Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг “Давосын чуулган” гэдгээр илүү мэднэ. Жил бүр Швейцарийн Давос хотноо зохион байгуулдаг тус уулзалт энэ жил 44 дэх жилдээ зохион байгуулагдсан юм. Чуулга уулзалтын өдрүүд Эл чуулганд 2500 улс төрч, 1500 орчим бизнесмэн оролцож дэлхийн эдийн засгийн цаашдын болоод өмнө тулгамдсан гол асуудлуудыг шийдвэрлэх гарцыг эрж, хоорондоо зөвлөлджээ. Түүнчлэн 40 орчим орны төрийн тэргүүн, 10 гаруй орны Ерөнхий сайд болон нөлөө бүхий томоохон корпорациудын удирдлагууд оролцсон байна. Тухайлбал Шинзо Абэ эдийн засгийн стратегиа анх удаа бүх дэлхийн өмнө танилцуулсан, Ираны Ерөнхийлөгч, Израйлын Төрийн тэргүүн хамтдаа оролцож буй нь онцлох үйл явдал болсон.
2013 он эдийн засгийн хувьд Монгол Улсад хатуухан жил байлаа. Хэдийгээр эдийн засгийн өсөлт урьдын хэвээр өндөр хувьтай гарсан ч хөрөнгө оруулалт 40 гаруй хувиар буурч, голлох экспорт уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх ханш унасан, томоохон уурхайн үйл ажиллагаа доголдсон нь төрийн дансыг улайлгаж, төсөв тасалдахад хүргэсэн. Тиймээс яаравчлан хөрөнгө оруулалтын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн баталсан нь энэ онд хөрөнгө оруулалт нэмэгдэж эдийн засгийг аварна гэсэн хүлээлт үүсгээд байна. Тийм ч учраас энэ удаагийн Давосын чуулганд Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, түүний багийнхан хөрөнгө, санхүүгийн дэмжлэг олж ирэх нь гол даалгавар, зорилго байжээ. Магад чуулганы эхний өдөр хамгийн түрүүнд Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй, дараа дараачаар нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирал хатагтай Хелин Кларк, Гвиней Улсын Ерөнхийлөгч Алфа Конде нарын зочидтой уулзсан нь өөрийн даалгавраа ухамсарласных биз.
Тус чуулганд Монгол Улсыг төлөөлж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дагалдан УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгч В.Пүрэвдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар оролцсон.
“Монголын үдэш” соёл урлагийн тоглолт зохион байгуулж улс эх орноо сурталчилж явсан төлөөлөгчдийн үйл хэргийг зохион байгуулагч Профессор Швабын хэлсэн “Өмнө нь Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар Монгол Улсыг таниулах зорилготой байсан бол одоо бол Монгол Улс Давосын чуулга уулзалтад идэвхтэй оролцогч түнш улс боллоо. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад орон зайгаа баттай эзэлж байгаад би баяртай байна” гэж хэлсэн үгээр нь дүгнэж болох биз. Харин манай Ерөнхийлөгч аль гурван жилийн өмнө түүнтэй уулзахдаа ДЭЗЧУ-Монгол Улсын харилцаа шинэ төвшинд гарсан гэж хэлж байсан юм.
Ерөнхийлөгч чуулганы үеэр “Олборлох үйлдвэрлэлийн ирээдүй”, “Усны аюулгүй байдлын чиглүүлэгч: Усны ирээдүй аюулгүй байдлыг хангах дэвшилтэт өөрчлөлт” зэрэг хэлэлцүүлэг, “Уул уурхай, металлургийн бодлогын хуралдаан”-д оролцсон. Гэхдээ Монгол Улсын хувьд хамгийн чухал нь “Монголын хөгжлийн хувилбар” хэлэлцүүлэг байлаа. Жил бүр нэгэн улсыг онцлон сонгож хөгжлийн гарцыг тодорхойлдог нь тус чуулганы салшгүй хэсэг. Өнгөрсөн жил гэхэд л ОХУ-ын хөгжлийн хувилбарыг хэлэлцсэн юм.
Монголын хөгжлийн хандлагыг байж болох хамгийн өндөр түвшинд, мөн дундаж түвшинд болон ердийн түвшинд гэсэн гурван хувилбараар авч үзсэн. Хэлэлцүүлэгт бидний эчнээ танил Их британы ерөнхий сайд асан Тони Блэйр, ДЭЗЧУ-ын Зохион байгуулалт хариуцсан захирал Эспен Батт Эйди, Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагын захирал Мартин Дахинден, Японы Ерөнхий сайдын зөвлөх Койчи Хамада зэрэг нөлөө бүхий олон хүн оролцсон. Монголыг сонирхож, судалдаг хүмүүсийн хэлж зөвлөснөөр Монгол Улс хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг өөртөө татах хэрэгтэй, түүний тулд хууль зүйн орчноо зөвөөр таниулах шаардлагатай гэжээ. Харин Ерөнхийлөгч дэлхийн тавцанд ч “ухаалаг төррүү” шилжих шилжилтийнхээ талаар ярьсаар явав. Энэ шилжилт хийгдсэнээр монголын хөгжил илүү хурдацтай болно гэж үзэж байгаагаа тайлбарлажээ.
Сэтгэгдэл (2)