
2013 онд ажил дүгнэх чанарын болон тоон үзүүлэлтэнд хүрч ажиллах, хяналтын ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх талаар зорилт тавьж, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч прокуроруудын дунд “Мөрдөн байцаалт явуулсан хэргүүдийг хуулийн үндсэн хугацаанд шалгаж шийдвэрлье, хялбашуулсан журмаар хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан хэргүүдийн тоог нэмэгдүүлье” сэдэвт болзолт уралдаан зарлаж 2 үе шаттайгаар дүгнэж ажилласан нь үр дүнгээ өгч хугацаа сунгаж шалгасан хэргийн тоо буурч, хялбаршуулсан журмаар шалгасан хэргийн тоо өсчээ.
2013 онд шинээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан нийт хэргийн 216 буюу 53.4 хувь нь Эрүүгийн хуулийн 99-р зүйлд заасан Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, 63 буюу 15.5 хувь нь 145-р зүйлд заасан Бусдын эд хөрөнгийг хулгайлах, 22 буюу 5.4 хувь нь 215-р зүйлд заасан Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих, 10 буюу 2.4 хувь нь Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, 9 буюу 2.2 хувь нь Хуурамч бичиг баримт үйлдэх, 7 буюу 1.7 хувь нь Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах, 7 буюу 1.7 хувь нь Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх, 5 буюу 1.2 хувь нь Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, гэмт хэргүүд тус тус эзэлсэн бол үлдсэн хэргүүд нь 15.5 хувийг эзэлж байжээ.
Үүнээс үзэхэд Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах хэрэг тус аймагт голлон гарч байгаа бөгөөд шалтгаан нь голдуу архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ахуйн шинжтэй үүссэн хэрүүл, газрын маргаанаас үүдэлтэй, ялангуяа гэр бүлийн хүрээний архидалтын улмаас үүдэлтэй хэрүүл маргаантай холбоотойгоор хүч хэрэглэх явдал өсөж байна гэж дүгнэжээ.
Түүнчлэн хуурамч бичиг баримт үйлдэх хэргийн тоо жил дарааллан өсөх хандлагтай болсны гадна ихэнхдээ хуурамч жолооны үнэмлэх, их, дээд сургуулиудын диплом ашиглаж ажилд орох, бусад аж ахуйн нэгж байгууллагаас эрх олгосон үүргээс чөлөөлсөн баримт бичиг хуурамчаар үйлдэж ашиглах нь буурахгүй байна.
Сүүлийн жилүүдэд албан тушаалтан өмч хөрөнгө завших гэмт хэрэг буурахгүй байгаа бөгөөд 2011 онд 3, 2012 онд 8, 2013 онд 10 гарч голдуу хуурамч баримт бичиг үйлдэх, тендэрийн баримт бичгийн хуурамчаар үйлдэх, сурагчийн тоог зохиомлоор нэмж үдийн цай хөтөлбөрийн санхүүжилтийг илүү авах, халамжийн сангийн мөнгийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн авах, албан тушаалаа урвуулан ашиглах нь өссөны гадна төрийн албан хаагчдаас үйлдэж буй гэмт хэрэг буурахгүй байгаа ажээ.
Улсын прокурорын ерөнхий газар