Хавар цаг эхэлж буйтай холбогдуулан бүсгүй та шүүгээн дэхь хувцаснуудаа өөрчилж, амьдралдаа эргэлт хийгээрэй. Энэ хавар гэгээлэг өнгөтэй хувцаснууд мода болно гэж мэргэжилтнүүд тодорхойлжээ. Ингээд сүүлийн үеийн хувцасны чиг хандлагыг танилцуулж байна.

1. Хаврын анхны бороо ойртож буй энэ үед солонгын өнгөнүүд зонхилох ажээ. Гэхдээ тод бус цайвар ногоон, ягаан өнгийн даашинз хүрэм бүх насны бүсгүйдийн хаврын гоёл байх болно.


2. Эрээн судалтай хүрэм хаврын хавсарга цагт бүсгүйчүүдийн хамгийн оновчтой сонголт байх гэнэ. Дөрвөлжин, тэгш маягийн хээтэй нэхмэл богино хүрэм, богино банзал өмссөн байхад та хэний ч өмнө нүүр бардам алхаж болно. Харин залуу охидын хувьд ямар ч хүрэм өмссөн дур булаам харагддаг нь дамжиггүй.
3. Хошуу захтай, задгай товчтой цамц эмэгтэйчүүдийг дур булаам, өөртөө итгэлтэй харагдуулдаг. Тиймээс ажил, сургууль, олон нийтийн газар явахдаа ийм загварын цамц сонгосон байхад шүүгээнд тань илүүдэхгүй л болов уу.
4. Өмсөхөд хялбар төдийгүй дэгжин бас туранхай харагдуулж чадах сонголт бол яах аргагүй өргөн өмд байдаг. Мэдээж хэрэг ийм загвар өндөр гоолиг бүсгүйчүүдэд зохидог гэсэн уламжлалт ойлголтоосоо салах хэрэгтэй. Өргөн бүсэлхийтэй, махлаг бүсгүйчүүд цамцандаа тохируулан өмсөх боломжтой.
5. Даавуун материалтай энгийн, чөлөөт загварын хүрэмнүүд энэ хаврын салшгүй гоёл юм. Спорт загварын болон даашинз дээр өмсөөд явахад тохиромжтой өнгө загварын төрөл бүрийн сонголттой хүрэмнүүдийг худалдан авахад буруудахгүй гэнэ.

6. Урт банзлыг аль ч улиралд өмсөхөд тохиромжтойгоос гадна өө сэвийг сайн халхалдаг. Тиймээс дэрвэгэр, шулуун хормойтой урт банзлуудаас сонголтоо хийж орчин үеийн бүсгүй болоорой.






