Зургадугаар сарын 28-ны энэ өдөр Монгол улсад 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт эхэлж байна. Бид 73 гишүүнтэй байсан хуучин тогтолцоог халж, 126 гишүүн сонгох шинэ түүхийн босгон дээр зогсож буй. Ард олны итгэл алдарч, аймшигт цар тахал, үнийн өсөлт, томоохон авлига, хулгайтай хатуу мөчлөг дуусав. "Шинэ цагийн салхи сэвэлзээсэй" хэмээн найдан хүлээх энэхэн зуурт дэлхийн бусад оронд сонгууль хэрхэн болдог тухай сонирхолтой баримтуудыг дэлгэж байна.
Дэлхийн хамгийн удаан төр барьсан хүмүүс
- Жагсаалтыг 49 жил засгийн эрхэнд гаргаснаараа тэргүүлж байгаа нь Кубын хувьсгалт баатар Фидель Кастро бөгөөд тэрээр 2008 онд 80 гаруй настай байхдаа дүү Раулдаа хүлээлгэн өгсөн юм.
- Тайваний анхны ерөнхийлөгч Чан Кайши 1975 онд нас барах хүртлээ арал болон эх газрын Хятадыг нийт 47 жил удирдсан.
- БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сен 1994 онд албан тушаалдаа нас барахаасаа өмнө 46 жил тус улсыг удирдсан бөгөөд одоо ч түүнийг "мөнхийн удирдагч" хэмээн хүндэтгэдэг.
- Албанийн Энвер Хожа 1985 онд нас барах хүртлээ 40 жил төрийн эрх барьжээ.
- Муаммар Каддафи 2011 онд босогчдын гарт амиа алдахаасаа өмнө бараг 42 жил Ливийг төмөр нударгаар захирч байжээ.
- Омар Бонго Ондимба 2009 онд нас барах хүртлээ газрын тосоор баялаг Габоныг 41 гаруй жил удирдсан.
- Роберт Мугабе 1980 онд засгийн эрхэнд гарч, 2017 онд Зимбабвегийн дээд албан тушаалыг 37 жил удирдсаны дараа огцорсон .
Дэлхийн ихэнх улсад сонгуулийн санал хураалтыг бямба, ням гарагт зохион байгуулдаг
Хүмүүсийн амралт чөлөөг харгалзан үзэж сонгуулийг дэлхийн ихэнх улсад амралтын өдрөөр зохин байгуулдаг гэнэ. Харин манай улсад иргэдийг идэвхтэй хамруулахын тулд ажлын өдрөөр санал хураадаг уламжлалтай. Энэ удаагийн сонгуулийн саналыг баасан гарагт хураахаар болжээ. Учир нь амралтын өдөртэй давхцуулбал иргэд амралт зугаалганд явснаас үүдэн сонгуульдаа хойрго хандаж, саналын ирц хүрэхгүй байх эрсдэлтэй.
Энэтхэгийн сонгууль таван долоо хоног үргэлжилдэг
Энэтхэг саяхан дэлхийн хамгийн их хүн амтай улсаар тодорсон. Тийм дээ ч тус улсад сонгуулийн насны 900 орчим сая хүн байдаг гэнэ. Мөн дэлхий дээрх хамгийн олон сонгогчтой улс болжээ. Тэнд 2014 оны парламентийн сонгуулийн сурталчилгаа 9 хоног үргэлжилсэн. Уг сонгуулиар 513 гишүүн сонгогдсон бөгөөд дундаа завсарлага авсаар нийт 5 долоо хоног санал хураасан гэдэг.
Австралид сонгуулиа өгөөгүй бол торгуулна
Тус улсад 18-аас дээш насны иргэн бүр сонгуулиа завал өгөх ёстой. Сонгуульд оролцоогүй бол 20 орчим ам.доллараар торгодог ажээ. Уг торгуулийг төлөхгүй бол 150 доллар болон өсч хуулийн хариуцлага хүлээх эрсдэл бий. Тиймээс тус улсын сонгуулийн ирц 90 хувиас илүү байдаг аж.
Бразилд өсвөр насныхан сонгууль өгөх эрхтэй
Бразилд 1988 оноос хойш 16 нас хүрсэн бүх иргэдийнхээ сонгуульд оролцох эрхийг нээжээ. Тэднээс гадна Аргентин, Австри улсад мөн зөвшөөрдөг байна. Харин Индонези, Судан улсад 17 нас хүрсэн бол сонгууль өгөх насанд хүрсэн гэж тооцдог. Энэ нь 18 наснаас өмнө хариуцлагатай иргэн болсонд тооцдог цөөхөн тохиолдлуудын нэг юм. Харин бусад улсууд 18 наснаас эхлэн сонгууль өгүүлдэг.
Эстони улсад цахим санал хураалт үр дүнтэй
Тэртээ 2005 оноос эхлэн Эстоничууд цахимаар саналаа өгөх боломжтой болжээ. 2015 онд сонгууль өгөх насныхны 30 хувь нь цахимаар санал өгсөн гэх судалгаа бий.
Чилид 2012 он хүртэл эрэгтэй, эмэгтэй хүмүүс тусдаа санал өгдөг байв
Тэртээ 1930 оноос эхлэн Чилид эмэгтэйчүүд сонгуульд оролцох эрхтэй болсон ч хүйсээр ангилж, өөр байршлуудад саналаа өгдөг байжээ. Энэ шийдвэрийг эрх баригчид 2012 онд "санал өгөхдөө хүйсээр зааглагдах шаардлагагүй" гэж үзэн цуцалсан нь хүйсийн тэнцвэрт байдлын төлөөх чухал шийдвэр байсан.
Хойд Солонгосын сонгуулийн ирц хамгийн өндөр байдаг
Сонгох олон нэр дэвшигчид байхгүй, намаас дэвшүүлсэн нэг хүнд л саналаа өгдөг байна. 2015 оны сонгуулийн ирц 99.7 хувьтай байжээ.
Сансрын нисгэгчид сансрын станцаасаа сонгуульд оролцож болно
АНУ-д 1997 оноос хойш сансрын нисгэгчид Хьюстонд байрлах Сансрын төвөөс ирсэн сонгуулийн хуудсаар дамжуулж саналаа өгдөг болжээ. Ингэхдээ PDF файлыг бөглөж дэлхий рүү илгээнэ. Түүнийг нь тусгай кодоор тайлж уншсанаар саналыг нь бүртгэдэг гэнэ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)