Дугуй, скүтер зэрэг түгжрэлээс түргэн унаагаар зорчих арга Улаанбаатарт даанч алга. Дугуйн замгүй хориннэгдүгээр зууны хотод хохирогч нь иргэд л болж байна. Эрүүл амьдрах, салхи татуулан ажил гэр рүүгээ явах гарц үгүй. Зам тээврийн ослоор цэл залуу нас үрэгдэж, хоосон цээжтэй үлдэгсдийн цуваа "тэг" зогсох нь.
Орон сууц, түгжрэлийн асуудалд дарагдан үлдсэн явган хүний зам, дугуйн замаар иргэд "чимээгүй хот"-д зорчих болов.
Гашуун мэдээ, хагацалд живсэн энэ хотын хаа нэгтээ ирээдүй, мөдхөн хөгжих гэрэл гэгээтэйгээр төсөөлж явсан зүрхнүүд гэнэтхэн л зогсож байна.
Сүх далайтал үхэр амгалан гэгчийн үлгэрээр хүний амийг хөнөөж байж согтуу жолоочийн архи гарч байна. Хууль тэдэнд зөөлдөж байна. Жолоо барьсан л бол бусдын болон өөрийн амь насыг атгаж буйгаа анзаардаг болоосой.
Машин сүлжиж бус чигээрээ л гэр, ажил, сургууль руугаа давхидаг дугуйн замтай болоосой. Жил болгон, улирал бүр явган хүний зам засварлаж байна гэж "мөнгө идээгүй" бол хэчнээн ч километр үргэлжлэх дугуйн замтай болчихсон байх байв, хэн мэдлээ.
Эрүүл аюулгүй орчинд амьдрах хувь тавилан, буян заяа бидэнд үгүй бололтой. Гарч яваад л үүрд гэртээ эргэж ирэхгүй болж мэдэх зуурдын хотын "өршөөлгүй хаалга" биднийг хүлээж байх юм.
М.Жаргал
Сэтгэгдэл (7)