү өндөр үнээр зээл авна гэсэн үг. Нөгөөтэйгүүр бидэнд итгэж бонд гаргаж өгөх бизнесийн байгууллагуудын тоо цөөрсөн. Учир нь өмнөх бондын зарцуулалт нь замбараагүй, эргэн төлөгдөх нөхцөл муу. Тиймээс Ерөнхийлөгч сая “Монгол Улсад улстөрийн зорилготой эсвэл асар өндөр хүүтэй санхүүжилт орж ирнэ” гэж хэлсэн.
-Үүнтэй зэрэгцээд нийслэл хүртэл бонд гаргах талаар яриад эхэлчихлээ. Үнэхээр дахиад энэ олон бондын эрэлт байгаа юм уу. Нийслэл тусдаа бонд гаргах нь хэр зохимжтой вэ?
-Улс нь бонд авчихаад байхад нийслэл тусдаа 400 сая ам.долларын бонд гаргана гэж яриад байна. Энэ байдал цаашид даамжирвал аймгууд тусдаа бонд гаргана гэж гүйхийг ч үгүйсгэх арга алга. Чингис бондын зарцуулалт Үндсэн хууль, Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрччихсөн байгаа. Төсвийн тухай хуульд “Монгол Улсын төсөв иж бүрэн, үнэн зөв ил тод, хариуцлагатай байх ёстой” гээд маш тод бий. Гэтэл өнөөдөр энэ бондууд ил тод байна уу гэвэл худлаа, бүх зүйл хаалттай байна. “Чингис”, “Самурай” бондын гэрээг ил болгооч гэхээр үзүүлэхгүй байна шүү дээ. Бид өнөөдөр энэ бондуудын гэрээг үзэхгүйгээр цаашид асуудал ярихад их хүндрэлтэй.
-Бондын мөнгийг банкуудад хадгалуулсан гэх яриа байна. Энэ хэр бодитой вэ?
-Ийм яриа байгаа нь үнэн. Гэхдээ монголын банкинд байгаа гэдэг нь эргэлзээтэй. Хэрвээ байгаа бол батлах хэрэгтэй. Хадгалж байгаа юм бол хүү нь хэд болсон, хүүгээс хүү тооцох, түүнээс хэдий хэмжээний ашиг олсон, тэр мөнгө юунд зарцуулагдаж байгаа вэ гээд олон асуулт гарна. Тиймээс банкуудтай хийсэн гэрээгээ ил болгооч гэдэг шаардлага тавьж байгаа. Тэгж байж эргэн төлөлтийн нөхцөл байдлыг ярилцмаар байна. Зарим сайд бондын мөнгийг банкуудад байршуулчихаад төслүүдэд өгөхгүй байлгаад байна гэх хардлага их гарлаа. Үүний цаана хүүгээс хүү тооцож байгаа байхгүй юу. Энэ мөнгө улсын төсөв, бондын эргэн төлөлт эсвэл сайдын халаасны алинд нь орж байгааг ил болгох хэрэгтэй.
-Иргэд энэ бондуудын мөнгийг орон нутгийн автозам, “Гудамж” төсөлд зарцуулсан гэхээс өөр мэдээлэл хомс байгаа. Ер нь эдгээр зүйлст зарцуулах нь хэр зохистой вэ?
-Яг үнэндээ ТОСК, “Гудамж” төсөл, сурагчийн дүрэмт хувцас зэрэгт зарцуул гэж хэлээгүй. Энэ шийдвэрийг гаргасныхаа хариуцлагыг Засгийн газар хүлээх ёстой. Яагаад гэвэл энэ мөнгө орж ирэхэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, шийдвэр гаргасан байдаг. Тодруулбал Монгол Улсын хөгжлийг түргэтгэх, эдийн засгийн суурь болох том төслүүдэд зарцуулна гэсэн байгаа. Ерөнхийлөгч саяхан өгсөн ярилцлагынхаа үеэр “ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрхэн биелүүлснээ тайлагна гэхэд надад тайлагнаагүй зургаан сар болж байна” гэж хэлсэн. Улсынхаа Ерөнхийлөгчийн шаардлагад, ҮАБЗ-дөө тайлан тавихгүй зугтаад байгаа Засгийн газар арай дэндэж байгаагийн илрэл биш үү. Засгийн газар дур мэдэж гаднаас авсан зээлээ УИХ-аар батлуулахгүйгээр зарцуулж байгаа. Энэ нь Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж байгаа үйлдэл. Үүнийг аль салбарт зарцуулах, хуваарилах тухай эрх нь ганцхан УИХ-д байх ёстой. Гэхдээ УИХ нь ч энэ зарцуулалтад хяналт тавьж чадахгүй байна. Энэ үзэгдэл бол манайд засаглалын хямрал бодитой нүүрлэсний нэг илрэл. Монгол Улс нэгдсэн төсвөөсөө гадна Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн, “Самурай”, “Чингис” бондын, Хөгжлийн банкны гээд олон төсөвтэй болчихлоо. Тэгэхээр энэ бүхний хариуцлагыг Засгийн газар хүлээх ёстой.
Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл (3)